"Завхан"-ы БАТСҮХИЙНХ

Д.Тулга / Боловсрол

batsuh

“Завхан”-ы С.Батсүх гавьяатынд өнжихөөр утас цохилоо. Hi tone-оор өөрийнхөө дуулдаг “Хайрлаарай” дууг сонгожээ. Зорилгоо хэлтэл “За хө найр, хуримын урилга заллагатай өнөөдөржин завгүй байх болов уу. Чи юу ч гэсэн хүрээд ирэх үү” гэж уриалгахан зөвшөөрөв. Гавьяатынх Гандангийн хойд талын өндөр дэнж дээр сүндэрлэх “Очир” хотхоны гурван өрөө сууцанд амьдардаг юм байна. Бид Батсүх дуучинтай хагас цаг хууч хөөрөх “виз”-тэй. Хурим, найрын ёслол дууссаны дараа дахин уулзах тохироотойгоор яриа хөөрөөгөө эхэллээ. Гэрийн эзэгтэйг кофе чанах зуур нутаг ус, удам судрыг нь сонирхов. Дуучны төрсөн сум нь Завханы Алдархаан гэдгийг уншигчид андахгүй байх. Батсүх дуучин ханийнхаа бэлдэж өгсөн байхууг оочлонгоо “Явуухулан найрагчийн аав Бэгз гуайн өвөлжөөний урд аманд өссөн хүн дээ, би. Донойн хөндийн хажуугийн тэр ууланд Явуухулан, Ванган, Дорж генерал, жүжигчин Бадамгарав гээд олон алдартан төрсөн. Тэр нутагт их учир байх шиг санагддаг” гэж хуучлав. Удамд нь урлагийн хүн байхгүй ч ээж нь их гоё дуулдаг хүн байж. Гавьяат аав, ээжээс наймуулаа гэнэ. Ер нь ах, дүүгээрээ л дуулж хуурддаг улс юм байна. Ертөнцийг үзэх үзлээ Дэндэр гэж үлгэрч эмээгээс авснаа ярилаа. Олон айл дамжиж амьдарсан тэр эмээгийн үдэш бүр ярьж өгдөг байсан үлгэрүүдийг “Өнөөгийнхөөр жишвэл аймшгийн кино ч юм шиг, уянгын драм ч юм шиг элдэв өнгийн мэдрэмж төрнө” гэж зүйрлэснээ “Тэндээс л би мөрөөдөх чанараа олсон байх. Үлгэрээ сонсчихоод зүүдэндээ умбана даа, харин ч нэг. Бага ангид байхдаа концерт үзсэн юм. Тэр үед Зангад гуайн дууг сонсчихоод яг ийм хүн болохсон гэж мөрөөддөг болов оо. Би их сонин хүүхэд байсан. Ганцаараа байх дуртай. Хонинд явахдаа хүртэл ганцаараа явна. Тэгээд хадат цохион дээр хонинуудынхаа өмнө гарч зогсоод дуулна. Дараа нь өнөө гоё хүн шиг ёсолно. Зангад гуай болж байгаа нь тэр. Завханы театрт тохиолдлоор орж хоёр жил ажиллачихаад барилгын техникумд явдаг юм билүү гэсэн бодлоосоо ухрахад хүрсэн шалтгаан нь мөн л энэ мөрөөдөмтгий чанар маань. Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу гуайн “Москва, Ленинград хоёр чинь миний хотон дотор байсан юм байна” гэсэн ярилцлагыг сониноос уншаад бодлоо өөрчилчихсөн. Намхайнямбуу гуай хонио хариулж явахдаа их том мөрөөддөг хүн байсныг уншаад яг надтай адилхан санагдсан” гээд яриагаа үргэлжлүүлэв. Ингээд л театртаа үлдэж олонд танигдах эхлэлээ тавьсан гэнэ. Лутбаяр, Жамъян, Цэвээнравдан, Бавуудоржтойгоо нийлж байгаад дуугаар “өвчилсөн” түүх нь эндээс эхлэлтэй аж.

