Б.Лхагвасүрэн: Ярихын өмнө бодох, зэмлэхийн өмнө ухааруулах нь чухал

Д.Тулга / Боловсрол

LhagwasurenМонгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-МОНГОЛЧУУД ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТАТТАЛ ҮРТЭЙГЭЭ ЗУУРАЛДДАГ
АГУУ СЭТГЭЛТЭЙ АРД ТҮМЭН-

-“Хүнээр хүн хийнэ” гэдэг монгол ухаан агуу байжээ. Энэ тухай сайн мэдэхгүй учраас таниас сонсож дуулмаар санагддаг юм. Яриагаа ч энэ сэдвээр өрнүүлье гэж бодлоо?

-Хүн үүсэхийн шалтаг нь хүн болохын шалтгаас амархан байх... Их хайрын үзүүрээс, ижий аавын ачаар хүн буй болж байгаа. Гэхдээ эцэг эх хүн гэдэг нэг юмыг л их бага анзаардаг юм шиг. Огт мэдэхгүй, ямар хүн болох нь тодорхойгүй, юуг үзэн яддаг, юуг хайрладаг, юунд уяхан, юунд хатуу, юуг эрхэмлэдэг хүн болохыг нь мэдэхгүй нэг шинэ бодгальтай учирч байгаагаа бага ойлгодог. Өөрөөр хэлбэл өөртэйгээ адилхан ч юм уу, бусад хүмүүстэй адилханаар их л амархан хүмүүжчихнэ гэж эндүүрдэг. Тийм биш. Шинэ хүн ирж байна гэдэг хэдийгээр өөрийн үр ч гэсэн, эцэг эхтэйгээ аливаа нэгэн адил төстэй юм олныг авдаг ч гэсэн цоо шинэ хүн. Шинэ хүнтэй харилцаж ярина, шинэ хүнтэй ойлголцоно, шинэ хүнийг “хүн” болгоно гэдэг их хэцүү ажил л даа. Ер нь нэлээн хүнд ачаа байдаг байх гэж би боддог. Монголчууд хэтэрхий хайнга байх, хэтэрхий энхрийлэхээс л татгалздаг зантай улс байсан юм билээ. Харжээ байхад, энэ чинь явж явж хайраа жаахан нууж явдаг л улсууд юм шиг байгаа юм.

Lhagwasuren-Гадны орныг дуурайгаад илэн далангүй, илүү эрх чөлөөтэй, нээлттэй өсгөвөл болохгүй юу?

-Өрнийн орнууд, дэлхийн бусад орнуудын байж байгааг харахад нэлээн илэн далангүй, их айхтар нялуун өсгөсөн мөртлөө хүүхдээ өөрөөсөө тусгаарлаж чаддаг. Бие даах нас бие нь гүйцэхийн цагт эргэлзээгүйгээр өөрт нь өөрийг нь даалгадаг зантай улс даа. Монголчууд бол тэгдэггүй. Үхэн үхтэлээ, эцсийн амьсгалаа татталаа үртэйгээ зууралддаг сэтгэлтэй агуу ард түмэн шүү дээ. Дуусан дуусталаа үртэйгээ, үрийнхээ тухай бодсоор, үрийнхээ асуудалтай орооцолдсоор л, үрийнхээ төлөө зовсоор, үрээ харж баярласаар. Салж хагацах, хол өсгөх шалтаг гарлаа ч биенээсээ хол байлгах дургүй. Тийм л улсууд даа. Тийм болохоор дэлхийн олон ээж ааваас монгол хүний хайрлахын ачаа нь их байдаг байх гэж боддог.

-“Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэж ярьдаг?

-Тийм, хайраа нууна гэдэг нь тэр л дээ. Үрдээ хайргүй амьдарна гэж яаж байх билээ дээ.

-Үндэстэн бүр өөрийн сурган хүмүүжүүлэх арга барилтай. Манайхны арга барил юугаараа ялгардаг вэ?

