Д.Содномжамц: Автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч маань ослыг 18-30 хувь бууруулна

Д.Тулга / Орон нутаг

sodnomjamts

Орхон аймгийн иргэн Д.Содномжамц гэх залуу “Сум хөгжүүлэх сан”-гаасаа 10 сая төгрөгийн зээл авч, Монголын нөхцөлд зориулсан автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч төхөөрөмж бүтээжээ. Энэ технологийг Монголд төдийгүй дэлхий дахинд ч шинэ нээлт гэж үзэж буй. Түүнтэй ярилцлсанаа хүргье.

-Та өөрийн бүтээсэн технологийн талаар ойлголт өгөхгүй юу?

-Энэ бол автомашинд нэмэлтээр тавигддаг, өөрийнхөө суурилуулсан автомашины гэрлийн хол ойрыг автоматаар суурилуулдаг технологи юм. Үйлдвэрлэлийн түвшинд болсон гэж бодож байгаа ч бичиг цаасны ажил ихтэй байна. Үйлдвэрлэл болгохын тулд зөвшөөрлүүд авах ёстой. Би 2014 оны зургадугаар сард оюуны өмчийн патентаа авсан. Үүнээс хойш эхний ээлжинд Монгол улсын Зөвлөх инженерийн дүгнэлт авсан. Үүнийг өөрийнх нь машин дээр сар гаруйн хугацаанд тавьж, туршилт хийлгэж байж, дүгнэлт гаргуулж авсан. Дараа нь Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулсан бол одоо Авто тээврийн яам, Замын цагдаагийн газраас дүгнэлт авчих юм бол автомашины цахилгаан систем болон жолоочийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм талаасаа аюул учруулахгүй төхөөрөмж гэдэг нь батлагдчих юм.

-Нэгэнт оюуны өмчийн патентаа авчихсан тул та манай уншигчдад хэрхэн ажиллаж байгаа механизмыг нь тайлбарлаж өгч болох болов уу?

-LDR гэж гэрэл мэдрэгч эсэргүүцэл байдаг. Энэ нь 5 мм орчим хэмжээтэй, зураасан замтай байдаг бөгөөд гэрэл тусах үеийг мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг, дамжуулагч болох юм. Эсэргүүцлийн утгыг мэдэрч байна гэсэн үг. Энэ мэдрэгчийг автомашиныхаа салхивчин дээр өнцгийг нь тааруулж тогтооно. Мэдрэгч удахгүй утастай, утасгүй гэх хоёр янзаар үйлдвэрлэгдэнэ. Цаашид мэдээж илүү боловсронгуй болгох тал дээр ажиллаж байна. Бүр НАНО түвшнийх болгох зорилготой.

-Ойролцоогоор хэдэн метр газарт гэрлийг мэдэрнэ гэсэн үг вэ?

-Ойролцоогоор 150-300 метр газарт мэдэрч, автоматаар гэрлийг шилжүүлнэ. Үүний утгыг Монголд мөрдөгдөж байгаа стандартын дагуу эсэргүүцлийг нь тохируулж өгнө. Ингэхээр төхөөрөмж нь ерөнхий мэдээллийг удирдлагын хэсэгт өгч, хол ойрын гэрлийн утсууд болон гэрлийн тэжээлтэй холбогдсон удирдлага нь автоматаар гэрлийг шилжүүлж байна гэж маш энгийнээр тайлбарлаж болно.

gerel

-Төхөөрөмжнийхөө эд ангиудыг та хаанаас бэлдэж байгаа вэ?

-Эхний ээлжинд урдаас авч, гэр буюу кэйсийг одоохондоо Монголдоо, өөрөө хийж байна. Гэхдээ цаашид олноор хийгээд эхлэх үед хүчин чадлыг нь дийлэхгүй болно. Тоног төхөөрөмж оруулж ирэхэд асар их өртөг шингэх тул юуны өмнө урдаас захиалж авдаг байгаад тун удахгүй 1000-2000 ширхэгийг зарсан хойноо эд ангиуд үйлдвэрлэгч төхөөрөмжүүдийг бага багаар нь худалдан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид бүгдийг Монголд үйлдвэрлэгч байя гэсэн зорилготой байгаа. Электроникийн элемэнтүүдийг бол Монголд хийх ямар ч боломжгүй, гаднаас л худалдаж авах хэрэг гарна.

-Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би Эрдэнэтийн технологийн сургуулийг цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр төгссөн.

