Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Эрүүл мэнд

togloom

Компьютер тоглоомд донтсон нэгэн орос хүү тоглоомонд нь хориг тавьсан ээж рүүгээ орилон хашгирч, хараал урсган, улмаар дэвтэр номоо газар чулуудан буй бичлэг сошиал сувгаар тарж, олон мянган хүн тэрхүү бичлэгийг үзэн сэтгэгдэлээ бичиж байв. Улмаар өнөөх орос хүүг ийн харгис хэрцгий авирлаж буйг хараад буруутгах нь олонх байсан ч зөвтгөх хүмүүс цөөнгүй байсан юм. Энэ жишээг эргэн сануулж байгаагийн учир нь яг энэ бодит байдал та бидний амьдралд, таны эргэн тойронд, танай гэрт байгаа юм биш биз. Бид энэхүү сэдвийг өнөөдрийн “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.

“МИНИЙ ХҮҮ УХААНТАЙ” ХЭМЭЭН ӨӨГШҮҮЛЭН, ГАЙХУУЛАХ ШИНЖТЭЙ-

Хүн бүр ухаалаг утас хэрэглэдэг болсон өнөө үед захын айлд ороход л ухаалаг утсыг томчуудаас ч илүү шахам эзэмшчихсэн, хэзээний ашиглаад сурчихсан бага насны хүүхдүүд утас ширтэн, тоглоом тоглон суух нь энгийн үзэгдэл болжээ. Эцэг эхчүүд нь үүнийг улам өөгшүүлж, гайхуулах шинжтэй. “Миний хүү ухаантай, мундаг байгаа биз. Надаас илүү утасны функц руу ороод, интернэтээс дуу сонсч, тоглоомоор тоглоод байгаа юм” гэх мэтчилэн олзуурхан ярих нь олонтаа. Гэвч энэ нь эцэс сүүлдээ өөрсдийг нь ямар хүнд байдалд оруулахыг даанч нэг ухаарахгүй байсаар байна. Хүүхдийн ой тогтоолт насанд хүрсэн хүмүүсийнхээс илүү байдаг. Эцэг эхчүүд хүүхэд нь тоглоомд донтсон ч тоохгүй, эмнэлэгт ханддаггүй. Донтох эхлэлийг эцэг эхчүүд бий болгодог хэрнээ түүнийгээ мэддэггүй. Нэгэн залуу гэр бүлд тохиолдсон явдлыг энд дурдъя.

Залуу хос дөрвөн жилийн хугацаанд гурван хүүхэдтэй болсон юмсанж. Мэдээж нэг насны зөрүүтэй жаахан хүүхдүүдийг өсгөнө гэдэг амаргүй ажил. Гэтэл тэд хүүхэд саатуулах аргаа гар утсаар орлуулсан нь том алдаанд хүргэсэн юм. Нярай хүүхэддээ хамаг анхаарлаа хандуулсан үедээ өнөөх 2, 3 настай тэрсхэн хүүхдүүддээ утас өгч, тоглоом тоглуулдаг байж. Гэтэл нэг мэдэхэд л хүүхдүүд нь утасгүй бол орилж, хашгичиж, унтаж чадахаа больсон байгаа юм. Гэвч хамгийн сайшаалтай нь хүүхдүүдийнх нь зан байдал эвдэрч, утаснаас хамааралтай болж байгааг мэдсэн тэд эртхэн арга хэмжээ авч, хүүхдээ утаснаас салгаж авч чадсан юм билээ. PC-д донтож, гадуур хонож, гэр орноосоо дайждаг болоогүй л бол таны хүүхэд зүгээр гэж бодож байна уу. Гэртээ интернетгүй, ухаалаг утасгүй байсан бол таны хүүхэд ч мөн гэр орноосоо дайжихад бэлэн болчихоод байгааг ухаараач.

togloom

-ЭМЧИЛГЭЭНД 10 ХОНОГ ХАНГАЛТГҮЙ-

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүд олон хоног тоглохоор бие организмд нь сөргөөр нөлөөлж, архаг сульдаанд ордог байна. Өөрөөр хэлбэл, уур уцаартай болж, булчин агшиж, нүүр, ам нь татвалздаг болчихдог гэнэ. СЭМҮТ-ийн хувьд ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд 10 хоног бие организмыг нь хэвийн байдалд оруулах эмчилгээ хийгээд бусад үед гадуур сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Мэдээж тухайн өвчтөнийг эмчлэхэд 10 хоног хангалтгүй. Эмнэлгээс гарч гэртээ харихад нь тухайн хүүхдийг ямар орчин угтах нь маш чухал. Өнөөх л архичин эцэг эх, хүчирхийлэгч этгээд, тоглох сэдлийг нь өдөөх орчин угтвал эмчилгээ талаар болно. Тиймээс тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хүрээлж байгаа найз нөхөд маш их нөлөөтэйг эмч нар сануулж байна. Монголчууд бид албан тушаал, эд баялаг, архи, тамхи, тоглоомд донтсон эмгэнэлтэй нийгэмд амьдарч байна. Мэдээллийн эрин зуун хөгжсөн өнөө үед эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй. Магадгүй таны хүүхэд яг одоо РС тоглоомын газарт аллага хүчирхийлэлтэй тоглоомоор олон цаг тоглож донтож байгаа юм биш биз. Цагдаагийн байгууллагаас ч хараа хяналтгүй хүүхдүүд архи тамхи хэрэглэн, бүлэглэн хулгай хийж, гэмт хэрэгт холбогдож байгааг анхааруулсаар байгаа билээ.

