Д.Данзан: Ерөнхийлөгч үнэмлэхний дугаараар эрэмбэл гээгүй

Д.Тулга / Спорт

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний магнайд гарах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Өчигдөр мөн Дархан аварга А.Сүхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Дархан аваргын болзлыг би 2004 онд хангасан, Г.Өсөхбаяр аварга 2009 онд хангасан. Түүнчлэн А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар өнгөрсөн жил нэг өдөр Дархан аварга цолыг хүртсэн. Ингэхдээ үнэмлэхний дугаар А.Сүхбатынх өмнө нь байж түрүүлж үнэмлэхээ гардаж авсан” зэрэг баримтууд дэлгэж байсан.

Ингээд Дархан аварга А.Сүхбатын өчигдөр хийсэн мэдэгдэл, өнөөдөр МҮБХ-оос хийсэн мэдэгдлийг зэрэгцүүлэн хүргэе.

-НЭГ. ХОЁР ДАРХАН АВАРГЫГ ЭРЭМБЭЛЭХ АСУУДАЛ ТОДОРХОЙ ДҮРЭМТЭЙ-

МҮБХ: Дархан аварга гэдэг цол дархлагдсан гэдэг утгаараа эрэмбэлэгдэхгүй байх дүрэмтэй байдаг. Харин хоёр дархан аваргыг хэрхэн эрэмбэлэх асуудал тов тодорхой дүрэмтэй тул МҮБХ энэ дүрмийг баримтлан өнгөрсөн жилийн наадмаар Г.Өсөхбаярыг зүүнийг манлайлна хэмээн эрэмбэлсэн билээ.

Энэ бол Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” юм. Уг дүрмийн 3,5-д “Бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбоо тус тус гаргах бөгөөд энэ жагсаалтанд ороогүй бөхийг барилдуулахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт бол бөхийг эрэмбэлэх үүрэгтэй субъект нь МҮБХ мөн болохыг хуульчилсан заалт юм. Өнөөдрийн байдлаар бөхийг эрэмбэлэх эрх бүхий МҮБХ-ноос өөр субъект, бөхийг эрэмбэлэх талаар дээрх дүрмээс өөр хууль, дүрэм, журам алга байна.

А.Сүхбат: Энэ бол шийдэгдчихсэн асуудал. Монгол улсын Ерөнхийлөгч аль эрт бидэнд цол өгөхдөө эрэмбээр нь тогтоогоод өгчихсөн. Тийм л гомдолтой байгаа юм бол Монгол улсын Ерөнхийлөгч буруу зарлиг гаргажээ гээд шийддэг газруудаар нь шийдэхгүй яасан юм бэ? Битгий наадам дөхөхөөр ингэж яваачээ. Монголын үндэсний бөхийн холбоо нэг хоёр хүний төлөө биш нийт бөхчүүдийнхээ төлөө яваачээ гэж хэлмээр байна.

МҮБХ: Энэ дүрмийн 3.6.1-д: “Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлнэ” гэж заасан байна. МҮБХ энэ заалтуудыг баримтлан бөхөө эрэмбэлсээр ирсэн бөгөөд 2014 оны наадмаар хоёр шинэ дархан аваргыг ч ингэж л эрэмбэлсэн болно.

