Жүжигчин Б.Цэцэг: Хүн хэзээ ч хоолоо хасч, өлсөж турдаггүй юм

Д.Тулга / Эрүүл мэнд

tsetsegБид энэ удаа хэдийнэ бүсгүйчүүдийн танил болсон, жүжигчин Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан цаг саяхан. Одоогоор энэ шагналыг Монгол улсаас цор ганц жүжигчин аваад байна. Мөн тэрээр “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” видео клипэд тоглож байсныг та бүхэн санаж байгаа байх.

Бид түүний цахим ертөнцөд ажиллуулдаг “Ээж болох бэлтгэл” хуудаснаа бэлтгэн хүргэдэг эрүүл хоололтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай зарим зөвлөгөө мэдээллийг авлаа. Тэрээр хүүхдээ төрүүлэх үедээ 128 кг болж жин нэмсэн ч эрүүл хоололтын ачаар нэг жилийн дотор 58 кг болтлоо жингээ хаясан гайхалтай үр дүн үзүүлсэн юм.

-ЭРҮҮЛ ХООЛЛОЛТООР ӨВЧНӨӨСӨӨ САЛЖ БОЛДОГ-

tsetseg-Сайн байна уу? Одоогоор та ямар ажил эрхэлж байна вэ?

-Би жирэмсний амралт авахаасаа өмнө төслийн менежер хийж байсан. Одоогоор миний жирэмсний амралт дуусаагүй байгаа ч энэ хугацаандаа зүгээр суухыг хүссэнгүй. “Ээж болох бэлтгэл” хуудсаа ажиллуулан, компани хувь хүмүүсийн PR хийж, төсөл бичиж байна.

-“Ээж болох бэлтгэл” хуудсаа та ямар зорилготой нээж байв даа?

-Энэ хуудсаараа дамжуулан маш олон хүнд эрүүл, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй амьдрах зам зааж өгөхийг хүссэн. Эрүүл хоолыг сонгож идсэнээр нэгдүгээрт эрүүлжих, дараа нь жин хасах боломжтой. Хүмүүст маш элбэг тохиолддог сахарын өвчин, бөөр, элэг цөс, нойр булчирхай гэх мэт өвчлөлөөсөө эрүүл хоололтоор дамжуулан салж болдог юм гэдгийг ойлгуулахыг хүссэн. Харин өвчлөлгүй хүмүүст нь эрүүл амьдралын хэв маягтай болох тухай, хэрхэн царай зүсээ сайхан байлгах, хэрхэн үсээ хугаралгүй арчилж, яаж бие эрхтэнээ тэгш сайхан байлгах талаар хэлэхийг хүссэн. Гол нь энэ бүхнийг ойлгуулах гэж хичээх үед эмэгтэйчүүдийн эмзэг асуудал турах, жин хаях дээр тулчихсан байгаа болохоор энэ талаас нь түлхүү харж ойлгоод байгаа. Би турах гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маягтай байвал таны амьдрал, маргааш нөгөөдрийн тань ирээдүй илүү сайн болох юм гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

-Тийм ээ, яах аргагүй эмэгтэйчүүдийн эмзэг асуудал жин хаях. Ер нь эмэгтэйчүүд жин хаяхдаа юуны өмнө хоолоо сойж эхэлдэг. Энэ нь зөв үү?