batsuh

Завханы театрынхан гэж хэсэг нөхөд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуун Отгонтэнгэр”, “Хань минь”, “Дуут нуур”, “Аав уул”, “Бадар хундага”-ыг зохиож, тэр дуунууд нь Монгол даяар дуулагдаад эхэлж. Батсүх гавьяат л гэхэд “Тэс мөрөн ээж”, “Дорнын намуухан Отгонтэнгэр”, Долоовор хуруундаа зүүний сорвитой гэж ирээд эхэлдэг “Хань минь” гээд нэлээд дуунд ая хийснийг уншигчид андахгүй. Гавьяат тэр үеэ “Бидний таван үгний дөрөв нь дууны тухай байсан шүү. Хийж байгаа дуунуудаа хэнд зориулаад хаана хүргэх нь тодорхой биш. Тэгсэн хэрнээ л дуугаараа амьдарсан сайхан он жилүүд” гэж дурсав. Байсхийгээд Лутбаярыгаа ярих юм. “Манай Лутбаяр чинь Сүхбаатарынх. Завханы хүргэн болоод манай аймагт ирсэн юм. Дулаахан энергитэй хөөрхөн шар залуу ирж байлаа. Хүн татдаг сайхан энергитэй улс байдаг даа. Яг л тийм хүн. Тал нутгийн залуу Завханд анх ирээд Завханы тухай олон дуу хийсэн дээ. Завхан олон яруу найрагчтай. Гэхдээ дууны шүлэг рүү хошуураагүй байсан юм. Өдөөгч нь яах аргагүй Лутбаяр. “Аав уул” нь их гоё. Ургуулан ургуулан бодоход минь уул шиг нөмөртэй аав минь ээ, Нутгийн тахилгатай овоодын нуруутай жаахан Зотол минь, Торниж өсөөд хүү чинь тос даасан бор уул болно оо, Тал талдаа толгод ургуулсан тан шигээ нөмөртэй уул болно оо гээд уншихаар их сайхан. Лутбаяр зүрхнээс гарснаа шууд бичдэг. Гоё үг хайж бичдэггүй, тийм салхитай яруу найрагч. Бидний дундаас гавьяат аваагүй ганц нь Лутбаяр маань” гэж гунигтай өнгөөр дуугарав.

batsuh

Биднийг ид ярилцаж суутал гэрийн эзэгтэй “Цаг боллоо. Хувцсаа өмсөх үү” гэсээр орж ирэв. Гавьяат ханьтайгаа цагаан дээлээр ижилсэхээр болжээ. Гэрийн эзэгтэй нөхрийнхөө дээлийг нь өмсүүлж, үсийг нь засч бүх л зүйлийг нь нямбай гэгчийн бэлдэж өгөх юм. Гавьяат “Би чинь Пагмагүй бол хэцүүдэх хүн байгаа юм. Тоглолтын өмнө миний бүх л юмыг бэлдэнэ шүү дээ. Би гарч дуулах л үүрэгтэй. Нэг удаа Бөхийн өргөөнд тоглолттой болоод ганцаараа явахаар болов оо. Тэгсэн чинь хоёр өөр гуталтай очиж паакталсан” гэж хэлээд хөгжилтэй инээхэд гэрийн эзэгтэй санаа зовсон бололтой “Гэрэл бүдгэрүүлээд харагдуулаагүй биз дээ” гэж байна. Нөхөр нь жуумалзсанаа “Тайзан дээр гараад ирсэн чинь гэрэл бүдгэрээд явчихсан тал ч бий шүү” гээд дотно харцаар ханиа ширтэнэ. Эзэгтэй нөхөртөө малгайг нь өмсгөнгөө “Ядаж байхад хүмүүсийн урдуур хэчнээн ч явдаг юм, шалавхан ороосой гэж яс хавталзаад сууж чадахгүй нэлээд юм болсоон” гэж инээмсэглэн хэлээд өөрийгөө бэлдэхээр цааш эргэв. Дээрээ очиртой, орой дээрээ мөнгөлж алтадсан хээтэй, урдаа соль түлхүүртэй, ур гаргасан нь илт чамин малгай юм. Бадар хундага руу явахдаа захиалж хийлгэжээ. Гэрийн эзэн “Цаг ч дөхөж байна л даа. Гэхдээ сая нутаг явснаа нэг ярьчихъя. Өвөлжөөндөө буусан үед гэрээсээ гарахаар Отгонтэнгэр харагддаг байлаа. Аав надад “Хүү минь тэр хайрханы тал дунд тавь гарч байж очоорой. Үүнээс наана бэлээр нь амьдраад явах ёстой шүү” гэж захьсан юм. Би тавь гараад Даянгийн орой дээр гарсан. Хэдхэн хоногийн өмнө Бадар хундага дээр очоод ирлээ. Бадар хундага гэж дуулаад байснаас биш очиж үзээгүй. Очих тэр үед танил хүнтэйгээ уулзсан юм шиг нэг тийм дотно мэдрэмж төрсөн” гэж хуучлаад дараагийн ажилдаа яарав.

