А.Бакей гишүүний өрөөгөөр зочилъё

Д.Тулга / Улстөр

“Гишүүдийн өрөөгөөр зочилъё” булангийн энэ удаагийн зочноор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн А.Бакей оролцлоо. Тэрээр Төрийн ордны дөрөвдүгээр давхарын 418 тоотод суудаг юм.

Гишүүний өрөөгөөр зочилдог өдөр УИХ-ын чуулган хуралдаж таарсан учраас тэрээр чуулганы хуралдаан дундуур гарч ирж бидэнд өрөөгөө танилцуулсан юм. “Дараа нь уулзалттай болчихлоо” гэх яарангуй үгс нь бидэнд хандсаных байв. Учир нь УИХ-ын гишүүн тэр дундаа байнгын хорооны дарга нар хурлаас хурлын хооронд явдаг завгүй хүмүүс. Түүнээс гадна тойргийн иргэдтэй болон бусад асуудлуудаар уулзах хүмүүс мундахгүй олон байгааг хэлэв.

-МОНГОЛЧУУДЫН МОРЬ БУУЛАА ГЭДЭГ НЬ КАЗАК ТҮМНИЙ ХУВЬД ТЭМЭЭ БУУЛАА ГЭСЭН ҮГ ЮМ-

Түүний ажлын ширээ бичиг, цаасаар дүүрэн байна. Бүгд л уншиж, эргэцүүлэх, бичиж, янзлах бичиг баримтууд болохоор хураачихаж болохгүй юм гэв. Ширээнийхээ хоёр талд бичиг, цаасуудаа хувааж тавьжээ. Нэг нь төрийн ажил болон байнгын хорооны ажилтай холбоотой бичиг баримтууд, нөгөө нь тойргийн иргэдээс ирүүлсэн санал, гомдол болон шийдвэрлэх төслүүдээ тавьдаг аж. Тухайлбал, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх төсөл болон судалгааны ажлуудыг тавьжээ. А.Бакей гишүүн “Цаг алдахгүй шийдвэрлэх, мартахгүйн тулд нүдэнд ойрхон тавьж байгаа. Нутаг руугаа нэг яваад ирэхдээ иргэдийн гомдол санал гээд цүнх дүүрэн материалтай ирдэг” гэв. Иргэдийн санал, гомдлыг туслах, зөвлөх рүүгээ шилжүүлээд, шийдвэрлэх боломжтойг шийдвэрлээд хариуг нь хүргүүлдэг байна. Мөн шагай хэлбэртэй сувинер ширээн дээрээ тавьжээ. “Морь буух болтугай” гэсэн ерөөлийн үгтэй сувинер түүнд бэлгэнд иржээ. Тэрээр “Монголчууд энэ талыг нь тэмээ гэдэг. Казакаар энэ талыг морь, нөгөө талыг нь тэмээ” гэдэг хэмээн тайлбарлав. Нэг ёсондоо монголчуудын морь буулаа гэдэг нь казак түмний хувьд тэмээ буусан гэсэн үг юм байна.

-ГЭРТЭЭ ӨЛГӨХ ГЭХЭЭР МУЗЕЙ БОЛЧИХ ГЭЭД...-

Ширээнийхээ ард Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, арын хананд нь өөрт дурсгалтай зүйлүүдээ өлгөсөн гэв. Гэртээ өлгөх гэхээр музей болчих гээд байна гэж хүмүүс ярьдаг. Заримыг нь өлгөөгүй, хадгалчихсан байгаа гэлээ.

А.Бакей гишүүн их, дээд сургуульд багшилж байх үедээ хэд, хэдэн сурах бичиг эрхлэн гаргажээ. Тухайлбал, түүний бичсэн Эдийн засгийн ухаан, Микро эдийн засаг, Хөдөө аж ахуйн эдийн засаг зэрэг сурах бичгүүдийг одоо ч оюутан, залуус ашигласаар байгаа билээ. Тиймдээ ч бүтээж туурвисан номын зохиогчийнхоо эрхийн гэрчилгээнүүдийг ханандаа өлгөжээ. Мөн зарим батламж, гэрчилгээгээ тавьсан байлаа.