-Энэ үедээ төхөөрөмжөө хийе гэсэн санаагаа олж байв уу?

-Тиймээ. Би 2008 оноос эхлэн Робокон тэмцээнд оролцож эхэлсэн. Багаасаа л мод, ундааны сав зэргийг агшиглан машин хийж тоглох дуртай хүүхэд байсан. /инээв.сур/ Сонирхол минь байсан болохоор цаашид их хөгжүүлсэн. Нэг жил Робокон тэмцээнд орохоор хот руу их яарч, оройн цагаар замд гарсан юм. Тэмцээнд орохын тулд маш их цаг зав зарцуулдаг тул гэртээ ч хонолгүй, сургууль дээрээ хонож бэлтгэлээ хийдэг байсан үе. Тухайн үед бидний унтах цаг хүртэл 2-3 цаг байх гэх мэт хязгааруудтай байдаг учраас холын замд нойр авахаар шийдсэн. Гэтэл хот хооронд явдаг микроавтобусны урд суудалд суутал унтах ямар ч боломжгүй, автомашинууд гэрлээ шилжүүлдэггүй тул нүдэн дээр тулж ирчихээд маш хэцүү санагдаж байсан. Энэ үед л автоматаар гэрэл шилжүүлдэг төхөөрөмж бүтээх санаагаа олж, цаашид хөгжүүлсэн. Ингээд туршилт хийсний үр дүнд 2012 оны наймдугаар сард оюуны өмчийн газарт хандаж, 2014 оны зургадугаар сар хүртэл шалгаж байж, баталгаажуулсан. Одоо харин хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгээ бодож, сум хөгжүүлэх сандаа хандаж зээл авсан.

-Таныг Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан гэж байсан. Энэ зээлийг хүссэн хүн бүр авах боломжтой юу?

-Манай аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай. Сумуудад байдаг их том давуу талыг “Сум хөгжүүлэх сан” юм болов уу гэж ойлгодог. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэх мэт бусад зээлүүдтэй харьцуулахад хамгийн бага хүүтэйн дээр бизнес эхлэх гэж байгаа хүмүүсийг маш сайн дэмждэг юм байна лээ. Ингээд жилийн 2.8 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийг авах хүн болгонд тэгш эрхтэй. Миний ойлгосноор энэ зээлийг хүн амьдралдаа нэг л удаа авч болдог. Бичил бизнес эрхэлдэг, эхлүүлэх гэж байгаа хэн ч байж болно. Улаанбаатар хотын иргэдийн хувьд жаахан хязгаарлагдмал ч хөдөө орон нутагт амьдарч байгаа хэн бүхэнд нээлттэй юм билээ. Та Сум хөгжүүлэх сангийнхаа мэргэжилтэнтэй уулзаад ямар бичиг баримт бүрдүүлэх, өөрийн ямар бизнесэрхлэх гэж байгаагаа танилцуулаад, шаардлагад нь нийцэж байвал ямар ч хүндрэлгүйгээр зээлийг гаргаж өгдөг.

-Зээлээ аваад, үйлдвэрлэлээ эхэлчихлээ. Энэ зээл таны амьдралд ямар бодитой хувь нэмэр оруулсан бэ?

-Нилээд тус болсон шүү. Нэг бүтээгдэхүүн хийхийн тулд ажлын байр, ажлын байранд судалгаа хийхийн тулд суурилуулах интернэт холбоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалуудаа авч ирэх гэх мэт зардал их гардаг. Энэ бүхнийг шийдэж чадсан.

sodnomjamts

-Төхөөрөмж олон тоогоор үйлдвэрлэгдээд, хэрэглэгчид ашиглаад ирвэл замын хөдөлгөөний аюулгүй байдал болон хүний эрүүл мэндэд ямар эерэг үр дүн гарахаар харагдаж байгаа вэ?