-Би эрүүл хоололтын тухай уулзалтууд зохиодог юм. Миний хүргэж байгаа мэдээллүүдийг ихэвчлэн илүүдэл жинтэй бүсгүйчүүд уншиж, судалдаг. Би тэдэнд илүүдэл жингээ хасах талаар зааж зөвлөж өгдөг. Учир нь би энэ бүхнийг өөрийн биеэр давж туулсан шүү дээ. Би 128 кг жингээс хавангаа буулгаад 113 кг, үүнээс өнөөдрийнхөө төвшинд 58 кг жинтэй болохын тулд бүхэл бүтэн нэг жилийг зарцуулсан. Яаж би эргээд хэвийн хэмжээндээ очих вэ? Яавал би нэг жин дээрээ удаан гацахгүй байх вэ? гэдгийг судалсан. Ингээд хүмүүсийн нүдэн дээр эрс өөрчлөгдөхөд илүүдэл жинтэй бүсгүйчүүд надаас яаж турсан бэ? гэж маш их асуух болсон. Тэгэхээр нь би ийм хоол ид, эрүүл хоол гэж ийм юм байдаг гээд ярьж өгөхөөр уулзалт зохион байгуулахаар нөгөө илүүдэл жинтэй хүмүүс маань ирэхгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралтай. Гэтэл энэ уулзалтад хамгийн түрүүнд ирээд суудал дээрээ суучихсан байдаг хүмүүс маань дандаа гуалиг, дэгжин ганган, сайхан бүсгүйчүүл байдаг. Энэ хүмүүс өөрийгөө илүү их хайрладаг байх нь байна шүү дээ. Тэгэхээр уулзалтад ирдэггүй хүмүүстээ зориулж би видео хийж “Алив над дээр ирээд уулздаггүй юмаа гэхэд миний видеог үзээд та эрүүл сайхан болох боломжтой, та итгэл төгс байх боломжтой, та ямар ч мөнгөөр эм худалдаж авахгүйгээр турах, эрүүлжих боломжтой” гэж хэлэхийг хүссэн.

-Жингээ хасч, эрүүлжихийг хүсч байгаа эмэгтэйчүүд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Хамгийн чухал зүйл бол тархиа цэгцэл. Тэр уулзалтад ирж чадахгүй, өөрийнхөө хувьд нэг алхам хийхгүй, фитнессийнхээ хувцасыг үүрээд фитнесс зорьж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүдүүн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр юуны өмнө өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, итгэлтэйгээр энэ алхамыг хийж чадах болтлоо тархиа бэлд. Тархиа бэлдсэн хүн хөргөгчөө онгойлгоод хэрэггүй зүйлээ гаргаж хаяад, хэрэгтэй зүйлээ худалдаж авах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тэгэхээр идэж уудаг муу зуршлаасаа татгалзаж чадна аа гэсэн үг. Хүн өөдөөс чинь хараад дуртай зүйлийг чинь идэж байвал үүнийг идмээр байна гэсэн шунал тань хөдлөхөө больчихно гэсэн үг. Яагаад гэвэл та тархиараа бэлтгэгдчихсэн учраас. Энэ л хамгийн түрүүнд хийх зүйл. Гэтэл хүмүүс одоо яг л илбийн юм шиг, ямар ч хичээл зүтгэлгүйгээр, доороо гурав эргээд л турчихна гэж боддог болж. Тийм юм хүсч байгаа бол та нөгөө л “хор”-оо идэх болчихоод байгаа юм. Хор гэдэг бол тураах бэлдмэл болох кофе, цайнууд юм. Тэгэхээр таны элэг цөс, нойр булчирхай, бөөр гэх мэт цул эрхтэнүүд өвчилнө, ингэснээр та илүү хурдан хөгширч, арьс шарлаж, хоол идэх дур хүсэлгүй болно. Хоол идэхгүй бол өөр хаанаас энергиэ авч, өөрийнхөө ажил хөдөлмөрийг эрч хүчтэй хийх вэ. Энэ бол буруу сонголтоос үүсч байгаа муу үр дагавар. Байнга аливаа юмыг амар хялбарханаар хийх гэж бүү оролд, өөрөө нэг удаа хичээгээд үз. Үнэндээ хүмүүс маш залхуу байна, хэтэрхий их бэлэн юм хүсдэг болж. Таргалахад ч бас цаг хугацаа их ордог шүү дээ, турахаас ч илүү. Гэтэл хүмүүс турахаас таргалах нь илүү хурдан гэж боддог, үгүй шүү дээ.

