Ц.Ухаанзаяа: Аав, ээж минь “Чи чадна” гэж их урам өгдөг

Д.Тулга / Боловсрол

Монгол Улсын шилдэг хүмүүнлэг хүүхэд Цэрэндондовын Ухаанзаяатай ярилцлаа.

-БИ ГУРВАН НАСТАЙДАА ДУУЛЖ СУРСАН-

-Дуулж, бүжиглэж, хөгжимддөг авьяаслаг охинтой уулзаж ярилцах таатай байна. Миний дүү хэдэн наснаасаа эхлэн дуулж, бүжиглэсэн бэ. Хоёулаа эндээс ярилцлагаа эхэлье?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гурван настайгаасаа Солонгоо багштайгаа дуулж сурсан. Дөрвөн наснаасаа нугарч байгаад хэцүү санагдаад түр орхисон. Найман настайгаасаа тууштай хичээллэсэн. 11 настайдаа бүжиглэж сураад, 13 наснаасаа хулсан хуур тоглож сурсан. Манай ээжийн талынхан бүгд хулсан хуур тоглодог.

-Урлагийн ямар ямар амжилт гаргаж байв?

-Дөрвөн настайдаа “Алтан цом” хүүхдийн урлагийн их наадамд оролцож, Хөх хот руу аялан тоглолтоор явж байсан. 2013 онд “Алтан цом” наадмын таван төрлийн дөрвөн төрөлд нь орж Алтан цом авсан. Мөн 2013 онд Хэнтий аймгийн шилдэг хүүхдээр тодорсон. Энэ цагийн эгэл баатар, Монгол Улсын шилдэг хүмүүнлэг хүүхдээр тодорсон. Сурагчдын холбооны тэргүүний сурагч, Хүүхдийн ордны “Эрдэм” алтан медальтай.

-“Энэ цагийн эгэл баатар” шагнал хүртэх гоё байсан уу?

-Маш их догдолж байсан. Хүмүүнлэгийн ажил хийгээд ийм том шагнал авсан учраас түүнийгээ үргэлжлүүлэхээр шийдсэн. Саяхан Төв, Говь-Алтай аймгуудад тоглолт хийсэн. Төв аймаг манай аавын нутаг, Говь-Алтай манай ээжийн нутаг.

-Анх яагаад хандивын тоглолт хийе гэсэн бодол төрсөн юм бэ?

-Гэр бүлинхэнтэйгээ ярилцаад тоглолтоо хийе гэж шийдсэн. Дуулж, нугарч, хулсан хуураа тоглоод тайлан тоглолт хийхээр болсон. 2013 онд анхны тайлан тоглолтоо хийж байсан. Тавдугаар сарын 6-нд Амгаланд байдаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд асрамжийн төвд очиж хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан. Асрамжийн газрын, саажилттай, эцэг эхгүй хүүхдүүдийг харахаар сэтгэл их эмзэглэдэг. Тиймээс хүүхдүүдийг баярлуулъя гэж бодоод, нэг өдрийг хамт тоглож өнгөрүүлсэн. Энэ хүмүүнлэгийн ажлыг Шатрын дэлхийн их мастер Энхтуул эгчтэй хамтарч хийж байсан.

-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ? Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Дээрээсээ хоёр дахь нь. Доороо хоёр дүүтэй, дээрээ нэг ахтай. Миний доод талын дүү таван настай, бэлтгэлд. Бага дүү маань хоёр настай.

-ТОГЛОЛТЫН ОРЛОГО 3.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТӨРӨХ ТАСГИЙН 16 ПУРШТЭЙ ОРЫГ
МОДОН ОРООР ШИНЭЧИЛСЭН-

-Аав, ээж хоёр нь дуулдаг уу?

-Их гоё дуулдаг. Ээж, аав хоёрынхоо дуулдаг авьяасыг өвлөж авсандаа баярладаг.

-Охиноо их дэмжиж тусладаг байх. Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай гэр Улаанбаатар хотод байсан. Аав маань нисэхэд ажиллаж байгаад, Хэнтий аймгийн Нисэх буудлын даргаар томилогдоод, 2012 онд шилжиж очсон. Ээж минь Улаанбаатар хотын Стратеги судалгааны хүрээлэнд ажилладаг байсан. Одоо Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байгаа.

