Б.Болормаа: Нано технологийн дэвшлийг ахуйн хэрэглээнд нэвтрүүллээ

Д.Тулга / Орон нутаг

Техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, өдөр бүхэн дэлхийн хаа нэгтээ шинэ шинэ бүтээлүүд урган гарч байна. Тэдгээр технологийг хэрхэн амьдралд хэрэглэж байгаагаар нь улс орнуудын хөгжлийг тодорхойлдог гэхэд болно. Харин хаа хол мэт сонсогддог байсан нано технологийг Монголд анх удаа тэр тусмаа ахуйн хэрэглээнд зориулан “Novelty” компани нано коутинг технологийг нэвтрүүлж эхлээд байна.

Тус компанийг үүсгэн байгуулагч, захирал Б.Болормаатай ярилцлаа.

-Юуны өмнө та бидэнд компаниа танилцуулаач?

-Баярлалаа. Манай “Novelty” компани байгуулагдаад найм дах жилээ үзэж байна. Харин нано технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж байна. “Нанопротект” бүтээгдхүүнээ зах зээлд оруулаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна.

-Нано коутинг технологийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой хэлбэрээр тайлбарлавал?

-Нано технологиуд нь маш олон төрөл бий. Манай компанийн ажиллаж байгаа нь нанокоутинг /коутинг-бүрхүүл/ технологи байгаа юм. Яагаад заавал энэ технологийг сонгосон бэ гэхээр дэлхийд эрсдэл талаасаа хамгийн өндөр түвшинд судлагдсан салбар юм. Сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд олон улсын ISO стандартууд батлагдаж, хүний биед хоргүй хэрэглээнд эрсдэлгүй гэж судлагдсан нь хамгийн эхний шалтгаан. Хоёрдугаарт, зах зээл нь дэлхий дахинд маш хурдацтайгаар тэлж байгаа салбар. Цаашид дөрөв тав дахин хурдасна гэсэн прогнозууд гарсан байдаг. Тиймээс энэ технологийг Монголдоо нэвтрүүлэх болсон.

-“Нанопротект” бүтээгдэхүүний найрлага болон хэрхэн хэрэглэх тухайд?

-Коутинг гээд яриад байхаар хүмүүс гайхаж байж магадгүй юм. Манай энэ бүтээгдэхүүн бол маш жижиг буюу нано хэлбэрийн цахиурын давхар ислээс бүрдсэн /дунджаар 80 хувь нь 36 нанометр цахиур агуулж байгаа/ шингэн юм. Энэ шингэнийг хэрэглэгч хүссэн материалын гадаргууд цацсанаар уг материал шингэнийг нэвтрүүлэхгүй мөн толбо ус зэргээс хамгаалж бүрхүүл үүсгэх юм. Шингэнийг цацсаны дараа ус нь ууршиж үлдээд, нано цахиурууд материалын гадаргууд давхарга үүсгэн үлдэж байгаа юм. Ингэснээр нано бүтээгдэхүүн цацсан гадаргууд ус болон бүх төрлийн шингэн зүйлс тогтохгүй, норохгүй гэсэн үг.

-Бүтээгдхүүнийг ямар ч гадаргууд цацаж хэрэглэж болох уу?

-Манай “Нанопротект” бүтээгдэхүүн нь өнөөдрийн байдлаар хоёр төрлийн зориулалттайгаар үйлдвэрлэгдэж байна. Нэг нь textile буюу торго, даавуун материалтынх, hybrid буюу илэг нэхий арьс ноос ноолууран материалтай эдлэл хэрэглэлд зориулсан төрлүүд байна. Цаашид модон эдлэл, шил, автомашины гадаргуу гэх мэт нэр төрлөө өргөжүүлэх зорилгоор судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа.

-Хэзээ анх нано бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа төрсөн бэ?

-Би бол өөрөө нийгмийн салбарын мэргэжилтэн. Гэхдээ манай гэр бүлийн хүн яг энэ чиглэлээр Япон улсад ажилладаг юм. Японд технологи өндөр түвшинд хөгжсөн. Олон улсын нано технологийн хамгийн том үзэсгэлэн 2006 онд болж, туршилтын бүтээгдэхүүнүүд гарч эхэлсэн байсан. Тэр үед хамгийн анх энэ санааг олсон.

-Түүхий эдээ хаанаас авчирдаг вэ? Мөн бүтээгдэхүүндээ патент авсан уу?