-ХҮН ЗААВАЛ ИДЭЖ, ЦАТГАЛАН МЭДРЭМЖТЭЙ БАЙЖ ТУРНА-

-Илүүдэл жинтэй бүсгүйчүүд байгаагаараа байхдаа сайхан харагддаг гэж өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл зөв хооллоод энгийн жиндээ очиж, галбиржаад ирэхийн цагт хувийн амьдралд ямар ямар боломжууд, ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

-Миний хувьд эрүүл хооллож эхэлснээр хүрээлэлд байгаа хүмүүс маань надаас үлгэр жишээ авч байна. Энэ нь би нөгөө хүмүүстээ сайнаар нөлөөлж чадаж байна гэсэн үг. Тэр хүмүүс эрүүл амьдрах хэв маягт хоол хүнс ямар чухал вэ гэдгийг ойлгоод эхэллээ. Яагаад гэвэл нүдэн дээр нь би яаж өөрчлөгдсөнийг тэд харж байсан. Мөн илүү их мөнгө үрдэгээ болино. Эрүүл хоолоход зарлага өндөртэй биш. Та 500, 600 мянган төгрөгийн үнэтэй цай, кофе, бүтээгдэхүүн авч хэрэглэлээ гэхэд хоёр гурван хоног гүйлгээд л гурав дахь хоногоос нь танд үйлчлэхээ болино. Учир нь энэ бол хүний биед механикаар үйлчилж байгаа хэрэг. Та жинхэнэ эрүүл хооллож чадвал эрүүл мэндээрээ хохирохгүй, эдийн засгаа хэмнэнэ. Гуравдугаарт, таны гоо сайхан шал өөр болно. Та урд нь иддэг байсан цуйван, бууз, банш, хуушуур, хуурсан, хайрсан, газтай ундаа, чипс, бохь, чихрээс авдаг байсан энергиэ зөв хүнснээс аваад ирэхээр илүү их эрч хүчтэй амьдарна. Тухайлбал, үс чинь хугараад байвал уургийн тэжээл, амин дэм, эрдэс бодис дутагдаж байгаа гэсэн үг. Гэтэл элдэв бүтээгдэхүүн хэрэглэхгүй зөв хооллох юм бол хугарахаа больчихно. Нүүр чинь нөсөө толбо гараад байдаг бол энэ чинь хооллохтой цэвэр холбоотой. Ялангуяа нүүрэн дээр гардаг батга, харшил бол хоололтой л холбоотой. Гурил, будаа маш их харшлын чанартай. Энэ мэтээр арьс чинь гоё болно, үс чинь гоё болно, та илүү залуу харагдана гэдгийг би 100% өөртөө итгэлтэйгээр хэлж чадна. Та битгий ай.

-Эрүүл хооллоод эдийн засгаа хэмнэнэ гэлээ. Яаж

-Би ямар нэгэн бүтээгдэхүүн санал болгож бизнес хийгээгүй. Бүх дэлгүүрт зардаг хүнсний ногоонууд, махыг хэрхэн зөв идэх вэ гэдгийг л заадаг. Ингээд заагаад өгөхөөр би тэр ч хоолыг хийж чадахгүй, ингэж ч чадахгүй гээд ахиад л асуудал үүсдэг. Гэтэл эмэгтэй хүн бүр л ногоог амсаад, мэдрээд үзчихсэн байгаа мөртлөө ресторанд хийдэг хоолыг яагаад хийж чадахгүй гэж. Би долоо хоногт ресторанд иддэг хоолныхоо 40 мянган төгрөгийг хэмнээд, тэр мөнгөөрөө зах ороод долоо хоногийн турш идэх хүнсний ногоонуудаа худалдаад авчихна шүү дээ. Ингээд авсан ногоогоо та өөрийнхөө хүссэнээр хольж хутгаж ид. Таашаалаараа ид. Тэгвэл та турна. Хэзээ ч хүн хоолоо хасч, өлсөж турдаггүй юм, хэзээ ч. Заавал идэж, заавал цатгалан мэдрэмжтэй байж турна. Хэрвээ та өлсөх мэдрэмжтэй байхад чинь өөдөөс чинь нэг хүн хараад дуртай хоолыг чинь идэж байвал, гэрт чинь хүн хоол хийгээд хүлээж байвал та шууд л буруу алхам хийж иддэг юм. Гэтэл өлсгөлөн мэдрэмжийг та эхний сарын хугацаанд мэдэрч болохгүй. Хоолноос хоолны хооронд бага зэрэг өлсөх нь маш сайн, турж байна гэсэн үг. Харин өлсгөлөн мэдрэмж их болвол та хоолныхоо орцыг өөрчилж эхэлнэ л гэсэн үг. тэр вэ?

