П.Гандолгор: Дөрвөн сарын турш өөрсдийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргалаа

Д.Тулга / Нийгэм

UBS телевизээс санаачлан “EBI” хүрээлэн, “Либериал хаус” бодлогын судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн IV шатанд 30 залуу тунаж үлдээд буй. Шилдэг залуус арван багт хуваагдаж төслийн хүрээнд зохион байгуулагдаж төрөл бүрийн акц, арга хэмжээ, төсөл хөтөлбөр, үйл ажлуудыг гүйцэтгэн зохион байгуулж байна. Бид энэ удаа “Хувь хүний хөгжил, манлайлайл, оролцогчийн PR төлөвлөгөө” ажлыг хариуцан хийж буй ажлын хэсгийн гишүүн П.Гандолгортой товчхон ярилцлаа.

-Ажлын хэсгээ товчхон танилцуулбал?

-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогч Д.Баттуул, Э.Болд-Эрдэнэ бид гурав “Хувь хүний хөгжил, манлайлал, оролцогчийн PR төлөвлөгөө” –г хариуцан ажиллаж байна. Манлайлагч хүн тасралтгүй суралцаж, өөрийгөө өдөр бүр ирлэж байх ёстой гэдэг утгаараа дөрвөн сарын турш өөрсдийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргалаа. Бидний төлөвлөгөө багаараа манлайлж нийгэмд эерэг өөрчлөлт гаргахад чиглэсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сар хүртэл шилдэг 30 оролцогч өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөтэй болж, ахисан түвшний манлайллын хөтөлбөрт хамрагдан PR төлөвлөгөөний дагуу өөрийгөө олон нийтэд танилцуулна. Мөн “Манлайлагч хүний уншвал зохих 20 ном”-ын жагсаалт гаргасан. Эдгээр номыг энэ хугацаанд уншиж дуусах бөгөөд номын хэлэлцүүлэг зохион байгуулна.

- “Хувь хүний хөгжил, манлайлал” сургалт, номын хэлэлцүүлгийн ажил эхэлсэн. Үр өгөөж нь юу байв?

- Өмнө нь манлайллын системтэй сургалтад хамрагдсан болохоор, энэ шатанд илүү хувьчилсан зөвлөгөө, ахисан түвшиний сургалтыг шилдэг оролцогч нартаа өгөхийг зорьсон. Тухайлбал энэ ажлын хүрээнд хувь хүн бүр имижийн зөвлөгөө авч, PR төлөвлөгөө гаргаж байгаа төдийгүй гэрээ хэлцэл, хэлэлцээр хийх чадварыг хөгжүүлэх сургалт, улс төрийн PR хийх стратегийн хичээлийг түлхүү орууллаа. Эхнийхээ номын хэлэлцүүлгийг Пак Жанхый “Солонгосын сэргэн мандалт” номоор хийж УИХ-ын С.Ганбаатар гуай оролцсон. Харин өнөөдөр Жорж Орвеллийн “Амьтны ферм” /Animal Farm/ номоор хэлэлцүүлэг явуулах гэж байна. Урилгаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав оролцоно. Бид хоёр долоо хоногт нэг удаа номын хэлэлцүүлгийг шилдэг оролцогчдын дунд зохион байгуулж яваа. Хэлэлцүүлгийнхээ цар хүрээг тэлэх зорилгоор улс төр, нийгэмд нөлөө бүхий хүмүүсийг урьж байгаа. Номын хэлэлцүүлгээр дамжуулан, ном уншдаг, уншсан номоо хэлэлцэж, бие биенээсээ суралцдаг соёл бүрдүүлэхийг зорьж яваа. Шилдэг оролцогчид энэ сарын сүүлчээр АНУ-д нэг сар сургалтад хамрагдана. Ирээд орон нутагт ажиллана. Тухайн газар бүрдээ бид төлөвлөсний дагуу номын хэлэлцүүлгээ хийгээд явна.

-Харин PR төлөвлөгөө буюу есөн алхам ажлын тухайд?

-Тиймээ. Зөвхөн нэвтрүүлгийн хүрээнд өөрийгөө таниулахаас гадна, оролцогч бүр өөрсдийн санал санаачилгаар олон нийтэд өөрийн үзэл бодлоо таниулж, дэмжлэг авах нь чухал. Энэ үйл ажиллагаанаас тухайн оролцогчийн манлайлал, идэвх харагдах учиртай. Есөн алхам гэдэг нь ТВ-ийн гурван нэвтрүүлэг, радиогийн гурван ярилцлагад орж, сонин сэтгүүл сайтад гурван нийтлэл нийтлүүлсэн байх ёстой.

-Амжилт хүсье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.