Хавтаст хэрэг шатаасан этгээд хоёр зүйл ангиар ялаа хүндрүүлжээ

Д.Тулга / Хууль

tsagdaa

Монгол Улсын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Эрх чөлөөтэй монгол хүн” зорилтын хүрээнд болон Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ЦЕГ-ын харъяанд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар хэмээх шинэ байгууллага байгуулагдсан. Өнгөрсөн есдүгээр сард шинээр зохион байгуулагдсан байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулах нээлттэй хаалганы өдөр хийж байсан билээ.

Тус газар баруун дөрвөн замын дэргэдэх, хуучнаар Хэрэг бүртгэх газрын байранд байрладаг, хүн амины болон хулгайн гэмт хэрэг харъяалан шалгадаг. Арванхоёрдугаар сарын сүүлчээр буюу тус газрын албан хаагчид шинэ жилийн баяртай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байх үед тус газарт хулгайч орон, хамаг бичиг баримтыг нь “хуу хаман” алга болжээ. Тодруулбал, хулгайч тус газрын байрны цонхоор дамжин ахлах мөрдөн байцаагч болон мөрдөн байцаагчийн өрөөнд нэвтрэн орсон байна. Улмаар хоёр төмөр шүүгээнээс нь 22 ширхэг хавтаст хэрэг авч, байрных нь гадаа гарган шатаажээ.

-ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОХ ХАВТАСТ ХЭРЭГ ХУЛГАЙЛААГҮЙ ГЭВ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн этгээд удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх болчихсон нэгэн байсан гэх. Энэ зүйлд “Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Цагаандаа гарсан уг этгээд зорилгоо гүйцэлдүүлэн, хавтаст хэргүүдийг шатааж дууссаныхаа дараа өөрийг нь шалгаж байсан мөрдөн байцаагчийн утас руу залгаж “Би хавтаст хэргээ шатаачихлаа” хэмээн хэлсэн аж. Энэ үгэнд нь итгээгүй байцаагч маргааш нь ажилдаа ирээд түүний үнэн хэлснийг мэджээ. Улмаар шуурхай ажлын хэсэг гарган ажилласны үр дүнд хулгайчийг баривчлан, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

“Өөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэхгүй, арваад жил шалгах нэрийдлээр нааш цааш явуулсаар байсан тул уурлаж бухимдсандаа хавтаст хэргээ шатаасан” гэж сэжигтний талын албан бус эх сурвалж мэдээлж буй юм. Түүний хулгайлсан 22 хавтаст хэрэг дотор өөрийнх нь хулгайн хэргээс гадна бусдын амь насыг хохироосон, өөр хүмүүст холбогдох хэрэг ч байсан тухай зарим хэвлэлээр гарсныг албаны хүн үгүйсгэсэн. “Зөвхөн өөрт холбогдох хэргийн хавтаст хэргүүдийг л авсан байсан. Хүн амины хэрэгтэй холбоотой өөр хүнд холбогдох хавтаст хэрэг байгаагүй. ЦЕГ-аас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байна. Уг этгээд ийм хэрэг хийснээрээ Эрүүгийн хуулийн 145.4-д заасан 10-15 жилийн ялаасаа гадна дахин хоёр зүйл ангиар шалгагдаж, ялаа нэмүүлэхээр боллоо” хэмээсэн юм.

-ХОЁР ЗҮЙЛ АНГИАР ЯЛАА ХҮНДРҮҮЛЖЭЭ-

Хулгайч эрд Эрүүгийн хуулийн 234.2 “Шунахайн болон хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

245.1. “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээх хоёр зүйл ангиар нэмж эрүүгийн хэрэг үүсгэжээ.

-ТУС ГАЗРЫН АЖИЛТНУУДАД ЯМАР ХАРИУЦЛАГА ОНООСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Цагдаагийн аливаа газар, нэгжид жижүүрийн цагдаа, офицер 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг байна. Гэтэл хэрэг гарах үед ажиллаж байсан жижүүрүүд манаж байсан байранд нь хулгайч орж, өчнөөн бичиг баримт хулгайлаад, байрных нь гадна шатаасныг мэдээгүй өнгөрчээ. Тиймээс уг хавтаст хэргүүдийг хулгайчид алдан устгуулсан Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын 12 алба хаагчид хариуцлага тооцохоор болсон мэдээлэл байсан.

ЦЕГ-ын даргын зөвлөл өчигдөр хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус ажилтнуудад ямар шийтгэл ноогдуулсан нь тодорхой бус байна. Учир нь энэ хэргийн талаарх мэдээллийг тухайн байгууллагын ажилчид дотроосоо задруулсан байх магадлал өндөр тул энэ талаар дахин хэнд ч ам нээхгүй байхыг үүрэг болгосон бололтой. Тус газрын эх сурвалжууд мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байсан юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:03


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.