-Нийт хичнээн удаа хандивын тоглолт хийв?

-Дөрвөн тоглолт хийсэн. Анхны тоглолтоо 2013 онд Улаанбаатар хотод, хоёр дахь тоглолтоо 2014 онд Хэнтий аймагт, 2015 онд Төв, Говь-Алтай аймагт хийсэн.

-Өнгөрсөн онд хандивын тоглолт хийж олсон орлогоороо төрөх тасагт ор авч бэлэглэсэн. Хичнээн төгрөгөөр хэдэн ор авсан бэ?

-Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт байсан пурштэй 16 орыг 3.5 сая төгрөгөөр, модон ороор шинэчилсэн. Мөн Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төвийн хүүхдийн тасагт хүүхдийн тоглоом, саажилттай хүүхдүүдэд зориулсан түрдэг тэргэнцэр авч бэлэглэсэн.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Маш их баярлаж байсан. Ороо хүлээлгэж өгөхдөө тууз хайчилж, нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан. Найзууд маань фейсбүүкээр баяр хүргэсэн.

-Ухаанзаяа гэдэг нэр их содон сонсогддог. Энэ нэрийг хэн өгсөн юм бэ?

-Аавын маань багш лам өгсөн.

-Юугаар бахархдаг вэ?

-Надад туслаж дэмждэг аав, ээж, багш нараараа их бахархаж, маш их баярлаж явдаг.

-Аав, ээж нь юу гэж сургаж хүмүүжүүлдэг вэ?

-Даруухан, маш хичээнгүй байхыг сургасан. Юмыг тууштай сайн хий, шударга бай гэж сургадаг.

-ОРОС ХҮҮХДҮҮД ИХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-

-Нугарах хэцүү юү?

-Анх их хэцүү байсан. Аав, ээж минь “Чи чадна” гэж их урам өгдөг. Нугараад эрүүн дээрээ гарахад эрүү цоорно. Тохойгоороо тулахад тохой их өвдөнө. Шүдэн дээрээ бүх жингээ авчихдаг болохоор зуулт хийнгүүт ам урагдах тохиолдол ч гардаг. Уран нугалт маш их хүч, олон жилийн хөдөлмөр шаарддаг.

-Хулсан хуур тоглох гоё уу?

-Гоё. Анх тоглоход гар цэврүүтэж байсан. Одоо морин хуур тоглож сурахыг хичээж, зав чөлөөгөөрөө заалгаж байгаа.

-Зуны амралтаа хаана өнгөрүүлэв?

-Энэ жил долоон сард Улаан-Үд рүү тоглолтоор явна гэж ярьж байсан. Зургаан сард, хичээл тармагц бэлтгэлдээ гарч, өдөржингөө бэлтгэл хийсэн. Явах хойшлогдоод сая долдугаар сард бэлтгэлээ хийж, Буриадын нутгуудаар явж тоглолтоо хийгээд ирсэн. Хүмүүс маш гоё хүлээж авсан. Хэнтий аймгаар аялж, бас Баянбуурал гэж амралтын газар очиж амарсан. Хэнтийн аймгийн Дадал сум их гоё. Амралтаараа “Өнөр бүл” асрамжийн газар очсон. Тэндэхийн багш нар хүүхдүүдэд юм зааж өгөөч гээд. Тэгээд хүүхдүүдэд нугарахыг зааж өгсөн.

-Өмнө нь тоглолтоор гадны улс руу явж байсан уу?

-Хэнтий аймагт очоод Оросын Чита муж руу тэмцээнээр явсан. 2013 оны 10 сарын 31-нд буриадуудын дунд болдог “Гөрөөсхөн” тэмцээнд явсан. Уран нугаралтаар оролцож цомыг нь авчирсан. Надтай хамт явсан хүүхдүүд их биеэ барьсан байдалтай байсан. Орос хүүхдүүд бол их чөлөөтэй байдаг юм билээ. Би их олон найзтай болсон. Хилээр гараад наашлахдаа жижиг тосгонд очсон. Монгол гэр байхгүй болохоор нь их гайхсан. Цонхнууд нь модон, гадна талаасаа нээгдэж хаагддаг.

-Ухаанзаяа охиныг одоо хүмүүс таньдаг болсон байх аа?