-Эцэг эх нэг юмыг л их анзаардаг байх ёстой байх! Хүүхдийг хар нялхаас нь ярих, ойлгох, харьцах хэмжээний болоод ирэхээр нь цэгнэх биш, хүүхдийг хүмүүжүүлэх гэж биш эцэг эхийн өөртөө хандах хандлага нь ихсэх ёстой юм шиг байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, би шинэ хүнтэй ярьж харьцаж байгаа. Хорвоод ирээд хуучирсан мөртлөө би бас шинэ байгаа. Эцэг эх бид шинэ, миний үр шинэ байгаа. Тийм болохоор юуны өмнө ярихын өмнө бодох, зэмлэхийн өмнө ухааруулах гээд ирнэ л дээ. Хүн магадгүй өөрийгөө хүмүүжүүлж байж үрээ хүмүүжүүлдэг байх шүү, аливаа юман дээр. Би дандаа тэгж боддог. Хүүхдүүд бол тулгарсан алдаа оноо, зүггүйтсэн зүггүйтлийнхээ шийтгэлийг сонсчихоороо их тайвширчихдаг юм шиг байгаа юм. Тэрний нь шууд хүлээлгэлгүйгээр, өөрт нь бодох хугацаа өгч, зарим юмыг дуугүйхэн шиг өнгөрөөж байвал тэр хүн өөрөө дотроосоо эгээрэх нь илүү юм уу гэж бодогдож байдаг л даа. Тухайн үед нь арга хэмжээ аваад байна гэдэг чинь дүрсгүйтсэн гэм шийтгэлээ амсаад, тэгээд тэнцүү хэлбэр үүсгээд, мартагдахад амархан болчихдог юм шиг. Тэгэхээр хүүхдийн ямарваа нэгэн гэм зэм, аливаа нэгэн бүтэлтэй үйлсийг мартуулахгүйн тулд өөрт нь үлдээх ётой юм шиг л харагддаг. Монголчуудын нэг том сурган хүмүүжүүлдэг арга нь тэр юм шиг байгаа юм. Дуугүй өнгөрөөдөг. Их дүрсгүйтээд байгаа хүүхдүүдийг дагаж хашгичаад байдаггүй. Тэгээд боль чи, цаашаа наашаа гэдэггүй. Харсаар байхад нөгөө хүүхэд чинь өөрөө дүрсгүйтэж байгаа юмнаасаа уйдаад больчихдог. Хүүхэд өөрийгөө хүмүүжүүлнэ шүү дээ. Тэрнийг нь булааж аваад, би хүмүүжүүлнэ, би хүн болгоно гээд өөрийнх нь бодол санаа, сэтгэх, гэмших, ойлгохынх нь урдуур орж булааж аваад хөндлөн байгаад байх чинь сайн юм биш юмаа гэж харагдаж байдаг.

-ХҮҮХДИЙН БУРУУ ОЙЛГОСОН ОЙЛГОЛТ ҮНЭМШИЛ ОЛОХООС Л
ИХ ЗАЙЛСХИЙЖ БАЙМААР-

-Ардын аман зохиол хүүхдийн хүмүүжилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж ном зохиолд бичсэн байдаг. Таны төлөвшилд юу нөлөөлж байв?

-Үгүй, манай аав ээж хоёр хөдлөх тоолонд зүйр үг, цэцэн үг хэлээд байгаагүй л дээ. Өөрсдөө ардын аман зохиол, хөгшид өвгөдийн гашуун мөртлөө цөөхөн үгэн дотор өссөн улс тэр хэлбэрээ дагадаг юм шиг байгаа юм. Тэрнээс зүйр үг, цэцэн үг, сургаал хэлээд хүүхдийг хүмүүжүүлнэ гэж ч байхгүй л дээ. Тэр бол хааяа хэлж байх ёстой үг болохоос биш урсгаад байх юм биш байх л даа. Тэрнийг ухахын цагт нь, өгүүлбэр, үгийн чанад утгыг бүрэн ухаж ойлгохын цагт нь хэрэгтэй, ховорхон, өөрийнх нь сонсоогүй юмыг хэлэхгүй бол хүүхдүүд чинь ерөөсөө сонсдоггүй юм шүү дээ. Нэг сонссон юмаа дахин давтан сонсох дуртай хүүхэд гэж нэг ч байдаггүй. Хүүхэд гэдэг өглөөний ухаан учраас маш уйдамтгай, маш голомхой байдаг. Хүн ер нь хорвоод ирэхдээ хорвоог голж ирдэг байх гэж боддог.

