Г.Майцэцэг: Үндэсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дарамтлах биш дэмждэг баймаар байна

Д.Тулга / Эдийн засаг

yariltslaga

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе хэмээн сүүлийн жилүүдэд багагүй ярих болсон. Нөгөөтэйгүүр олон нийтийн дунд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь нэмэгдээд байгаа. Гэсэн ч өнөөдөр Монголд 1000 хүртэлх дотоодын ажилтантай үндэсний томоохон оёдлын үйлдвэр ч алга. Үүнд үйлдвэрлэгчдийг буруутгах аргагүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжиж өгөх хүсэлтийг аж ахуй нэгж, хувь хүмүүс өнөөдрийг хүртэл хүсч санал сэтгэгдлээ манай редакцид илгээсээр байсан билээ. Өнгөрөгч өдрүүдэд үндэсний томоохон брэнд болох Эксклюзивтэй холбоотой мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Гансүхийн Майцэцэгтэй ярилцлаж санал бодлыг нь хуваалцсан юм.

-Танай компани хэдийнэ хэрэглэгчдийн танил болсон. Тэгэхээр олон зүйлийг нуршилгүйгээр хэвлэлүүдээр яригдаж байгаа асуудлын талаар ярилцацгаая. Танай компанид 300 сая төгрөгийн татварын торгууль ногдуулсан гэж байсан? Бусад дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд ч гэсэн нэг айдас ч бий болчих шиг?

-Компаниа Польш улсад үүсгэн байгуулж байлаа, “Exclusive” бол гэр бүлийн компани. Нөхөр маань Герман улсад дизайнер, хувцасны зураачаар сургууль төгссөн. Харин би Польш улсад олон улсын зах зээл судлалаар төгссөн. 2002 оноос Польш улсад оёдлын цех ажиллуулж байгаад 2008 онд эх орондоо ирсэн. 2009 оноос “Exclusive” компанийхаа үйл ажиллагааг эхэлсэн. Компаниа байгуулаад 14 хонов уу үгүй юу улсад бүртгүүлж татвараа төлж эхэлсэн. Тухайн үед 2010 онд өмнөх хоёр жилийн татварын шалгалт гээд л ирж байсан. Тэр үедээ ямар ч асуудал алгаа гээд зарим нэг зүйлийг хэлээд л өнгөрч байсан юм. Ингээд 2013 онд мөн өмнөх хоёр жилийн татварын шалгалт ороод хуурамч падаан цуглуулсан гэх нэрээр ийм хэмжээний торгууль ногдуулсан байсан. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж, хөдөлмөрлөчихөөд гэнэт тийм их торгуульд унаад, ялтан болно гэх үг сонсоод цочирдсон. Ингээд би холбогдох татварын албаны байцаагчтай нь очиж уулзсан юм. н.Ариунбилэг гэх татварын байцаагч намайг хүлээж аваад “Чам дээр 350 сая төгрөгийн татварын торгууль бичигдсэн байна шүү дээ” гэхэд нь гайхсан. Тэгээд “Сайн ярь л даа” гэхээр нь сайн тайлбарла гэж байна гэж ойлгоод эхнээс нь бүх нөхцөл байдлыг нь ярьсан. Гэтэл “сайн ярь л даа” гэдэг нь өөр утгатай л байсан юм билээ. Төрийн ямар ч ажилтанд ёс зүй гэж байх ёстой. Ийм нөхцөл байдал үүссэн учраас би Татварын ерөнхий газрын ёс зүйн хороонд хандсан. Татварын байцаагчийн зүгээс надад ямар ямар нөхцөл байдал тулгараад, яах вэ гэдэг арга замыг зааж өгөхөөсөө илүү торгочихъё, тохирчихъё гэсэн нь харамсалтай л байлаа. Би татвараа төлөхгүй гэж хэлээгүй. Харин энэ шударга бус тогтолцооноос болж надаас гадна өөр олон аж ахуй нэгж, дотоодын үйлдвэрлэгчид битгий хохироосой л гэж хүсэх байна. Мөн нягтлан бодогчийн буруутайгаас болоод зөрүүтэй зүйлүүд гарсан байсан. Төлөгдөх ёстой 150 сая төгрөгийн татварын торгууль одоогоор бий.

-Тухайн байцаагчийн энэ асуудлыг ёс зүйн хороонд нь мэдэгдсэн гэлээ. Ямар нэг арга хэмжээ авсан талаар хариу хэлсэн үү?