-Харин тийм. Аав, бид хоёрыг ном уншуулах гээд явж байхад хүмүүс Ухаанзаяа гээд таньж байсан(инээв.сурв).

-Ямар дуунд дуртай вэ?

-Одоо “Зүүдэнд мөнхөрсөн аав” гэдэг дуугаа дуулах их дуртай. 2013 онд хотод тоглолтын бэлтгэл хийж байхад аав Хэнтийд байсан. Дуугаа давтахдаа аавыгаа санаад уйлж байсан.

-Аавын хайртай охин байх нь?

-Би жаахан байхдаа “Ааваасаа төрсөн” гэж их ярьдаг байсан.

-НУГАРАХ, ХООЛ ХИЙХ ИХ ДУРТАЙ-

-Тоглолтынх нь хувцсыг хэн урладаг вэ?

-Би дөрвөн настайдаа Хөх хот руу тоглолтоор явж байсан. Тэгэхэд миний хувцсыг “Сонио шигтгээ” гээд оёдлын цехийнхэн урлаж өгч байсан. Тэрнээс хойш миний хувцсыг оёж өгч байгаа.

-Хичээлийн шинэ жил эхлэх нь. Догдлож байна уу?

-Тийм ээ. Би түр хугацаагаар Хэнтий рүү шилжээд, энэ жилээс тавдугаар сургуульдаа буцаж орж байгаа. Ангийнхантайгаа уулзсан, хурдан ирээрэй гэсэн. Хөдөө болохоор бэлтгэл сургуулилтаа бас таслачих гээд байдаг. Хоёр хоног л бэлтгэлээ тасалчихвал бие өвддөг. Байнгын бэлтгэл хийдэг.

-Хотод сурч байгаад хөдөө очихоор ямар санагдсан бэ?

-Анх хөдөө гэхээр их сонин санагдаж байсан. Хүүхдүүдийн харьцаа нь бас их өөр санагдсан. Зарим нь жаахан хүмүүжилгүй, хараал хэлдэг.

-Олон найзтай болсон уу?

-Хөдөө очоод гимнастикийн дугуйланд явсан. Тэнд олон найзтай болсон.

-Сургалт нь сайн байна уу?

-Хотынхтой ойролцоо, гэхдээ бас хоцрогдолтой.

-Ухаанзаяагийн хобби юу вэ?

-Нугарах, хоол хийх их дуртай.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Багадаа эмч болно гэж мөрөөддөг байсан. Одоо авга эгч маань эмч болж байгаа. Өдөр шөнөгүй ажилладаг ч бага цалин авдаг, хүний амьтай холбоотой хэцүү ажил гэж эмээ маань ч хэлдэг. Гадаад хэлээр сурвал амжилт олно гэж боддог. Урлагаа бол хаяхгүй.

-Үеийн найзууддаа маш том үлгэр дууриал болж яваа дүүдээ сурлага, урлагийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Д.ЦЭРЭНДОНДОВ: ИТГЭЛ АЛДАХГҮЙ ДЭЭ, МИНИЙ ОХИН

Ухаанзаяа охины аавтай ярилцлаа.

-Та бидэнд охиныхоо талаар ярьж өгөхгүй юү?

-Миний охин аав ээж, эмээ өвөөгийнхөө сургаалийг сайн дагаж биелүүлдэг. Ээж нь нилээн их хөдөлмөрлүүлдэг. Нугаралтын дугуйланд сургаж, мөн дуу дуулуулна. Миний охин уран нугарна, дуулна, бүжиглэнэ, хулсан хуур тоглоно. Өөрөө оролдсоор байгаад энэ бүгдийг хийж чаддаг болсон. Чамлахааргүй амжилт гаргаж байгаа нь хичээнгүй хөдөлмөрлөдгийнх нь үр шим. Тийм учраас охиндоо итгэж явдаг. Итгэл алдахгүй дээ, миний охин.

-Айлын ганц охин эрх байхыг алийг тэр гэх вэ. Охин тань их хэрсүү юм?