-Яагаад?

-Юмыг ойлгож ухаарах болсон цагаасаа эхлэн өөрөөсөө хүндэтгэл, тэр орчлонг хайрлах хайраа буй болгодог болохоороо тэр биз.

-Өнөөгийн хүүхдүүд эх захаа мэдэхгүй, маяг хөөцөлдсөн, хоосон толгойтой гэж хөгшчүүд зэмлэдэг. Таны хувьд одоогийн залуусыг хараад ямар бодол төрдөг вэ?

-Хүүхдүүд бол хүүхдүүд л байна. Хэдэн он, аль цагт ч. Хүүхдүүдийн мэдээлэл, хүүхэд эцэг эхийн хоорондын ярих яриа, эрээ цээр жаахан алдагдсанаас болж эд нар дэндүү олон юмны тухай эрт ойлгочихож байгаа юм болов уу даа гэсэн бодол төрдөг юм. Хожуу ирэх ёстой мэдрэмж, мэдээлэл, нэлээн дараа ирэх ёстой юм цагаасаа өмнө ирчихэд цаг хугацааг алхаж бодоод алддаг болов уу. Тийм алдаанаас л хол байлгах хэрэгтэй. Хүүхдийн мэдээ мэдээлэл, ачаалал нь ихдээд байгаа юм болов уу даа гэж одооны хүүхдүүдийн талаар бодогддог. Дээр нь гэр бүлийн тогтворгүй байдал, хэрүүл уруул, гэр бүлийн хүчирхийлэл гээд байгаа юмыг нэмчих юм бол тэр хүүхэд ер нь амьдралын тойргоос гарна л даа. Элдэв шалдар мэдээлэл, сайхан муухай юмны мэдээллээс гадна муу муухай юмыг хөдөлж буй хөдөлгөөнөөр нь, хашгирч байгаа үг хэл, хараалаар нь сонсоод ирэхтэйгээ зэрэг хүн чинь бузартаж дуусч байгаа юм шүү дээ. Тийм мэтийн юмнаас жаахан ангид байлгавал зүгээрсэн...

-Тэгэхээр одоо үед хайр, хал хоёрыг тэнцвэржүүлж явах ёстой юу?

-Хал гэдэгт ч хүн ер нь дургүй байх. Хал гэдгийг салгаж ойлгодоггүй ч байх. Хал гэдгийг амсдаг улсууд бол зүгээр нэг ухаан тааруухан хойд эх эцэг, урд өмнө дагавар дайвар хүүхэд гэсэн ойлголт, жижиг ялгаанаас эхэлж хал гэж ойлгогддог байх. Нэг айл олон жижигхэн хүүхэдтэй байлаа гэхэд тэднийг эн тэнцүү хайрлахгүй юм бол, нэг л юмыг дутаачихвал хал үүсдэг л дээ. Тэрнийг чинь хал гэж ойлгоно шүү дээ. Намайг л ингэдэг, намайг яагаад ингэдэг юм бэ гээд. Тэгээд аливаа нэгэн буруу хариу олно, тэрэндээ үнэмшинэ. Хүүхдийн тэр буруу ойлгосон ойлголт үнэмшил олохоос л их зайлсхийж баймаар байгаа. Буруу ойлгосон юмандаа бүр нотод үнэмших гэдгээс хүүхдийг ангижруулж хүмүүжүүлэх ёстой юм шиг. Ер нь сэтгэлгээг нь чөлөөтэй байлгаснаар л ...