-Дөч орчим наснаас хойш эмэгтэйчүүд одоо оройтсон гээд өөрийгөө хаях тохиол их байдаг. Та санал нийлэх үү?

-Бидний амьдарч байгаа орчин нөхцөл, нийгмийн амьдралаас болоод хүмүүс хэт хөгшрөлттэй харагддаг. Ялангуяа 40 орчим насны эмэгтэйчүүд хэвлий хэсгээрээ маш их таргалалттай, дотоод эрхтэн нь өөхлөлттэй, цүдгэр байдаг. Энэ бас л хоололттой холбоотой. Гэтэл 40 настай мөртлөө 20 настай юм шиг харагдах боломж байна. Тэр хүмүүс турахад хэзээ ч оройтно гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь чи өөрийгөө хэзээ бэлэн болгох вэ гэдэг л чухал. Алхам хийхээс айж байна гэдэг улам л цаг хугацаа алдаж байна л гэсэн үг. Бүдүүн, тарган байгаад 20, 30 жил болсон ч хамаагүй, оройтоогүй байна. 1 хувийн хөдөлмөр, 99 хувийн хоололт гэдгийг хэзээ ч битгий март. Хоол биш хор болох бүтээгдэхүүнээр турах гэж өөрийгөө битгий зовоо. Жин хасчихаад эргээд эдийн засгийн асуудалтай тулгараад, өмнө нь хэрэглэж байсан бүтээгдэхүүнээ худалдаж авч чадахгүй бол та өмнөхөөсөө хоёр дахин их таргална гэдгийг амлая. Ус сайн ууж, сармис их идээрэй.

-Эрүүл хоолоо идэж байвал орой ч байсан хамаагүй хооллож болно гэсэн үг үү?

-Хаях жингээсээ шалтгаалаад хэзээ ямар хоол идэх вэ гэдэг цагийн төлөвлөгөө гаргадаг. Хэрвээ их жингээс бууя гэж бодож байвал өдөрт хэдэн кило калори шатаах ёстойг тооцоолж хэлж өгнө. Хэт хурдан хугацаанд их жин хаях биш, аажмаар, багаар, эрүүлээр, булчингийн массыг нэмэгдүүлснээр турах ёстой. Ингэх нь бусад эд эрхтэнүүдэд ч сөргөөр нөлөөлөхгүй. Тэгэхээр орой идэх үгүйг тухайн хүний жингээс шалтгаална. Аливаа юманд хэм хэмжээ хэрэгтэй шүү дээ. Жимс идэхэд хүртэл тэнд сахар агуулагддаг гэдгийг мэдэж идэх хэрэгтэй. Алмонд гээд маш сайн чанарын өөх тостой самрыг 3-5 граммыг л идэхэд өдөрт авах ёстой өөх тосныхоо хэмжээг авдаг. Гэтэл хүмүүс уутаар нь, аягаар нь тавьж байгаад иддэг. Хэдий өөх тосгүй ч гэсэн илүү л идэх юм бол танд харвин болж очно гэдгийг битгий мартаарай. Давсныхаа хэрэглээг ч гэсэн тохируулах хэрэгтэй, битгий атга атгаар нь хийгээрэй.

Та бүхэн Б.Цэцэгийн “Ээж болох бэлтгэл” пэйж хуудсанд нэгдэж, түүний өдөр тутмын зөвлөгөө мэдээллийг сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА УУ

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.