Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилга болон газрыг дуудлагаар худалдахаар болжээ

Д.Тулга / Улстөр

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд, хэдэн чухал шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Дээрх хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, зарим хугацааг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгох болон зарим этгээдийг өршөөлд үл хамруулахыг тус тус тусгасан байна.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилга зэрэг байгууламжуудыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Эдгээр барилга Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх, засч тохижуулахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Гэвч тус компанийн хувьцааны 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшиж байгаа учраас дээрх барилгад эмнэлэг байгуулах асуудал ихээхэн төвөгтэй, удаашрах шинжтэй байгаа аж. Бусад барилга нь “Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага”, “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”, “Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм”, өрөөний гэрэлтүүлгийн төлөвлөлтийн шаардлага хангаагүй, барилгад эвдрэл, ан цав үүссэн болон бусад үндэслэлээр хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглахад тохиромжгүй гэсэн байна. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, төвлөрүүлсэн орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхай зохион байгуулж, 2015 оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт даалгажээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:46


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.