-Хүн болж төлөвшихөд эцэг эхийн хүмүүжил чухал үүрэгтэй гэдэг. Та санал нийлэх үү?

-Эцэг эхээ яаж хүмүүжсэнийг хүүхдүүд мэдэхгүй шүү дээ. Харин эцэг эхчүүд өөрсдийн хүмүүжсэн давтамжийг хүүхэд дээрээ давтахыг чармайдаг л даа. Би ийм байсан, тийм байсан гэж. Гэтэл он цаг нь өөр болчихсон, хэрэглэж байгаа юм нь өөр болчихсон, тоглож байгаа тоглоом нь хүртэл өөрчлөгдсөн байдаг. Тэгээд он цагийн том ялгаа гараад ирнэ. Өнөө хөгжил дэвшил гэдэг чинь ийм давтамжаас их холдуулж байгаа. Яг өөрийнхөө бага шиг хүмүүжүүлэх гээд чи цөөхөн тоглоомоор тогло, бага ид, хонио сайн хариул ч гэдэг юм уу хэлүүлж сурсан юмаараа мань мэт хүүхдээ номлоод хэрэггүй болчихсон юм шиг байгаа юм. Бүр энэ орчинтой нь таардаггүй. Бидний хэлж байгаа үг өөрийн нь хүсч байгаатай нь, орчинтой нь таарахгүй болчихдог. Тэгэхээр энэнээс болгоомжлох хэрэгтэй. Он цагийн өөрчлөлт, хүүхдийн сэтгэлгээний өөрчлөлтийг ямагт анзаарч байх ёстой. Сурган хүмүүжүүлнэ гэдэг ерөөсөө эцэг эхийн өөрийн нь үзсэн сонссоны давтамж биш шүү дээ. Энийг л айхтар бодох хэрэгтэй. Өөрийнхөө яаж хүмүүжсэнээр хүмүүжүүлэх гэвэл өөр шигээ алдаатай, өөр шигээ багцааны л хүн болгоно шүү дээ.

Lhagwasuren

-ИХ ХАЙР Л ХҮНИЙГ ХҮН БОЛГОДОГ-

-Зарим эцэг эхийг харж байхад хүүхдийнхээ дэргэд маш бүдүүлэг авирлаж, хараал урсгаж, бие биенээ үгүйсгэх нь хүүхдүүдийн эцэг эхээ гэсэн хүндлэлийг нь үгүй хийчихээд байх шиг санагддаг. Ийм юм сонсож дуулсан хүүхэд ямар хүн болж төлөвших вэ гэдэг асуудал болжээ?

-Хүүхэд бол өглөөний тархи. Юу л байвал хурааж авахаар, бүр цангачихсан. Юу мэдрэгдвээс бүгдийг хамж тогтоож чадах ой санамж, хачин цэвэрхэн тунгалаг оюун тархитай ажиллаж байна, хамт амьдарч байна гэдгээ л эхлээд ойлгох хэрэгтэй. Би ийм шинэ тархи бүтээсэн, тэр шинэ тархин дотор юу суулгаж, юу үлдээж, юуг үзэн ядуулж, юуг хайрлуулж, юуг цээрлүүлж, юуг хүндэтгэж өсгөх ёстой юм бээ гэдгээ мэдэх ёстой байх л даа. Гэхдээ үлгэр гэдэг бол... Хүмүүс хэлж байдаг юм. Аав чинь тэгж өсөөгүй л юм, ингэж болохгүй. Ээж чинь тэгж өсөөгүй тэгж болохгүй гэдэг л дээ... Тэр хоёрын өссөн орчинг тэд мэдэхгүй юм чинь яаж хүлээж авах, тэрний ашигтай ашиггүй, хэрэгтэй хэрэггүйг нь ч мэдэхгүй. Тийм учраас хүүхэддээ тавьж байгаа шаардлага, мэдрэмж ямагт шинэ байх ёстой. Өглөө болгон шинэ байх ёстой. Өсөлтийг нь мэдэх ёстой, юу сонирхж байгааг нь мэдэх, оюуны чадавхи нь хэр байна вэ гэдгийг ажиглах, анзаарах шаардлага эцэг эхэд гарна. Өглөө болгон хүүхдээ шинээр харах учиртай.