-ХҮНИЙ НАС АХИХ ТУСАМ ЦАРАЙ ЗҮС ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ-

2012 оны сонгуулиар тойрогтоо ялалт байгуулаад ирэхэд нь Сонгуулийн Ерөнхий хорооныхон түүнд ийм нэгэн дурсгалын зүйл гардуулжээ. Сонгуулийн санал өгөх хуудас дээр түүний нэр яаж бичигдсэн байгаагаар хэвлээд, жаазанд хийж дурсгал болгож байжээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний үнэмлэх болон зургуудыг нь харьцуулсан өвөрмөц бэлгийг өгчээ. Тэрээр “Хүний нас ахих тусмаа царай зүс өөрчлөгдөж байдаг. 1985 онд залуу байх үед БНМАУ-ын иргэний паспорт ийм байсан. 2000 онд арай оворжуу царайтай болсон байна. 2007 онд улаан паспорт ийм байсан. Тэр үеийн зургуудыг харьцуулаад хийсэн байх жишээтэй” хэмээн тайлбарлав.

Түүнчлэн Эдийн засгийн сэтгүүлд түүний бичсэн өгүүллүүд тэргүүн байр эзэлсэн байна. Мөн “Эдийн засгийн ухаан” гэдэг сурах бичиг нь Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хамгийн олон уншигчтай сурах бичгээр шалгарч байжээ.

-КАЗАК ТҮМНИЙГ БҮРГЭДГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ-

Баруун гар талын хананд төрсөн нутаг болон Алтай таван богдын залгаа уул Их түргэний уулын зургийг байршуулжээ. “Монгол Улсын баруун хязгаар нутагт орших энэ газар Монголын швейцарь гэж хэлж болохоор байгалийн сайхан бүрдсэн нутаг” хэмээн магтав. Тэрээр “УИХ-ын даргатай уржнан Швейцарь явахдаа Альпийн нурууны Ямаат уулын зургийг авчирч өлгөсөн. Уулын өндөр сүрлэгийг харахад сэтгэл сэргэдэг учраас уулуудын зураг тавьсан байгаа” гэв.

Баян-Өлгий аймаг, казак түмнийг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас бүргэд болон бүргэдчидийн зургийг өлгөсөн байв. Найз нөхдийн бэлэглэсэн бүргэдийн сувинер олон байгаа гэлээ.

Мөн ном цуглуулах болон унших дуртай. Түүний цуглуулгад эдийн засаг, түүхийн ном их байгаа гэв. Тэрээр ажлын өрөөн дэх номын шүүгээндээ хамгийн их ашигладаг, унших дуртай чухал номуудаа гарын ойр байршуулсан байгаа гэлээ.

“Өнөөдөр “Чонон сүлд” гэдэг номыг бэлгэнд авлаа. Д.Болдбаатар нар казак хэл дээр хөрвүүлэхээр бэлтгэж буй юм байна. Тэр талаар уулзалт хийсэн” хэмээн хуучиллаа.

Мөн хаалганыхаа хажууд Баян-Өлгий аймгийн газрын зургийг байршуулж, нөгөө талд нь ажлын төлөвлөгөө болон хурлын талаар бичдэг самбар тавьжээ. А.Бакей гишүүний өрөөнд ажлын ширээнээс гадна хурал зохион байгуулах том ширээ болон сандлууд байна. Мөн амарч суух буйдан болон жижиг хөргөгч тавьжээ.

"Байнгын хорооны даргын өрөө бусад гишүүдийн өрөөнөөс арай том байдаг уу" гэхэд “Бусад гишүүдийн өрөөнөөс арай том байдаг. Гэхдээ найман хүн суух хэмжээний ширээ сандал тавиад илүү гарах зай алга. Заримдаа Төрийн ордны өрөө хүрэлцээ муу байдаг учраас ажлын хэсгийн хуралдааныг заримдаа өрөөндөө хийх үе гардаг. Ерөнхийдөө багтаамж муутай” гэв. Харин үүдний жижиг өрөөнд гишүүний туслах болон зөвлөх, байнгын хорооны даргын туслах суудаг юм байна.

-ЧӨЛӨӨТ ЦАГААРАА УУЛАНД АЛХДАГ-

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей чөлөөт цагаараа ууланд алхдаг гэв. Долоо хоногт ядаж нэг удаа агаарт алхаж алжаалаа тайлбал тухайн долоо хоногийн ажлын ачааллыг давдаг гэлээ. Алхахдаа нэг талаараа хийх ажлаа төлөвлөж, ажлаа дүгнэж бясалгадаг байна.

Ж.ГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.