Энэ охиныг ирээдүйгүй болгож байна

Д.Тулга / Хууль

-ТЭРЭЭР ӨДӨРТ КМ ГАЗАР 1.5 ТОНН ЛИТР УС ГАНЦААРАА ЗӨӨЖ БАЙНА-

Хар тамхи хэрэглэсэн, худалдан авсан хэрэгт буруутгагдан, шүүхээс 1.6 жилийн ял авсан Г.Сарангэрэл эдүгээ эмэгтэйчүүдийн хорих буюу ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид ялаа эдэлж буй. Түүнийг оноос өмнө магадлангаар суллагдах нь хэмээн шуугиж байсан ч хугацаандаа буюу ирэх гуравдугаар сарын эхээр суллагдахаар болжээ. Магадлангаар орох гэхээр элдэв саад, дарамт байдаг бололтой юм билээ. Өнөөдрийг хүртэл түүнд ил биш ч далд хэлбэрээр дарамт шахалт ирсээр байдгийг эх сурвалж үгүйсгээгүй юм.

ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад хүмүүжигчдийн эрх, цаашлаад хөдөлмөрлөх эрх зөрчигддөг олон жишээ дуулддаг. Г.Сарангэрэлийн хувьд өдөрт тонн 500 л усыг 1 км газарт ганцаараа зөөж “ялаа эдэлж” байгаа ажээ. Өмнө нь тус ангид хэрэгцээт усыг зөөдөг хоёр хүн байсан аж. Цаанаасаа даалгавартай юу, ямар ч байсан түүнийг ганцааранг нь ийнхүү их хэмжээний ус зөөх ажилд гаргах болсон нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэлбэр гээд хэлчихэд буруудахгүй биз. Өнөөдрийн байдлаар тэрээр ихэд турж эцсэн мэдээлэл байгаа юм.

Бид хүмүүжигчийг өмөөрөх гэсэнгүй. Ялтан ч гэсэн хүн гэдэг утгаар асуудлыг хөндөн тавьж буй. Бодоод үз дээ, өдөр бүр 40 л-ийн саваар(канистр) 1.5 тонн усыг км гаруй газарт гараараа зөөнө гээд. Бяр чадалтай, булиа эр хүнд ч ахдам ажил санагдана. Хүмүүжигч бүсгүйн алдаан дээр дөрөөлж, улс төрийн зорилгодоо зохион байгуулалттайгаар ашиглаж, өндөр албан тушаалтантай холбон нийгэмд хамгийн болж бүтэхгүй, засрашгүй нэгэн болгож харагдуулаад амжсан. Тэр бүсгүй ирээдүйд ямар итгэл сэтгэлээр амьдрахыг таашгүй юм. Эдүгээ найз залуу нь л түүнийг өдөр бүр эргэж, сэтгэлийн дэм хайрлаж байгааг эх сурвалж хэлэв.

Зарим мэдээллийн хэрэгслээр “Хорих ангид зохиогддог талархлын баярын өдрөөр Г.Сарангэрэл авьяасаа үзүүллээ” гэж онцлоод, зургийг нь бусдаас илүү томруулж харуулаад байсан нь тийм ч таатай харагдаагүй. Хорь дөнгөж шүргэж яваа энэ бүсгүй бусдын л адил алдаж, гэнэдсэн нэгэн биш гэж үү гэх бодол төрөх.

Бид Хүний эрхийн үндэсний комиссын утсаар холбогдож, “Хүмүүжигчээр өдөр бүр 1.5 тонн ус зөөлгөж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй асуудал мөн үү” гэсэн асуултад хариу авахыг оролдов. Харамсалтай нь тодорхой хариулт өгсөнгүй, “Ялтны хөдөлмөр эрхлэлтийн асуудал байж болно” гэсэн товчхон хариулт өгсөн юм. Хорих 407-р ангийнхантай холбогдох гэсэн боловч утас нь хаалттай байлаа.

-ХҮМҮҮЖИГЧ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ШҮҮХЭД ДУУДСАН АНХНЫ ТОХИОЛДОЛ БОЛЖЭЭ-

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэдэг үг бий. УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд асныг нялх амрагтайг нь зарлан тунхаглаж, элдвээр хэлсэн төрийн түшээ өнөөдөр өөрөө шүүхэд дуудагдаж явна. Түүнээс хүмүүжигч Г.Сарангэрэл нэр төрөө сэргээлгэхээр 10 тэрбумыг нэхэмжилжээ. Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хэрэг үүсгэн, процессын ажиллагаа явагдаж буй юм байна. Урд нь хэн ч төрийн түшээдийн эсрэг дуугарч чаддаггүй байсан бол энэ удаа хүмүүжигч бүсгүй УИХ-ын гишүүнийг шүүхэд дуудсан анхны тохиолдол болжээ.

Г.Сарангэрэл О.Баасанхүүд холбогдох хэргийн шүүх хуралд биечлэн оролцох юм байна. Өмгөөлөгч Г.Батбаяр уйгагүй хөөцөлдсөний үр дүнд Г.Сарангэрэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу 100 сая төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.