batsuh

Оройхон товлосон цагтаа гавьяатын гэрт эргэж ирэхэд мөн л Завханаар овоглодог Х.Оюунцэцэг гавьяат ирчихсэн бужигнаж байна. Гэрийн эзэгтэй зочныхоо авчирсан адууны махыг чаначихсан уран бүтээлийн яриа ид өрнөж байхад нь яваад орчихов. Завханы театрт байхаасаа нөхөрлөж өнөөг хүрсэн найзууд аж. Нэг нь Завханд, нөгөө нь Улаанбаатарт ч гэлээ үзээгүй киногоо бие биедээ ярьж өгөхөөс эхлээд утсаар бол хачин ойрхон амьдардаг хоёр бололтой. Нэг нь “Манай Оюунаа чинь театрыг мэргэжлийн талаас нь сүрхий авч явсан. Бас Цагаан дуганы гэгээд тоглосон” гэж магтана. Нөгөө нь “Би найзынхаа олон сайхан дууг дуулсан. Манай Батсүх чинь их дайчин. Мундаг хүн дээ” гэж зөрүү барина. Хөдөөгийн театрынхан жүжиглэнэ, бүжиглэнэ, дуулна гээд бүх л номерт ордог онцлогтой. Хоёр найз бүжиг, жүжигтээ маруухан, Батсүх нь жүжигт үнэн голоосоо дургүй байсан гэнэ. Оюунцэцэг гавьяат нэг сүрхий инээд алдсанаа “Би та нарт их сонин юм ярьж өгье. Бид хоёр чинь “Алтан үст охин”-д гол үүрэг гүйцэтгэсэн ш дээ. Алтан фондод орсон болохоор хүүхдийн баяраар гардаг юм. Хүмүүст ингэж хэлэхээр хоороос өөр хэсэгт гардаггүй шүү дээ гэнэ л дээ. Алтан үст охиныг айлгаад байдаг нохой, аалзан дотор чинь бид хоёр байгаа” гэж хэлээд гэрийн эзэн, эзэгтэй хоёрын инээдийг барав.

Зочны өрөө бусад айлын л жишгээр ханын шүүгээ, буйдан, ширээтэй. Ханын шүүгээнд нь нэлээд хэдэн хөөрөг харагдав. “Таныг хөөрөг цуглуулдаг гэж дуулсан. Энд ямар хөөрөгнүүд байна” гэж сонирхоход “Уг нь цуглуулах сонирхолтой. Хүмүүс сонирхохоор өгчихдөг гэм бий” гээд суудлаасаа өндийв. Далайн шүрэн, бразилийн нил ягаан болор зэрэг ховор сонин чулуун хөөрөг хэд хэд байна. Гэрийн эзэн чамин юм цуглуулах дуртай гэнэ. Бугуйвч, гинж их сонирхдог бололтой. Зааныг төрөл бүрээр нь эгнүүлчихэж. Сүүлд тодорсон Жалханз хутагтын бэлэглэсэн эрхи эдний ханын шүүгээнд байгаа нандин эдийн нэг аж. Бадар хундага руу явахдаа урлуулсан малгайгаа бас хүндэтгэн залжээ.

