9911, 8811-ийн эздийг дарамтлахдаа 4-5 дугаар ашигладаг байжээ
9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн гар утсанд үл таних дугаараас биеэ үнэлэх утга бүхий мессэж илгээж, бусдыг дарамталж мөнгө авдаг сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл бүртгэгджээ. Хуулийнхан дээрх иргэнийг олж тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна. Монгол Улсын иргэн, 25 настай, эмэгтэй, Б нь 8880..., 8841..., 9144..., 9989... дугааруудыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг. Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байжээ. Өмнө нь иргэн Б-г 9963....дугаарын утсаас айлган сүрдүүлсэн гэж үзэн, торгуулийн арга хэмжээ авсан аж. Мөн тэрээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байжээ.
Тэрээр 2014.11.28-ны өдөр иргэн Н-ийн 8811... дугаарын утсанд 8880 дугаарын утсаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг, ганц бие эмэгтэй. Гэртээ ганцаараа уйдаад сууж байна. 70.000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессэж илгээж, харилцан мессэж бичиж, утсаар ярилцжээ. Ингэхдээ “Надад мөнгө хэрэгтэй байна. Хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессэжүүдийг чиний фэйсбүүкийн бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж, аргагүй байдалд оруулж, улмаар 400.000 төгрөг авчээ. Тэрээр иргэн Н-ийн эхнэрт дарамталсан утгатай мессэжүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаардсан байна.
Харин энэ Н гэх эрхэмийг УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ий Б.Наранхүү байсан талаарх мэдээлэл гарсныг эрхэм гишүүн үгүйсгэв. Тэрээр “Би энэ мэдээллийг цахим хуудаснаас олж уншлаа. Гэхдээ над руу мессэж бичээгүй. Цагдаад энэ талаар мэдээлэл би өгөөгүй” гэж буй юм.
Энэ мэт 9911, 8811, эсхүл азын дугааруудыг таамгаар цуглуулж, биеэ үнэлэх утга бүхий мессэж илгээн, хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байгаа хэрэг цөөнгүй гарч буй юм байна. Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.БУРМАА
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:03
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:03