-Тиймээ, үүнийг судлаж үзсэн. Нилээд хэдэн асуудлыг шийдэх боломжтой. Нэгдүгээрт, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдын стрессийг бууруулж байна. Гэрэл шилжүүлэхгүй байгаа жолооч эсрэг урсгалынхаа жолоочийн стрессийг их “бардаг” тохиолдол зөвхөн орон нутгийн зам, хот хооронд гэхгүй Улаанбаатарт хүртэл гардаг. Мөн сүүлийн үед маш хурц гэрлүүд гарч ирж байна. Ийм гэрлийг шилжүүлээгүйгээс болж хүний нүдэнд байдаг зөөлөн эд хурц гэрэл гэнэт мэдрэхдээ хугарч байдаг. Иймд хот хоорондын нийтийн тээврийн жолоочдын нүдний хараа биднийхээс муу байдаг төдийгүй, жил ирэх тусам муудсаар л байх болно. Тэдний эрүүл мэндэд маш хэрэгтэй төхөөрөмж. Гуравдугаарт, хот хооронд гарч байгаа осол аваарийг 18-30 хувь хүртэл бууруулна. Хот дотор ажиглагдаж байгаа гэрлээ шилжүүлээгүйгээс гарч буй ослуудыг дурьдвал хоёр машины гэрэлд явган зорчигч харагдахгүйгээс болж осолд өртөх, урдаас ирж байгаа машины гэрлийн гялбаанд урд байгаа хүнээ харахгүй мөргөх гэх мэт тохиолдлууд байна. Нэмээд, есдүгээр сараас эхлээд мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэмд “Автомашины жолооч холын гэрлийг ойрын гэрэл рүү шилжүүлээгүй тохиолдолд 19.200 төгрөгөөр торгоно” гэсэн заалт орж ирсэн байна. Гэхдээ энэ заалтыг хэрэгжүүлж, хяналт тавих боломж ялангуяа хот хооронд хомс. Тиймээс энэхүү хуулийн заалтыг мөрдөж, биелүүлэхэд дөхөм болох юм.

-Хэзээнээс олон тоогоор үйлдвэрлэх боломжтой вэ? Ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Цаг хугацаа их шаарддаг юм байна. Тоног төхөөрөмжөө аваад ирчихвэл өдөрт ойролцоогоор 100 ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Хамгийн гол нь суурилуулалт дээрээ хугацаа алдах болов уу гэсэн тооцоо гараад ямар нэгэн автосервистэй хамтарч ажиллах байдлаар шийдэхээр төлөвлөж, судалгаа хийж байна. Одоогоор цагаан сар дөхчихсөн байгаа тул хил, гааль хаалттай байна.

-Миний ойлгож байгаагаар дэлхий дээр одоогоор ийм технологи байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Оюуны өмчийн патентаа авна гэдэг үүнийг л харуулж байгаа болов уу.

-Төхөөрөмж борлуулагдаж эхэлсэн үү? Яг үйлдвэрлэлийн шатанд ороогүй байгаа тул өртөг өндөр байна уу?

-Одоохондоо Эрдэнэтэд танилынхаа хүрээнд цөөн хэдийн хийж, борлуулсан байна. Ерөнхийдөө гар хийцийн байгаа учраас нэг бүрийг нь 68.000 төгрөгөөр худалдаалж байгаа.

gerel

-Энэ мэдээг уншсан хүн шууд захиалга өгөх боломжтой юу?

-Яг өнөөдөр шууд өгөх боломж одоогоор хомс байна. Баяр дуусч, хил гааль нээсний дараа буюу сар орчмын дараанаас захиалга авна гэсэн төлөвөлгөөтэй ажиллаж байна. Нэмж хэлэхэд төхөөрөмж маань цаг хугацааны аясаар илүү сайн хөгжөөд явах болно. Цаашдаа төхөөрөмжүүдээ улам жижиг болгон, боловсруулах юм.

-Яах аргагүй шинээр гарч байгаа төхөөрөмжинд аюулгүй баталгаа бий юу гэх асуулт тулгарна. Та хэдэн хувийн эрсдэлтэй гэж үзэж байна?

-Аюулгүй байдал 100 хувь. Учир нь төхөөрөмжийн дотор байгаа электроникийн элемэнтүүд автомашины дотор орж байгаа элемэнтүүдээс огт ялгаагүй, угсраад л тавьчихсан байна. Төхөөрөмж -70 хэмээс +70 хэмд ажиллана. Элемэнтүүдийг Монголдоо туршилтаар үйлдвэрлээгүй, дэлхийн стандартаар хийгдчихсэн байгаа тул ямар нэгэн эрсдэл үгүй. Харин мэдрэгчийн хэсэгт механик гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ эвдэрсэн тохиолдолд автомашины цахилгаан системд ямар нэгэн гэмтэл, өөрчлөлт өгөхгүй. Учир цахилгаан комптютертай огт холболгүй, өөрөө өөрийгөө удирдаж байдаг төхөөрөмж гэж ойлгож болно.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.