-Дээхнэ үед хүүхдүүдийг том хүний өмнүүр орж ярьж болохгүй, хаалга алдлаж зогсож болохгүй гэх зэргээр сургаж, ахас дээдсээ хүндлэх, өв соёлоо мэдэх хүмүүжил сайн олгодог байсан. Одоо тэр уламжлал бараг устчихсанд зарим хүн их эмзэглэдэг л дээ?

-Үгүй, илтэд буруу яриад байгаа хүний өөдөөс хүүхэд өөрийн цэвэр тунгалаг ухаанаараа зөвийг хэлэх буруу биш. Энэ чинь эсэргүүцэл биш шүү дээ. Харин тэр зөв хариултаас ичиж байх ёстой. Дараачийн хариултаа зөв авахын тулд өөрөө зөв ярих хэрэгтэй болдог. Явж явж үрээ сургаад эцэг эх нь хүн болгодог гэдэг ойлголтоосоо гадна эцэг эхийгээ хүүхэд өсөх тусмаа хүн болгож байдаг юм. Бие биенээ хүмүүжүүлдэг л байхгүй юу. Тийм болохоор эд нарын сэтгэлгээний чадавхи энээ тэрээ бол зүгээр ааш араншингийн нь өмнө сөгдөх нь хаашаа юм, агуу эх тунгалаг ухааных нь өмнө эцэг эх үрийнхээ өмнө сөгдөж л байх ёстой. Хайрлах л ёстой. Ер нь их хайр л хүнийг хүн болгодог. Хайрыг зөвөөр ойлгож, хэтийдүүлэх биш багадуулах биш. Хайран дотор хүүхэд ядахдаа эрүүл тархитай өсдөг л дөө.

-Хайр гэдгийг эцэг эхчүүд эрхлүүлэхтэй эндүүрэх тал бий?

-Шашин бол зан заншил нь аваачиж мөргүүлдэг, адис тавьдаг нь жаяг. Түүн шиг хүүхдийг хүмүүжүүлэхэд ерөнхийд нь сэтгэлгээнд нь нэмэр болох ойлголтуудыг өгчихсөн мөртлөө өөрсдийнхөө заншил жаягт оруулахдаа аяга угаахдаа би ингэдэг юм гэх зэргээр заншилд шахах хэрэггүй юм шиг байна лээ. Хүмүүжүүлэхээсээ өмнө дадалтай болгох гээд байгаа байхгүй юу. Цайгаа уучихаад аягаа заавал угаадаг. Ухаандаа тийм болгох гээд байгаа байгаа юм. Хүүхэд цайгаа уучихаад нэг удаа мартаж болно шүү дээ. Аягаа угаахаа мартаж болно. Гэтэл энийг нь томруулаад, том болгох гээд заншилд сургах гээд чармайгаад байдаг. Нэг дуудахад л эргэдэг болгох гээд байдаг. Тийм биш шүү дээ. Хоёр удаа дуудахад сонсохгүй байж болно. Сонсож чадахааргүйгээр унтаж, эсвэл өөр зүйл хэтэрхий анхаарсан байж болно шүү дээ. Тэгэхээр нарийн бодох хэрэгтэй. Хүүхэдтэй харьцах бол маш хэцүү. Хэцүү юм билээ, эцэг хүний хувьд би туулснаа л ярьж байгаа юм. Тэрнээс биш би үлгэр жишээ эцэг ч биш, гайхалтай хүн хүмүүжүүлчихсэн ч хүн биш. Өөрийн нь чаддаг юманд аль болох туслахыг хичээдэг байсан. Юм болгон дээр загнаад, үглээд байх дургүй байсан, би. Хүүхэдтэйгээ шинэ сурганы үнэр авчихсан хүн шиг яриад байгаагүй. Гэр бүлийн хурал энэ тэр хийдэг айл байдаг шүү дээ. Тэр бол зүгээр загварт оруулчихсан, сурган хүмүүжүүлэх ухааны ямар ч хэлбэр юм би мэдэхгүй юм.