Унтлагын өрөөний хажуугийн нар руу харсан цонхтой өрөө гавьяатын өглөө бүр тухалдаг газар нь юм байна. Нэг хана нь тэр чигтээ бурхан тахил юм. Шүтлэгтэй айл гэдэг нь харваас илт. Аав, ээжийнхээ хөргийг энэ өрөөнд хүндэтгэн залжээ. Төгөлдөр хуур, морин хуур, гитар, хуучны ятга, тогдгор Галсантогтохын бэлэглэсэн лимбэ бас энэ өрөөний чимэг. Гэрийн эзэн цонхны хажуугийн сандал дээр сууснаа “Би өглөө бүр яг эндээс нар руу харж суугаад өөрийнхөө хэн байсан, хаанаас эхлэлтэйгээ боддог. Ээжийгээ дурсдаг өрөө. Кофе, цай уунгаа өөртэйгөө ярилцдаг. Хөдөө чинь их өөр. Өөртэйгөө уулзах цаг их. Над шиг мөрөөдөх дуртай хүнд таатай шүү дээ. Хотод тийм зав олдохгүй. Тэгээд л өглөөний нарнаар өөртэйгөө уулзах цаг гаргадаг юм” гэж ярилаа.

Энэ үеэр эзэгтэй хоол бэлэн болсныг дуулгав. Бууз, цайтай оройн хоолны үеэр гэрийн эзэн амьдралаа ярилаа.

“Цэргээс дөнгөж ирсэн үе. Өвөлдөө жижиг гэрт ээжтэйгээ өвөлждөг байсан юм. Нэг өвөл хойд талынхаа жижиг байшинд техникумын гурван охиныг суулгалаа. Ээж Хөвсгөлийн охинтой нь суу гэж ятгана. Тэгээд танилцлаа. Том хүүгийн минь ээж л дээ. Хөвсгөлд байдаг хүүг минь монголчууд мэднэ. Тэр маань сургуулиа төгсөөд хүний гарт шахуу хөгшчүүлтэй гээд нутаг явсан. Би театртаа ажиллана гээд үлдсэн. Хүүгийн маань хойд аав их сайн хүн. Дархан хүн байдаг юм. Түүнээс хойш арав гаруй жил олон сайхан охид, бүсгүйчүүдтэй үерхэхээс хэтрээгүй. 35-тайдаа театрынхаа хөгжимчинтэй гэрлэсэн. Биеэ их сайхан авч явдаг цэмцгэр бүсгүй. Тэр маань Очир-Эрдэнэ, Очирхуяг гэж хоёр сайхан хүү төрүүлж өгсөн. Би хот руу орж ирэхээр болж, хөвгүүдийн маань ээж тэндээ амьдарна гээд хоёр тийш болсон. Хотод ирээд Пагматайгаа ханилсан даа. Пагма маань Завханы Тэсийнх. Хоёр хүүгийн маань нэг нь Японд, нөгөө нь энд сурч байна. Манай хүн өдөр бүр ярьж анхаарал тавьдаг юм” гэж байна. Хүүдээ орон сууц авч өгсөн гэнэ. Том хүүг нь Анхболд гэдэг аж. “Тантай адилхан, их гоё дуулдаг залуу гэцгээдэг. Одоо хаана амьдардаг вэ” гэхэд ”Саяхан ирсэн дуулдсан. Хэд хэдэн удаа өөр дээрээ авах гэж үзсэн. Пагма байсхийгээд гэртээ авчирна аа. Даанч буруу тийшээ далийгаад болохгүй юм. Хэзээ нэгэн цагт сайхан үе ирэх байх аа. Өөрийн үр л хойно сайн явбал дэмжээд амьдрахсан гэж боддог” гээд дуугаа хураав.