-2004 онд Өвөрмонгол руу дөрвөн настайдаа тоглолтоор явсан. Тийшээ явсан хүүхдүүдийн хамгийн бага нь байсан. Дөрөвхөн настай хүүхэд явуулчихлаа гэж байсан. Багш нь дараа нь Ухаанзаяа шиг биеэ даасан хүүхэд алга байлаа гэж ярьсан. Өдөр цайны цагаар “Юу хийх вэ” гэж асууна. Өөртөө амар хоол хийчих ээ гэхээр заавал захиалга авч хоол хийнэ. Интернэтээс пицца хийх жор хараад, ийм ийм зүйл аваад ир гэж авчруулаад, нэг өдөр гэртээ пицца хийсэн.

-Хэнтий аймгийн удирдлагууд охины тань хүмүүнлэгийн үйлсийг хэр дэмжиж, туслалцаа үзүүлсэн бэ?

-Их дэмжсэн. Орон нутагт хийгдэж байгаа хүмүүнлэгийн ажил, хөрөнгө оруулалт учраас аймгийн Засаг дарга болон ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, цагдаа, нисэх гээд бүхий л салбарынхан дэмжсэн. Нэг өдөр гурван удаа тоглосон. Орон нутгийн гол дэмжлэг нь билет борлуулалтын асуудал байсан. Бүх байгууллага билет худалдаж авч маш том тусламж дэмжлэг үзүүлсэн. Охины маань тоглолт, хүмүүнлэгийн ажилд нь туслаж дэмжсэн найз нөхөд болон Төв, Хэнтий, Говь-Алтай аймгийн ЗДТГ, харъяа албан байгууллагуудад бүгдэд нь баярлаж явдгаа уламжилъя.

-ОХИН МИНЬ ХАНДИВЫН ТОГЛОЛТЫН НИЙТ 15 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОО
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТ ЗОРИУЛСАН-

-Охин тань дуулж байхдаа аавыгаа санаад уйлсан гэж ярьж байсан?

-Дөнгөж шинэ гарсан дуу. Өөр хүүхэд дуулах гэж байхад нь би дуулъя гэхээр нь багш нь дуулуулсан байсан. Дуулж байгаад гэнэт буруу хараад уйлсан гэсэн. Яасан гэтэл аавыгаа санаад гэсэн юм билээ. Тоглолт дээрээ дуугаа дуулаад, зритель рүү очиж аавдаа цэцэг өгөхөд их сайхан санагдсан.

-Таны охин хандивын тоглолтоо хийгээд нийт хичнээн төгрөг хүмүүнлэгийн үйлст зориулсан бэ?

-Хандивын тоглолтын орлого болох нийт 15 сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зориулсан. Энэ жил Төв аймагт юу хэрэгтэй байгаа талаар Эмнэлгийн дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нартай уулзаж ярилцаад, охиныхоо тоглолтын орлогоор нэг өрөөг нь Цахим бүртгэлийн өрөө болгон тохижуулж байгаа. Удахгүй нээлтээ хийх байх. Мөн Говь-Алтай аймагт очиж тоглосон. Газар хол учир тоглолтынхоо орлогыг баримжаалж үзээд, эмнэлгийн дотрын тасгийн нэг өрөөг зурагт, пейч, ор, сандал ширээ, шкафтай болгож бүгдийг нь шинэчилж, иж бүрэн тохижуулж өгсөн. Мөн 10 пурштэй орыг модон ороор сольж өгсөн. Эмээ нь тус эмнэлэгт насаараа ажилласан хүн. Говь-Алтай аймагт дээр үед хүүхдийн төлөө Нөхөрлөл зуслан гэж байсныг сэргээн засварлаж, хүүхдүүд амраах газар болгоход туслаж дэмжинэ үү гэсэн хүсэлт ирсний дагуу хандивын тоглолт хийж, орлогын 2.5 сая төгрөгийг хүүхдийн байгууллагад хандивласан.

-Хандивын тоглолт, хүмүүнлэгийн үйлс хийхэд хүндрэл бэрхшээл хэр их тулгарч байв?

-Хоёулаа төслийн байгууллагад ажилладаг болохоор тоглолт хийхэд бэлэн гаргаад өгөх мөнгө төгрөгийн хувьд хэцүү л дээ. Гэхдээ найз нөхөд, “Соёмбо принтинг”, “Аж капитал”, “Тэнүүн принтинг” зэрэг албан байгууллагууд их тусламж дэмждэг.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.