-Олон улсад цахиурыг нано хэлбэрт оруулдаг 10 хүрэхгүй тооны компани байдаг. Эдгээр компаниуд бүгд түүхий эдээ шууд нийлүүлэхээс татгалзаж байсан. Худалдаанд гарахад бэлэн болсон бүтээгдэхүүн нийлүүлэхийг санал болгож байсан юм. Хамгийн сүүлд Германы компаниас түүхий эд буюу нано цахиурууд авч, коутинг технологи буюу материалаа өөрсдөө боловсруулж байгаа юм. Манай компани Германы үйлдвэрийн түүхий эдийг лицензээр ашиглаж байгаа. Харин коутинг технологио материалд суулгах арга гэсэн патент авсан.

-Ахуйн хэрэглээнд өдөр тутам хэрэглэнэ гэхээр хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн үг үү?

-Энэ бүтээгдэхүүн нь холбогдох яам болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүний биед ямар нэг нөлөө үзүүлэх химийн бодис агуулаагүй гэж батлагдсан. Мөн олон улсын ISO 17231:2006(e), ISO 27448:2009(e), ISO 4920:2012 зэрэг стандартад нийцсэн өндөр чанартай бүтээгдхүүн хэдий ч Монголдоо үйлдвэрлэж байгаа болохоор харьцангуй хямд зардлаар бүтдэг.

-Олон улсад нано технологийн зах зээл ямар түвшинд байгаа вэ?

-Дэлхийн зах зээл ерөнхийдөө Монголтой адил түвшинд байгаа гэж бодож байна. Англид жишээ нь энэ төрлийн үйлдвэрлэл старт ап буюу гарааны бизнес эхлээд явж байна гэх жишээний.

-Нано бүрхүүлтэй болсон хувцасыг угааж болох уу?

-Бүрхүүл нь хувцасны наад талын гадаргууд байх учраас угааж цэвэрлэхэд маш хялбар болно гэсэн үг. Ус түлхэх шинж чанартай болохоор шингэн зүйл гаднаас нэвтрэхгүй гэсэн үг. Харин даралттай усанд хувцас угаадаг шиг л угаана. Харин тусгайлан ингэж угаана гэсэн заавар байхгүй.

-Нэг цацсан байхад угаалгын дараа шингэн түлхэх шинж чанараа гээх үү?

-Нэг угаалтаар 10 орчим хувь алдана. Яг л хүний арьс бага багаар гууждаг шиг бүрхүүл угаалга бүрт бага багаар алдагдана гэсэн үг. Харин дахин шүршиж хэрэглэж болно.

-Бүтээгдэхүүний борлуулалт хэр байна вэ?

-Анх санасныг бодоход арай бага л байна. Шинэ технологиос гадна шинэ бүтээгдэхүүн учраас зах зээлд хүмүүст арай танигдаж амжаагүй байна. Нэг хэрэглэж үзсэн хүн ямартай ч дахин хэрэглэх хүсэлтэй байнгын үйлчлүүлэгч болж байна. Цаашид нэмэгдэх байх гэж бодож байна.

-Нэг сав бүтээгдэхүүнийг хэдэн мкв материалд хэрэглэх вэ?

-Нэг савыг 5-6 мкв материалд хэрэглэнэ. 1 мкв-д 30 мл шингэнийг цацаж хэрэглэх юм. Бас материалын шинж чанараас шалтгаалж их бага орох тохиолдол байна.

-Танай лаборатори өдөрт хэдэн тооны “Нанопротект” үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт 3000 ширхэг хүртэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид зах зээлийн эрэлт сайжирвал үйлдвэрийн хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй.

-Машины гадаргууд хэрэглэхээр туршиж байгаа гэсэн, судалгааны ажил хэр явж байна вэ?

-Олон төрлийн гадаргууд туршиж байна. Яг одоо судалгааны ажил л явагдаж байгаагаас олон нийтэд хүргэх хэмжээнд хүрээгүй байна.

-Хаанаас худалдаж авах вэ, мөн үнийн хувьд?

-Томоохон супермаркетуудаар худалдан борлуулж байна. Номин, Сарнайх, Оргил, Гүүд прайс зэрэг газруудаар худалдаж байгаа. Үнийн хувьд hybrid буюу илэг арьсан эдлэлд зориулсан нь 19900, textile буюу даавуу торгон материалд зориулсан нь 17900 байдаг. Гэхдээ сар шинийн баяр боло гэж байгаа учир textile бүтээгдхүүний үнийг хямдруулж 16000 төгрөг болгоод мөн үнэгүй хүргэж өгч байгаа.

Б.ГАНТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.