А.Сүхбат: Амжилтыг минь сүүлийн үед үнэгүйдүүлэх боллоо. Тухайлбал, намайг улсад гурав түрүүлсэн. Г.Өсөхбаярыг дөрөв түрүүлсэн учраас зүүнийг манлайлах нь зүйтэй гэсэн мэдээлэл байнга явж байгаа. Би 2000 оны үед Г.Өсөхбаяр аваргын дор эрэмбэлэгдэж байсан. Харин 2000 оны Ардын хувьсгалын 79 жилийн ойн барилдаанаар арслан цол хүртсэн. Түүний дараа жил аварга цолын болзолыг хангасан. Тэр үед 10-ын даваа үнэлгээгүй байсан. Түүний дараа Д.Сумъяабазар аварга 2006 онд аварга цол хүртсэн. Дараа нь бөхийн холбоо, комисс хуралдаж байгаа надад далай, даян аварга цолыг нь өгөхгүй бол Д.Сумъяабазар аваргын цолд асуудал үүсэх нээ гэж шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед Г.Өсөхбаяр аварга бид хоёрын амжилтыг эрэмбэлэхэд миний нэр дээр нь гарсан байсан. Түүнээс хойш би долоон жилийн хугацаанд барилдаагүй. Хэрэв Г.Өсөхбаяр аваргыг миний дээр эрэмблэнэ гэвэл 2006 оноос өмнөхийг нь эрэмбэлэх нь зүйтэй. Тэгж мэргэжил тал руу нь оруулая гэж хүсч байгаа бол Монголын Үндэсний бөхийг төрийн алба болгох хэрэгтэй. Монголын ард түмнээс санал асуулга авах хэрэгтэй. Монголын бөхчүүд хуралдах хэрэгтэй.

МҮБХ: Дүрмээр олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага дүрмийн дээрх тодорхой заалтыг баримтлан Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарыг өнгөрсөн жил эрэмбэлсэн атал А.Сүхбат энэ эрэмбийг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсгэсэн, Г.Өсөхбаяр ард түмнээ хүндлээд баруун талаас гарснаар хууль ёсны эрэмбээ эдэлж чадаагүй.

А.Сүхбат: Энэ цолны эрэмбийг хэн, хэзээ, яаж, өөрчилж чадах вэ? гэвэл Монгол улсын Ерөнхийлөгч л өөрчилж, шүүхийн тогтоол шийдвэр гараад 08 тоот үнэмлэх андуурагдаад очсон байна лээ, Г.Өсөхбаяр нь 07, А.Сүхбат нь 08 тоот юм байна гэвэл би хүлээн зөвшөөрнө. Би 2004 онд Дархан аваргын болзлыг биелүүлчихсэн байсан юм байна лээ шүү.

МҮБХ: Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.07.03-ны өдөр Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүх даргатай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг хүлээн авч баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах явцдаа энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж хоёр дархан аваргыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, дүрмийг баримтлан /цолны үнэмлэхний дугаарыг баримтлан гээгүйг анхаарна уу/ эрэмбэлж, Үндэсний их баяр наадмыг үймээн самуунгүй зохион байгуулах талаар чиглэл өгсөн.

А.Сүхбат: Энэ цолын үнэлэмжийг Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос бууруулдаг зүйл биш. Хэрэв бууруулах бол Ерөнхийлөгч бууруулна. Ер нь эрэмбийг ингэж булааж авч болохгүй шүү дээ. Би зүүний манлайд гарах гээд байгаа даа ч биш. Ингэж цолыг үнэгүйдүүлж болохгүй гэж л тэмцэж байна.

МҮБХ: Ерөнхийлөгчийн өгсөн энэ чиглэл болоод, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Бөхийн салбар хорооноос МҮБХ-нд өгсөн үүргийг хэлэлцэхээр тэргүүлэгчдйн хурлаа 2015.07.07-ны өдөр хийсан болно. Энэ хурлаар дээрх чиглэл, үүргүүдийг Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт танилцуулахын тулд аваргуудад 2015.07.06-ны өдөр албан тоотоор тэргүүлэгчдийн хуралд ирэхийг мэдэгдсэн боловч А.Сүхбат ирээгүй.

А.Сүхбат: Өнөөдөр /өчигдөр/ би сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарласаны дараа урилга ирсэн. Тийм учраас би энд байна, та нартай ярилцмаар байна.