П.ЭНХЧИМЭГ: ЭЦЭГ ЭХ, ЭМЧ, ХҮҮХЭД ГУРАВ БАГААР АЖИЛЛАЖ ЧАДВАЛ БҮРЭН ЭДГЭРНЭ

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн тасаг нь хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг улсын хэмжээний цорын ганц байгууллага. Ихэвчлэн сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. 25 ортой энэ тасагт жилдээ 200-250 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол сэтгэлзүйн зөвлөгөө авч, гадуур үйлчлүүлдэг нь үүнээс олон. Энд сэтгэцийн эмгэгтэйгээс гадна стресс, мэдрэлийн ядаргаанд орсон, сэтгэлзүйн гэмтэлтэй, компьютер тоглоом, гааз зэрэгт донтсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг байна. СЭМҮТ-ийн Хүүхэд, өвсөр үе клиникийн эмч П.Энхчимэгтэй ярилцлаа.

-PC тоглоомд донтож ирсэн хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ
?

-Сүүлийн жилүүдэд тоглоомд донтох хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг манайд хэвтүүлэн эмчилдэг. Ихэвчлэн өсвөр насны эрэгтэй хүүхдүүдэд энэ эмгэг зонхилон тохиолдож байна. Манай эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн 30-50 хувь нь PC-д донтох эмгэгийн шалтгаанаар хэвтэн эмчлүүлдэг. Тоглоомын донтолт чимээгүй тахал шиг жил ирэх тусам хүрээгээ тэлсээр байна. Төдөн хүүхэд PC тоглодог гэсэн судалгаа манай улсад байдаггүй. Гэтэл PC тоглоомын газар ороход сул ширээ байдаггүй шүү дээ. PC тоглож байгаа хүүхдүүдээс судалгаа авах хэрэгтэй байгаа юм. Хэд нь эмгэгийн төвшинд хүрсэн, донтсон, сонирхож тоглож байгааг ялгаж үзэх хэрэгтэй. Энэ асуудалд олон орон анхаарал хандуулж байна. Манай улс ч гэсэн анхаарал хандуулах цаг болсон.

-Эмчлүүлж байгаа хүүхдүүд юунаас болж
тоглоом тоглодог гэдэг вэ. Шалтгаан нь юу юм бол?

-PC-д донтсон хүүхдийн зан ааш их өөрчлөгддөг. Хамгийн эхлээд худлаа ярина. Тэгээд хичээлээ тасална. Хичээлээ 140 цаг тасалсан хүүхэд манайд эмчлүүлж байсан. Мөн тоглоом тоглох мөнгөө олохын тулд хулгай хийдэг. Олуулаа баг бүрдүүлж тоглох нь элбэг. Ингэж бүлэглэн хулгай дээрэм, зодоон хийж яваад гэмт хэрэгт холбогдох харамсалтай явдал гарсаар байна. Гэрээсээ дайжсан хүүхдүүд хаачдаг вэ гэхээр PC тоглоомын газарт хонон өнжин тоглодог. Улмаар тоглох мөнгө олохын тулд хулгай хийдэг. Хүүхэд учраас өөрийгөө тоглоомд донтож байгаагаа мэддэггүй. Хүүхдүүд 2-3 хоног алга болж дараагаар нь гэрээсээ болон хамаатнуудаасаа мөнгө болон эд зүйлс хулгайлж эхэлдэг. Ингэж эхлэхээр нь цагдаад хандаж чадахгүй, эмнэлэгт ханддаг. Ажил ажил гэж явсаар хүүхдээ хаана юу хийж явааг мэддэггүй эцэг эх зөндөө байдаг. Ангийнх нь багш хүүхдээ хичээл таслаад ирэхгүй болохоор эрэл сурал болон хайж явсаар бидэнд ханддаг. Хүүхдэд гэр бүлийнхнийх нь анхаарал, хайр халамж чухал байдаг. Эхлээд хүүхдүүд нэг цагийнхаа мөнгийг олохын тулд гэрийнхэндээ худлаа ярьж, эсвэл хулгай хийдэг. Хүүхдэдээ анхаарал тавьдаггүй хүмүүс халааснаас нь 500 төгрөг авахыг мэддэггүй. Сүүлдээ гадуур хонож тоглодог.

-Энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэхэд хүндрэлтэй юу?

-PC тоглоомонд донтсон хүүхдийг эмчлэхэд мэдээж хүнд байдаг. Эцэг эх, эмч, хүүхэд гурав багаар ажиллавал бүрэн эдгэрнэ. Нэгэнт донтсон хүүхдүүд хүнийг хайрлах мэдрэмжгүй болдог. Миний төлөө ар гэрийнхэн маань зовдог шүү гэж ойлгохгүй. Амьдралын утга учир нь зөвхөн тоглоом юм шиг ойлгодог.

-Удаа дараа хүргэгдэж ирж байгаа хүүхдийн цаана ямар шалтгаан байдаг юм бол, тэдгээр хүүхэд яагаад тэнэх замыг сонгоод байгаа юм бол?

-Ер нь хүүхдүүд тэнэмэл амьдралыг сонгох дөрвөн шалтгаан байдаг. Нэгдүгээрт эцэг эхчүүдийн ажилгүйдэл, ядуурал, хоёрдугаарт эцэг, эх асран хамгаалагчийн архины хамаарал, гурав дахь нь эцэг эх нь салаад хоёр тусдаа амьдарснаас болж хүүхдүүд хоёр талд явж байгаад тэнэмэл амьдрал руу ордог. Дөрөв дэх учир шалтгаан буюу хамгийн их нөлөөлж байгаа нь PC тоглоомд донтоод тэнэмэл амьдрал руу ордог. Ер нь 100 хүүхдийн 50 нь PC тоглоомын хамааралтай гудамжинд гарч байгаа.

Б.ЦЭЛМЭГ

ТОГЛООМОНД ДОНТСОН ХҮҮХДИЙН ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.