-ХҮҮХЭД БАЙХАД ХАМГИЙН ТОМ ЯЛ БОЛ ААВ ДУУГАА ХУРААХ, ЭЭЖ УЙЛАХ ХОЁР-

-Та хүүхдүүдээ эрхлүүлж өсгөсөн үү?

-Ер нь би үхтэл эрхлүүлнэ. Зодож нүдэж, алганы амт үзүүлээгүй. Би өөрөө зодуулж өсөөгүй учраас. Би хүний ганц хүү учраас муухай ч харуулж өсөөгүй. Одоо нэг их өөдтэй сүйдтэй яваагүй ч гэсэн хүний дайтай л явж байгаа. Би өөрөө зодуулж өсөөгүй учраас хүүхдээ зодохсон, муухай харахсан, чанга хашгирахсан гэж ерөөсөө бодогддоггүй. Бага байхдаа дураараа байж байгаад дорхноо больчихдог юм. Том болсон хойно нь ганц хоёр хэлэх юм байвал тэрийгээ хэлээд авна. Ер нь эхээр нь хэлүүлэх их сайн л даа.

-Зөөлөн тусна гэж үү?

-Эх хүн үрдээ хэлнэ гэдэг их сайн. Их хүнд очдог. Би нэг афоримз шүү ухаантай юм бичсэн. “Хүүхэд байхад хамгийн том ял бол аав дуугаа хураах, ээж уйлах хоёр” гэж. Хүүхдийн хамгийн том цээрлүүлэл бол ижий уйлах, ижийн нулимсыг үзэх, аав дуугаа хураах хоёр л байдаг юм шүү дээ. Надад ч лав тийм байсан. Би тэгж л боддог юм. Зөнгөөр нь байлгана гэдэг хүссэнийг нь өгөхийн нэр биш ээ. Хүсэж болох хэмжээтэй боломжуудаа хэлж өгөх хэрэгтэй л дээ. Ийм л боломжтой байна. Аав нь ийм байна, ээж нь ийм байна гээд. Хамгийн гол нь би хүүхдүүдээ өвдөж зовоход, хүн ядарч явахад өрөвдөх сэтгэлтэй улс болоосой л гэж боддог юм. Хүн ядарч явахад, доголон нохой байсан ч өрөвддөг, байгаль эх, амьтанд хүртэл хайртай болоосой гэж. Гэхдээ бол амьтныг хүнчилж болохгүй л дээ. Өрнийн орнуудад хүнд хайртай байхаасаа илүүтэй муур, нохойдоо хайртай байх шиг харагддаг. Тийм байдал хэрэггүй л дээ. Гэхдээ зовсон амьтныг хайрлах, зүдсэн амьтныг тэтгэх хэрэгтэй. Залуу модны навч таслахгүй хүн болгоод өсгөчихвөл болох нь тэр.

-Хүний амьдрал эрээнтэй бараантай. “Зодуурын үзүүрт цус, сургаалийн үзүүрт тос” гэсэн үг байдаг юм билээ?

-Аа мэдэхгүй дээ. Сургаал гэдэг чинь... Хүүхэд олон юм сонсох дургүй гэдгийг л би мэднэ. Маш ойлгомжгүй, эсвэл бүр маш энгийн ойлгомжтой юманд их дургүй улс шүү дээ. Хүүхдээ ойлгож байж хүмүүжүүлнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд эцэг эх, үр хүүхэд бие биенээ хүмүүжүүлнэ гэж хэлээд байгаа юм шүү дээ. Амьдралын тухай юу ч мэдэхгүй, нялх залуу байхад гарсан хүүхэд чинь хүнийг аав, ижий хоёр болгодог юм шүү дээ. Дараагаар нь үрээ хүмүүжүүлээд хүн болгодог. Анхны хүүхдээ би намайг эцэг болгох гэж ирлээ гэж боддог байсан, ханийг минь ижий болгох гэж ирлээ гэж боддог байсан. Амьдралыг заах гэж ирсэн “Шинэ үсгийн багш” гэдэг шиг л болдог байсан даа. Үнэхээр л тийм юм билээ. Тэгээд яваандаа өөрөө өөрснийгөө, бие биенээ өсөхөд нөлөөлөөд явчихдаг юм билээ.