batsuh

Гэрийн эзэгтэй Ренчинпагма их дуу цөөтэй юм. Асуултнаас “Манай хүн их сайн ярьдаг юм аа. Миний хань ярьчих” гээд бултчих янзтай. Кофе чанах зуур нь товчхон яриа өрнүүллээ. Гэрийн эзэгтэй их шүтлэгтэй аж. Завханы Тэсийнх учраас Ажиа гэгээнийг шүтдэг гэнэ. Гэрийн эзэн биднийг шашин шүтлэгийн тухай яриа өрнүүлэх зуур “Манай хүн ч жинхэнэ шүтлэгтэй шүү. Сайхан санагддаг. Би бол тийм ч айхтар шүтлэгтэй хүн биш шиг байгаа юм. Бид хоёр саяхан нэг хувилгаан дээр очлоо. Гэтэл тэр хувилгаан “Нөхрөө дахиад авчраад хэрэггүй байх аа” гэсэн байна лээ” гэж ярианд оролцов. Эзэгтэй кофе аягалангаа “Аав маань насаараа жолооч хийсэн сайхан хүн. Ээж оёдлын мастер. Би аав, ээжээсээ дөрвүүлээ. Ханийнхаа ар талыг сайн дааж явах юмсан гэж хүсдэг дээ. Би ч өөр юу ярих вэ дээ” гээд бидэнд сонирхуулах зургийн цомгоо авчрахаар нөгөө өрөө рүү оров.

batsuh

Зургийн цомогт нь Далантай, Түвшинтөгс, Лутбаяр, Адарсүрэн, Бавуудорж, Жамъян гээд дууны урлагт нэр нь тод эрхмүүдтэй авахуулсан зураг өчнөөн юм. “Таны дуунуудыг сонсоод байхад шүлэг нь их гоё байдаг. Шүлгэндээ их анхаардаг уу” гэж асуухад “Би ер нь шүлэг их голдог, дураараа өөрчилдөг хүн. Манай Лутбаярын шүлгүүд гоёчлоогүй, сэтгэлээс гарсан байдаг гэж өмнө хэлсэн дээ. Бавуудорж болохоор их бодож бичнэ. Энэ хоёрын шүлгийг нэг их өөрчлөх шаардлагагүй байдаг. Зарим шүлгийг бүр танигдахгүй болтол өөрчилж дуулах үе гардаг. Сая фэйсбүүкээр Болорцэрэн гэдэг бүсгүй их гоё шүлэг явуулсан. Эр хүнийг орлож бичдэг сэтгэл зүй тэр бүсгүйд байна аа. Хонин борлогоороо сундлаад жимсэнд явсан намрыг, хоёул хамтдаа хуучлаад нэрсгүй буцсан намрыг, одоо очоод нэг харахсан... гараад ирэхгүй амрагаа гадаа нь хүлээгээд хономоор оо” гээд их хөөрхөн үгтэй. Дуу хийгээд Машбатаараа дуулуулж эхэлж байна. Уншингуут дуулчихсан. Ая нь шууд ороод ирсэн л дээ. Хөхнийх нь товчийг имэрсэн ч биш дээ гээд Бавуудоржийн шүлгийг бас шууд хараад дуулсан. Ямар ч засваргүйгээр ая хийсэн. Бавуудорж гэж урт үстэй дуугүй залуу энэ шүлгийг анх авчирч өгөхөд төрх янз нь яруу найрагч хүн шиг биш, араншин нь ч тэр зүгийн биш болохоор их гайхаж байлаа. Энэ хүнээс ийм шүлэг гардаг аа гэж гайхаад. Дараа нь “Өвлийн зөөлөн цас заамаар урсахаар өвснөөс өөрцгүй тансгаа мэдэрдэг дээ”, ”Сэтгэлийн тооноор уул минь гэрэлтэнэ, сэмээрхэн дотогшоо нулимс бөмбөрнө өө“ гээд олон гоё дуу хийсэн. Бавуу маань төрийн соёрхол аваад бүр даруу болсон байна лээ. Их дотогшоо хүн. Тэнгэртэй уяатай юм шиг гоё бичдэг найрагч. Хэн нэг нь хэлээд бичүүлээд байгаа юм шиг” гэж ирээд баахан ярив. Батсүх гавьяат таалагдсан шүлэг бүрээ цээжилчихдэг бололтой. Дууны яруу найргийн тухай яриа бараг хоёр цаг хэртэй өрнөхөд өчнөөн шүлгийг тэрүүхэндээ донжтой уншина лээ. Өөрийгөө хөгжмийн зохиолч биш ая зохиогч гэж тодорхойлов. “Ардын дууг энгийн хүмүүс зохиосон байдаг. Би шүлэгнүүд харж байгаад дуулчихдаг. Нийтийн дуу гэдэг бол ардын дууны үргэлжлэл. Ая зохиогч нарын хийснийг нийтийн дуу гэдэг байх. Би бол ая зохиогч. Нийтийн дуу зохиолын дуу шиг хөгжмийн онолд баригдалгүй, зүрхнээс ундарснаа гоёчлолгүй гаргадаг учраас хүнд амархан хүрээд байдаг болов уу” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.