МҮБХ: Даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэтэй байсан бөгөөд амжилтын хувьд Г.Өсөхбаяр 3 удаа 8 давсан амжилтаараа 8 даваагүй А.Сүхбатаас илүү тул эхэнд эрэмбэлэгдэх нь нэн ойлгомжтой билээ. Гэтэл Зоригтбаатар гэгч хоёр бөхийн зөвхөн 2006 оноос өмнөх амжилтыг харьцуулаад “Амжилтаар нь эрэмбэлсэн ч А.Сүхбат илүү байна” гэж байгаа нь долоон жил барилдсан бөхийн амжилт, хөдөлмөрийг орхисон хэтэрхий гэнэн санаа юм.

Бөх судлаач Н.Зоригтбаатар: Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аварга нарын улсын их баяр наадамд шөвгөрсөн амжилтыг 2006 он дуустал буюу А.Сүхбат аварга зодог тайлахаас өмнөхөөр үзвэл: А.Сүхбат аварга 1 удаа 5 давсан, 4 удаа 6 давсан, 3 удаа 7 давсан, 3 удаа 9 давсан, 1 удаа 10 давсан тоогоор нийт 12 удаа шөвгөрсөн. Харин Г.Өсөхбаяр аварга бол 1 удаа 5 давсан, 3 удаа 7 давсан, 2 удаа 8 давсан, 3 удаа 9 давсан нэг ч удаа 10 давж үзээгүй аварга шүү. Мөн эдгээр амжилтууд нь 2004 оноос хойш А.Сүхбат аваргы зодог тайлсан хойно олон даваанууд авсан байдаг. Ингээд олон жил барилдаагүй аваргыг одоо Г.Өсөхбаяр аваргатай дүйцүүлнэ гэдэг байж болшгүй зүйл юм. Нодлин аварга яагаад тахимаа өгсөн гэвэл эрэмбээ харуулсан нь тэр юм.

-ХОЁР. А.СҮХБАТ ТҮРҮҮЛЖ ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БАЙДЛЫГ ХАРГАЛЗАХГҮЙ БАЙГАА ТУХАЙ-

1. Дээрх дүрмийн 3.6-д “...2003 онд цол хүртсэн бөхчүүдээс эхлэн үзүүлсэн амжилтаар нь дараах үзүүлэлтээр эрэмбэлэн жагсаалтанд оруулна” гэж зааснаас өөрөөр буюу цолны болзол хангасан оныг харгалзан эрэмбэлнэ гэсэн ямар ч заалт алга байна.

2. Үндэсний их баяр наадмын тухай Монгол улсын хууль гарсан 2003 оноос хойш 2014 он хүртэл 12 жилийн наадам бүрээр нэг өдөр, нэг ижил цол авсан бөхчүүдийг энэхүү дүрмийн 3.6.1 заалтыг баримтлан эрэмбэлсээр ирсэн.

3. Яг өнөөдрийнхтэй адил нөхцөл байдал 2004 онд бий болсон байна. Монгол улсын Ерөнхийлөгч 2004 онд зарлиг буулган улсын харцага, гарьд цолны болзлыг 2003 оноос өмнө хангаад байсан бөхчүүдэд эдгээр цолыг нөхөн олгожээ. МҮБХ шинээр цол нөхөн авч байгаа 4 гарьд, 25 харцагыг дээрх дүрмийнхээ заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлсэн. Гарьдуудаар жишээ авахад 2000 онд болзол хангасан Б.Гантогтох гарьдуудыг толгойлж, 1990 онд уг болзлыг хамгийн эхлэн хангасан Д.Баяраа амжилтаараа хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.

4. Ерөнхийлөгчийн 2004 оны зарлигт “Д.Баярааг 1990 онд, П.Сүхбатыг 1991 онд,... гарьд цолны болзол хангаснаар тооцон улсын гарьд бол олгосугай” гээгүйтэй яг адилаар Ерөнхийлөгчийн 2014 оны зарлигт “А.Сүхбатыг 2004 онд, Г.Өсөхбаярыг 2009 онд дархан аварга цолны болзол хангаснаар тооцсугай” гэж заагаагүй байна.

