Ч.Уртнасан: Энэ жил А хүрээний H1N1-ээр үүсгэгдсэн томуу зонхилж байна

Д.Тулга / Эрүүл мэнд

urtnasan

Өвөрхангай аймагт H1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан нь иргэдийг багагүй айдаст автуулав. Энэхүү вирусын тархалт ямар хэмжээнд байгаа талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.

-ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХЭН ИЛҮҮ ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ-

-Өвөрхангайд H1N1 вирусээр өвчилсөн өвчтөн нас барсан мэдээлэлд хүмүүс цочирдлоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ яригдаад байгаа H1N1 вирус бол цоо шинэ өвчин биш. Анх гарч ирэхдээ дэлхий нийтийг цочроож, цар тахлын хэмжээнд хүрч байсан. Манай улсад энэ төрлийн вирусээр өвчилсөн анхны тохиолдол 2009 онд бүртгэгдсэн. Түүнээс хойш долоон жилийн хугацаанд вирусын өвчлөл байсаар ирсэн гэж ойлгох хэрэгтэй. Нэрлэж байгаа нь H1N1 боловч ерөнхийдөө бол томуу шүү дээ. Ямар вирусээр үүсгэгдэж байгаагаар нь нэрлээд байгаа хэрэг.

-H1N1 вирусын халдвараар амь насаа алдсан тохиолдол хэд байдаг вэ?

-Энэ төрлийн вирусээр өвчилж амь насаа алдах нь цөөн. Гэхдээ эрсдэлт бүлгийнхэн илүү өртөх магадлалтай байдаг. Томуугийн вирус халдсан хүн уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа, цусны даралт ихтэй зэрэг хувь хүний хүчин зүйлээс шалтгаалж эндэх тохиолдол бий. Өнгөрсөн 2015 онд найман тохиолдол бүртгэгдсэн.

-Эрсдэл бүлэгт ямар хүмүүсийг хамруулж байна вэ?

-Өндөр настан, жирэмсэн эхчүүд болон 0-4 насныхан энэ бүлэгт хамаарна. Ер нь аливаа нэг халдварт өвчинд эдгээр хүмүүс өртөх нь амархан байдаг.

-Өнгөрсөн жилүүдэд H1N1-ийн халдвар дэгдэж байсан уу?

-Томуугийн А хүрээний H1N1, H3N2 болон Б хүрээний гэсэн гурван төрлийн вирус байдаг. Жил бүр эдгээр вирусын аль нэгээр үүсгэгдсэн томуу нийтийн дунд гардаг гэсэн үг. Жишээ нь, хоёр жилийн өмнө Б хүрээний вирусээр үүсгэгдэж байсан бол энэ жил томуугийн дэгдэлтийн үед А хүрээний H1N1-ээр үүсгэгдсэн томуу зонхилж байгаа юм. Мөн томуутай төстэй корона, адено зэрэг вирусээр үүсгэгдсэн өвчлөлүүд бас бий.

-Томуугийн дэгдэлтийн үе нь хэзээнээс эхэлдэг юм бэ?

-Арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл томуугийн дэгдэлтийн үе үргэлжилдэг. Томуугийн вирус нь хүйтэнд амьдрах чадвартай байдаг учраас ид хүйтний улиралд дэгддэг хэрэг.

-ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН ДУУСЧЭЭ-

-H1N1 вирусийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Жил бүрийн аравдугаар сарын дундуур бид дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалт бол хамгийн гол сэргийлэх арга. Энэ жилийн хувьд 45 мянган хүнд вакцин хийсэн. Эдгээрээс 10 мянга нь зургаан сараас дээш настай хүүхэд байгаа. Өмнө нь энэ вакциныг зөвхөн насанд хүрэгчдэд хийдэг байсан бол энэ жилээс хүүхдүүдэд хийж эхэлсэн. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 12 цэцэрлэгийн 7000 хүүхдэд вакцинаа хийсэн. Дархлаажуулалт үр дүнтэй байвал ирэх жилийн вакциныхаа тоог нэмэгдүүлэн захиална.

-Одоо дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд хаана хандах вэ?

-Одоо бол вакцин байхгүй. Томуугийн дэгдэлтийн үеэс нэг сарын өмнө вакциныг хийдэг. Ингэснээр сарын хугацаанд тэр хүнд дархлаа тогтож өвчинтэй тэмцэх чадвартай болсон байдаг. Харин H1N1-ээр өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхээр олон улсын төв лаборатори луу явуулж байна. Энэ жилийн өвчний үүсгэгчийн шинжилгээнд суурилж ирэх жилийн томуу ямар вирусээр үүсгэгдэж болох вэ гэдгийг мэдэж, дараа жил хийх вакцинаа гаргаж авдаг.

-Вакцин хийлгээгүй иргэд H1N1 вирусээр өвчлөх эрсдэлтэй гэж ойлгож болох уу?

-Хувь хүний дархлаанаас шалтгаална. Гэхдээ манайхан харьцангуй дархлаа сайтай байгаа байх. Энэ вирус долоон жилийн турш дэгдэж дарагдаж явлаа шүү дээ. Бусдаар бол ханиад томуунаас сэргийлэх энгийн аргууд хэрэглэж болно. Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, бага насны хүүхэдтэй бол гэртээ гадны хүн оруулахгүй байх, гэр болон ажлын байрны агаарын солилцоог сайжруулах, хоол хүнсэндээ тэжээллэг зүйл хэрэглэх гээд наад захын зүйлсийг хийх хэрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар манай улсад ямар төрлийн халдварт өвчин зонхилж байна вэ?

-Хамгийн их тохиолдож байгаа нь сүрьеэ, тэмбүү өвчин байна. Нэг номерт сүрьеэ орж байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэ өвчин микробактери буюу тусгай вирусээр үүсгэгдэж, олон эмэнд тэсвэртэй болоод байгаа. Жил бүр 4500 хүн шинээр өвчилж байна. Өвчлөгсөд нь ихэвчлэн шоронгийнхон, нийгмийн эмзэг давхаргынхан байдаг. Дэлхийн гурван хүн тутмийн нэгд сүрьеэгийн вирус унтаа байдалтай байдаг гэсэн судалгаа ч бий.

Б.ГАНТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.