Зургийн цомгийн багагүй хэсгийг гэр бүлээрээ гадагшаа аялсан зургууд эзэлжээ. Жилд нэг удаа аялах нь эдний гэр бүлийн хувьд уламжлал гэнэ.

Гэрийн эзэгтэй гэнэт нэгийг санав бололтой “Батсүх ээ, нөгөө БНМАУ-аа яриач” гэж шавдуулахад гэрийн эзэн хөгжилтэй инээснээ “Би багадаа авдар, хувцас, дэрний уут гээд бүх зүйл дээрээ БНМАУ-ын Батсүх гэж бичдэг байсан юм. Тухайн үедээ товчилж бичихэд амар гэж бодсон байж магадгүй. Гэхдээ их сонин санагддаг юм. Сэтгэлдээ байшин зурвал тэр нь бүтдэг гэдэг шиг л юм болсон шиг санагддаг. Намайг сонсох дуртай хүмүүсийн алга ташилт их урам өгдөг. Яг сэтгэл рүү алга ташаад байх шиг санагддаг. Үзэгчидтэйгээ ойртож ярьж дуулж сурсных юм болов уу гэж боддог юм. UB палас-т ирсэн 3000 хүн зэрэг дуулахаар бас их гоё. Ер бусын. Сэтгэлээсээ гаргаж эхэлж дуулсан дууг минь олон түмэн дуулахаар сайхан санагддаг” гэж ярив.

batsuhБиднийг байх үед хамаатан садных нь хоёр, гурван хүн эзэгтэй рүү ярьж зөвлөгөө авна лээ. Хэн нэг нь ургац хураасан ногооноосоо өгнө гэж утасдсаныг гэрийн эзэгтэй нөхөртөө дуулгав. Энэ үгийг сонссон гавьяат “Хүний амьдралд хань их чухал. Тэр дундаа уран бүтээлч хүнд. Уран бүтээлчид сайн ханьтай байж амжилт гаргадаг. Би их азтай хүн. Дандаа сайхан хүмүүстэй таарсан. Хоёр хүүгийн минь ээж намайг гавьяат жүжигчин болтол ар талыг минь авч явсан. Пагма маань нийтийн дууны зах зээлийн жижиг ч гэсэн орон зайд намайг аваад явж байна. Хоёр талын ах дүү бүгд Пагма руу ярина шүү. Манай хүн ч зохицуулна гэж сүрхий. Манай ах дүү нар надтай ярихгүй. Пагма руу л ярина. Утас нь болохгүй бол над руу залгаад Пагма байна уу гэдэг юм” гэж ярив.

Яриа өрнөсөөр нэг л мэдэхэд оройны 21.40 цаг болсон байлаа. Гэрийн эзэн “Би амьдралынхаа эхний гурван давааг залуу насны аагаар давсан. Зориг эрч хүчээр. Гурвын даваанд төрөөс цолыг нь дуудчихангуут онгирч давхиад шинэ зодог шуудаг өмсөөд гарчихсан. Ингээд элэг бүс сулраад дөрвийн даваанд өөрөө өөрийнхөө мэхэнд уначих гээд их зүдсэн. Өргөн түмэн түшиж байж дөрөв давуулсан. Тавын даваанд өөрөө ам угтуулаа авсан учраас давсан. Зургаагийн даваанд толгойгоороо барилдах ёстой гэж бодож байна. Найм давчих байх гэж бодож байгаа” гэсээр биднийг үдэв.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургийг: Ц.МЯГМАРСҮРЭН

www.DNN.MN

batsuh

batsuh

batsuh

batsuh


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.