Чөлөөтийнхөн Олимпын хороонд хандлаа

Д.Тулга / Спорт

choloot

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хорооныхон Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд албан бичиг илгээж, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, дэмжиж ажиллахыг хүслээ.

Тус албан бичигт:

“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-ООС МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЗАГДСҮРЭН ТАНАА

2015 оны 5 дугаар сарын 18 өдөр Улаанбаатар хот

Хариуцлага тооцуулах тухай

Олимпийн төрлийн спортын ууган холбоодын нэг Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны удирдлагуудын мэдлэг чадваргүй, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж “РИО-2016” Олимпийн наадамд бэлтгэж байгаа чөлөөт бөхийн эрэгтэй багийн тамирчид, дасгалжуулагчид АНЭУ-ын хил дээр “хуурамч виз”-ний ноцтой хэрэгт холбогдон 40 шахам цаг саатуулагдан хоригдож, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд мөнгө, эрх чөлөөгөөр хохирч, олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд сэвтэж, Монголын ард түмнийг бухимдахад хүргээд байна.

“РИО-2016” Олимпийн эрх олгох ДАШТ-ээс өмнө зайлшгүй оролцох ёстой байсан энэхүү ААШТ-д 74 кг, 97 кг, 125 кг-ын жингийн бөхчүүд оролцож чадахааргүй болсны улмаас дээрх жингүүдэд дасгалжуулагч нар барилдаж олон орны бөхчүүд дасгалжуулагчдын өмнө хүнд байдалд орсон ноцтой үйл явдал боллоо.

Гэвч МЧБХ-ны одоогийн удирдлагуудын хувьд ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа дутагдал гаргаж байгаа энэ удаагийн явдал анхны тохиолдол биш юм. МУ-ын хууль, МҮОХ-ны дүрэм, МЧБХ-ны дүрэм зэргийг удаа дараа зөрчиж, сургалт, дасгалжуулалтыг хэвийн явуулж, шударгаар өрсөлдөх боломжийг алдагдуулан, тамирчид, дасгалжуулагчдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлж, дарамтлах явдал хэрээс хэтэрч байна.

Тухайлбал: Монгол Улсынхаа нэрийг дэлхийд мандуулж, төр, ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн тамирчдынхаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орон ард түмэндээ авчирсан амжилт, медалийг хээл хахуулиар авч өгсөн хэмээн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн “тайлан”-ийн албан ёсны хурал дээр хийсэн Д.Давгадоржийн ичгүүргүй, дэндүү хариуцлагагүй мэдэгдэл тамирчид, дасгалжуулагчид биднийг тэсвэрлэж чадахааргүй байдалд хүргэлээ.

Үүссэн нөхцөл байдал ОУОХ-ны “Олимпийн Харти”-ийн үндсэн зарчим болох “шударгаар өрсөлдөх”, I бүлгийн хоёрын 4, 5, IV бүлгийн 31-ийн 2.5 зэрэг заалтуудыг зөрчин Олимпийн үзэл санааг уландаа гишгэсэн үйлдэл болж байна. Түүнчлэн МЧБХ-ны 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Их хурлаар баталсан дүрмийн 2.2-т заасан “4 жилд 1 удаа, Олимпийн наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж Их хурлыг хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, Их хурлыг хуралдуулахгүйгээр Д.Дагвадорж МЧБХ-ны ерөнхийлөгч болсон, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МЧБХ-ны дүрмийг дур мэдэн өөрчилж, Их хурлын шийдвэргүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэн чөлөөт бөхийн үе үеийн олон мянган тамирчид дасгалжуулагчид шүүгчид зүтгэлтнүүдийг басамжилан дормжилж байна.

Иймээс МҮОХ-ны гишүүн байгууллага болох Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудад хариуцлага тооцож, Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагаанд зохих дүрэм журмынхаа дагуу дэмжлэг үзүүлж ажиллана уу.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ
ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРООНЫ ГИШҮҮД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.