-НЭМЭЛТ БАРИМТУУД-

1. Өөрийнхөө зодог тайлсан шалтгааныг “Монголын үндэсний бөхийн холбооны дарамтаас болсон, Х.Баянмөнхийн хүргэн болсноос хойш дарамталж эхэлсэн” гэж ярьж байна. Гэтэл МҮБХ байгуулагдсан даруйдаа хамгийн анх Х.Баянмөнх аваргаа хөдөлмөрийн баатарт тодорхойлж баатар болгосон бөгөөд аварга найран дээрээ “МҮБХ маань, энэ Нямдорж намайг тодорхойлж баатар болголоо” гэж хэлж байсан. МҮБХ 25 жилийн турш нутгаар талцах үзэгдлийн эсрэг тэмцсээр ирсэн байгууллага. МҮБХ-ны зүгээс А.Сүхбатыг дарамталсан, түүний тухай таагүй үг хэлсэн, бичсэн нэг ч өгүүлбэрийг хаанаас ч олохгүй.

2. Би шударга барилддаг, допинг хэрэглээгүй гэдэг нь худлаа. А.Сүхбатаас анх удаа 2002 онд допинг илэрсэн. Тэр үед хууль гараагүй байсан бөгөөд манайх дүрмэндээ заасан ёсоор арга хэмжээ авахаар тэргүүлэгчид цуглаад хуралдах гэж байтал А.Сүхбат шүүхийн захирамж, дараа нь ШШБГ-ын тогтоол авчирч хурлыг зогсоосон хүн. Тэрээр 2006 онд допингийн шинжилгээ өгөөгүй зугтсан. Үүнийг олон улсын жишгээр допинг хэрэглэсэнд тооцдог журамтай.

3. Миний аав улсад хоёр удаа дөрөв давсан, нэг удаа тавын даваанд Ж.Чойжилсүрэн арсланд унасан гэдэг нь оргүй худал. Агваансамдан гэдэг хүн улсын наадамд нэг ч удаа дөрөв даваагүй. Ж.Чойжилсүрэн арслан 3-5 даваанд Агваансамдан гэдэг хүнтэй огт барилдаагүй.

4. Намайг 10 даван түрүүлэхэд цол ахиулан олгоогүй гэж байна. А.Сүхбатыг 2001 онд 10 давж түрүүлэхэд хууль гараагүй байсан бөгөөд маэнай дүрэм л үйлчилж байсан цаг. Уг дүрэмд “... арслан цолтон түрүүлбэл аварга цол олгоно” гэсэн заалт байсан юм. Өөрөөр хэлбэл 10 даван түрүүлсэн бол цол ахиулан олгох тухай заалт байгаагүй юм.

5. А.Сүхбат нас барсан бөхийн ясыг өндөлзүүлэн “П.Сүхбатад арслан цол олгоогүй” гэж байна. 1990 онд Цэцдийн зөвлөлийн анхлан баталсан барилдаан дүрэмд “Онцгой ойн жил гэдэг үндэслэлээр дутуу даваатай бөхөд цол ахиулан олгохгүй” гэсэн маш шударга заалт оруулсан байдаг юм. Онцгой ойн жил нь улс төрийнхөө хувьд чухал боловч наадамд барилдсан бөхийн чанар тооны хувьд бусад жилээс ялгаагүй билээ.

6. А.Сүхбат өөрт нь дархан аварга цол олгосон Ерөнхийлөгчийн зарлигт “А.Сүхбатыг 2004 онд, Г.Өсөхбаярыг 2009 онд цолны болзол хангасан тул” гэсэн үг байгаа мэтээр худлаа ярьж байна. Төрийн тэргүүний зарлигийн үг үсэг, агуулгыг хүртэл ингэж өөртөө ашигтайгаар өөрчлөн ярьж болохгүй.

Эцэст нь Дархан аварга А.Сүхбат Үндэсний их баяр наадмын тухай Монгол улсын хуулийн 10.4-д “Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гэж заасан заалтыг чандлан сахиж, төр, ард түмнээ хүндэтгэнэ гэдэг итгэж байна гэж МҮБХ мэдээллээ.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.