Өсвөрийн инженерүүд авьяас чадвараа сорилоо

Д.Тулга / Орон нутаг

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачлагаар Монголд анх удаа “Rube Goldberg-2015” тэмцээнийг Аж үйлдвэрийн яам, “Unamic Education” холбоотой хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд ЕБС-ийн бага, дунд насны ангилалд, хөдөө орон нутаг, нийслэлийн есөн дүүргийн нийт 10 баг оролцож оюун ухаанаа сорив.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Эндээс ирээдүйн Монгол инженерүүд, машин зохион бүтээгч төрөх асар том боломж нээгдэж байна. Монгол Улс аж үйлдвэрийн бодлогоо шинээр тодорхойлоод удаагүй боловч цаашдын хэрэгжилтийг хангах гол хүчин зүйл нь чадварлаг инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй боловсон хүчин болоод байна. Өнөөдрийн хувьд Монгол Улсад чадварлаг зохион бүтээгчид, инженерүүд дутагдаж байгаа юм. Тэгэхээр инженерчлэл, машин зохион бүтээх ухаан, физик математикийн шинжлэх ухааныг бид ирээдүй үедээ өвлүүлж цаашид онол сургалтыг үйлдвэрлэж нэвтрүүлэхэд энэ удаагийн арга хэмжээ ихээхэн ач холбогдолтой. Эндээс ирээдүйн Монгол Улсыг бүтээх шилдэг инженерүүд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр“Rube Goldberg-2015” тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан “Монгол базальт” ХХК-ийн удирдлагуудад талархснаа илэрхийлье. “Rube Goldberg” цаашид монголд өргөжих ёстой. ЕБС-иудаар дамжиж, их дээд сургуулиудад хүрч, онолын хамгийн энгийн ойлголт руу дөхснөөр хүмүүст хялбар ойлгогдох систем рүү шилжих хэрэгтэй" гэв. Түүнчлэн “Rube Goldberg” гэдэг нь дэлхий нийтийн хэл боловч цаашид тэмцээндээ Монгол нэр өгөхийг сануулсан юм.

Тэмцээний бага насны ангилалд дөрвөн баг өрсөлдсөнөөс “Монгени” сургуулийн “Од” баг нэгдүгээр байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн “Бид гурав” баг хоёрдугаар байр, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв лаборатори сургуулийн “Титан” баг гуравдугаар байрт тус тус шалгарав. Харин дунд насны ангилалд нэгдүгээр байрыг Увс аймгийн “Импайр” баг эзэлсэн бол хоёрдугаар байранд Говь-Алтай аймгийн “Алтайн Жигүүр” клубын баг, гуравдугаар байранд Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуулийн “Биндэр” багийнхан тус тус шалгарлаа. Ийнхүү хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженерүүдийг төрүүлэх зорилготой тус тэмцээн анх удаа амжилттай зохион байгуулагдлаа.

Дашрамд дурдахад, “Rube Goldberg” машин нь маш энгийн даалгаврыг авсаархан инженерчлэлтэй, бүтээлч төхөөрөмжөөр сонирхолтойгоор гүйцэтгэх олон үйлдэлтэй машин юм. Энэ төрлийн машиныг АНУ-ын алдарт хошин хүүхэлдэйн дүрс зураач Rube Goldberg (1883-1970)-ийн нэрээр нэрлэж заншсан байна. Энэ удаагийн тэмцээний сэдэв нь “Шүхэр нээх” байсан бөгөөд сурагчид авхаалж самбаа, мэдлэг, оюунаа уралдуулан өрсөлдсөн юм. “Rube Goldberg” машины тэмцээн нь бүх насны хүүхдүүдийн багаар ажиллах болон аливаа асуудалд олон өнцгөөс харах чадварыг хөгжүүлэн, дэмжих зорилготой билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.