Д.Ганбат: Ял эдэлж байгаа хүмүүс ирэх долоо хоногт суллагдан, гэртээ харина

Д.Тулга / Хууль

ganbat

Өнгөрсөн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан билээ. Хүлээлтийн байдалтай байсан энэ хууль эцэслэн батлагдсанаар хичнээн хүн суллагдах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа. Тэрээр Өршөөл үзүүлэх комиссын ахлагчаар ажиллаж байгаа юм. Өчигдөр тус комисс хуралджээ.

-Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ял эдэлж байгаа хичнээн хүн суллагдах тооцоо байна вэ. Өмнө нь 1700 орчим хүн суллагдана гэсэн тооцоо байсан. Хууль эцэслэн батлагдсанаар тоо нь нэмэгдсэн үү?

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д, бусдын бие махбодид санаатай хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, танхайрах гэсэн Эрүүгийн хуулийн гурван зүйл ангийг нэмсэн. Мөн 9.1.3-т, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хээл хахууль авах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэсэн зургаан зүйл ангийг нэмж өршөөхгүй байхаар шийд гарсан. Өмнө ял эдэлж байгаа 1500-1600 хүн суллагдана гэж байсан бол өчигдөр эцэслэн батлагдсан хуулиар 2500 орчим хоригдол суллагдахаар байна.

ganbat-Ял эдэлж байгаа хүмүүс хэзээ суллагдах вэ. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлж байгаа. Ар гэрийнхэн, эсвэл хоригдож байгаа хүмүүс өнөөдрөөс эхлээд л суллана гэсэн хүлээлттэй байх шиг байна?

-Өнөөдөр /өчигдөр/ Өршөөл үзүүлэх ажлын хэсгийн комисс хуралдсан. Ирэх долоо хоногт хууль хэрэгжээд ял эдэлж байгаа хүмүүс суллагдан гэртээ харина. Хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэсэн.

-Хуулийн хэрэгжилтэд улсын төсвөөс хичнээн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс 130 сая төгрөг шийдүүлсэн байгаа.

-2500 орчим хүн суллагдана гэж байна. Эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр төрөөс ямар нэгэн бодлого баримтлах уу. Өвлийн улирлаас урьтаад хүмүүсээ суллах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байсан ч цаг хугацааны хувьд оройтчих шиг боллоо?

-Аймаг, сум дүүрэгт Хөдөлмөрийн хэлтэс гэж бий. Тухайлбал, Улаанбаатар хотод нийгмийн асуудал хариуцсан орлогч гэж байгаа. Энэ хүн өнөөдөр комиссын хуралд бас л суусангүй. Монгол Улсын төр алдаж, эндсэн иргэдээ өршөөж боломж олгож байгаа хэрэг. Энэ иргэд нийгэмших ёстой. Орон гэргүй хүмүүс бас байна. Өршөөгдөн суллагдаж байгаа иргэдийн 300 орчим хүний гэр орон, очих газар тодорхойгүй байна. Үүнийг төр захиргааны байгууллага хүлээж аваад, хороо хоринтойгоо ярилцаад хүмүүсээ нийгэмшүүлнэ. Түүнээс биш төрөөс суллагдаж байгаа бүх хүнийг ажлын байраар хангана гэсэн зүйл байхгүй.

-Хоёр жилээр ялаа хасуулж байгаа хэдэн иргэн байгаа вэ. Тодорхой тоо хэлэх боломжтой юу?

-Ерөнхийлөгч дөрвөн зүйл заалтаас хоёр жилийг нь хасаач гэсэн санал оруулж ирсэн. Ажлын хэсэг энэ зүйл заалтыг оруулалгүйгээр ороод ирсэн байсан. Ингээд Хуульзүйн байнгын хороон дээр миний бие дөрвөн зүйл ангиас хоёр жилийг нь хасах нь зүйтэй гэсэн санал дэмжигдээд, хээл хахууль авахтайгаа нийлээд хууль болж ирээд өчигдөр дэмжигдлээ. Урьдчилсан тоо бий. Гэхдээ нарийвчилсан тоо хэлдэггүй. Манай улсад 7000 орчим хүн ял эдэлж, 1000 орчим хүн урьдчилан хорих төвд байна. 2000-3000 хүний хэрэг хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Эдгээр хүмүүсийн 50-60 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдана гэсэн үг.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулж Өршөөлийн хууль баталж байна гэх хардлага нийгэмд байсан. Эцсийн байдлаар батлагдсан хууль түүний хэрэгтэй хэрхэн яаж холбогдож байгаа вэ?

-Мэдэхгүй байна. Хуулийг хэлэлцэж байхад МАН хоёр удаа найман хоног, "Шударга ёс" эвсэл хоёр удаа 13 хоног завсарлага авсан бол АН нэг ч удаа завсарлага аваагүй. Тэгэхээр хэн нь энэ хуулийг батлахын төлөө байсан нь тодорхой гэж бодож байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.