-Өсвөр насны хүүхдүүд элдэв гэмт хэрэгт холбогдоод, хар тамхи мансууруулах төрлийн бодис ихээр хэрэглэж байна. Үүнд нийгэм өөрөө буруутай юу?

-Үгүй, нийгмийн буруу гэхэд хэцүү шүү дээ, энэ чинь. Бүхлээр нь нийгэм хүүхдийг минь уруу татлаа гэвэл үгүй шүү дээ. Яагаад вэ гэвэл их олон шалтаг байна л даа, энд. Элдвийг сонирхохын шалтаг гэж нэг айхтар юм байгаа юм. Эцэг эхийн хүүхэдтэйгээ ажиллах хамгийн энгийн нь элдвийг сонирхохын шалтагтай байгаа, шилжилтийн насанд нь хүүхэдтэй их болгоомжтой, анхааралтай, хянамжтай хандаж байх хэрэгтэй. Тэрний дараа өсөж өндийж, хэрхэн хүн болж байгаа, хүнтэй харьцаж байгаа, хайрлаж байгаа, хайрлуулж байгаа, хайрыг хэрхэн дааж байгаа гээд л харах юм байна. Дараа нь ямар хүн үлдэх вэ гэдэгт сэтгэл зовох тийм гурван үе байдаг юм шиг байгаа юм. Үхсэнээс хойш үлдсэн хойноо энэ ямар байх бол гэдэгт их зовдог шиг байгаа юм. Хүүхэд хар тамхи татаад, хүмүүжилгүй болоод байгааг магадгүй бид хүүхдээсээ эрэхээс илүү эцэг эх өөрсдөөсөө эрэх хэрэгтэй. Анхаарал тавихдаа хайнга байж уу, хайраар дутааж уу, эсвэл өмсөж зүүхээр нь дутааж уу, эсвэл үлгэргүй амьдарч уу? Бид яасан юм бол оо? гэж эцэг эх алдаагаа эхлээд эрэх ёстой байх! Тэгээд хүүхдээсээ эрээд, дараа нь нийгмээсээ ирэх ёстой.

Магадгүй хүн амьдрахын тулд зүтгэсээр байгаад үрдээ хандах цаг зав багатай, зөвхөн ходоодноосоо бусдыг дийлэхгүй байх тохиолдол байдаг байх л даа. Гэхдээ заавал ядуу өссөн хүүхэд муу хүн болдоггүй юм. Ядарч үзсэн хүн гэдэг бол жаргал даахтай болдог. Шууд л нийгэм буруутай гээд байвал буруутай эзэн нь тэр юм байна, би буруугүй гэж бодно шүү дээ. Буруугаас чөлөөлөгдсөн хүн шиг тийм их туйлдаг хүн байдаггүй. Хүн бол өөрийн буруугаас чөлөөлөгдөх эрх байхгүй.

-Та хүүхэд залууст хандаж сургаалийн үг хэлэхгүй юу?

-Ямар ч зохион бүтээгч, шинжлэх ухааны мэргэд, урлаг спорты гоц авьяастан ч бай, аль ч мэргэжлийн хүн болж, бусдаас илүүг чаддаг хүн болсон гэлээ ч юуны түрүүнд хүн болж чадаарай. Хүн байх бүхнээс хэцүү шүү. Эхлээд хүн байх хэрэгтэй шүү л гэж хүүхдүүдэд хэлмээр байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.