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст ажилладаг байсан н.Ариунбилэг байцаагчийг ажлаас нь халсан гэх боловч өөр газарт шилжүүлсэн ч юмуу, албан тушаалыг нь өөрчилсөн юм шиг байна билээ. Гэхдээ надад тухайн хүний мууг үзье гэсэн зорилго огт байхгүй. Бид аль ч шатандаа шударга байя гэдэг зарчмыг л би хүссэн. Надад зарим нэг танилууд маань хэлж л байлаа. “Чи одоохондоо хөрсөн дээрээ бууж ирэх болоогүй л байна даа. Удахгүй чамд татварын шалгалт ороод ирэхээр хөрсөн дээрээ буухаас аргагүй дээ” гэж байхад нь би өмөөрөөд л өнгөрч байлаа. Европт бол татвар өндөр байдаг. Харин ч манай улсад НӨАТ гэхэд л 10 хувь гэх мэтчилэн харьцангуй зөөлөн бодлоготой хэмээн боддог байсан. Гэсэн ч нөхцөл байдал дээр хүндхэн л туссан.

-Танай компани хэдэн ажилтантай вэ? 150 сая төгрөг гэдэг уг нь ажилтнуудынхаа цалинг боломжийн нэмчихээр л сонсогдож байна?

Манай компани 120 ажилтантай. 4 салбар дэлгүүр, 3 салбар оёдлын үйлдвэртэй. Гэхдээ би бууж өгч шантрахгүй. Манай компани дампуураагүй. Хэвийн ажиллаж байгаа. Яаж ийгээд хүнд үеийг даваад л гарна. Миний хувьд Шинэчлэлийн Засгийн газарт талархаж явдаг. Учир нь сүүлийн 20 жил оёдлын салбарт хөрөнгө оруулалт хийж хонгилын үзүүрт гэрэл гаргасан юм шүү дээ. Харамсалтай нь ингэснээр өөрийгөө өрөнд оруулчихна чинээ санаж байгаагүй. Хэрэв төр үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол татварын бодлогоор дэмжиж бас хамгаалах хэрэгтэй. Бид монголдоо бодит үнийг тогтоохыг гол зорилгоо болгон ажилладаг. Өнөөдөр манай улсад брэнд бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийн хувцас маш өндөр үнэтэй байгаа. Гэтэл брэнд үйлдвэрлэгч улс орнууддаа бол манайхаас бараг 2-3 дахин хямд байдаг. Тиймээс монголчууд маань хямд үнэтэй хятад хувцсаар гоёж байна. Энэ зааг ялгааг ойртуулах, монголдоо үйлдвэрлэсэн чанар сайтай хувцсыг боломжийн үнээр авч өмсөх бололцоог олгохыг хүсч байгаа. Тэгэж гэмээнэ монгол хүний үнэлэмж ч дээшилнэ.Бид дотоодод 48 мянган төгрөгөөр үйлдвэрлэгддэг хувцсыг 12 мянгаар үйлдвэрлэж болдог жишгийг тогтоосон.

-Манай редакцид ч мөн хувь хүмүүс аж ахуй нэгжүүд багагүй ханддаг. Тэдний ганц хэлдэг зүйл бол “Үндэсний үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжээд өгөөч” гэх хүсэлт л байдаг. Магадгүй бодлогын түвшинд л энэ асуудал яригдах байх?

Их хэмжээний татварын торгуульд уначихаад ирмэгцээ л энэ асуудалд улам няхуур хандаж эхэлсэн. Би Жастин Капла зэрэг хүмүүс шиг 35 тэрбумын өр тавиагүй. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд хичээж яваа жирийн л иргэн хүн. Ардаа би 120 хүнийг давхар авч явдаг. Би ерөнхийлөгчөөс уучлалт хүсч, татвараас чөлөөлөгдөх ч гээгүй юм. Гол нь надаас өөр олон үндэсний үйлдвэрлэгч энэ мэт байдлаар санхүүгийн тодорхой мэдлэггүй, нөгөө талаасаа иргэнээ, аж ахуй нэгжээ гэдэг татварынхны сэтгэлгүйгээс болж хохирч байгаад сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Гэтэл өнөөдөр татвараа тогтмол төлдөггүй асар олон аж ахуй нэгжүүд байна. Энэ бол шударга бус байдал. Чингис бондын 888 төслөөс 750 сая төгрөгийн зээл авсны 350 саяыг нь татварын торгуульд авчихвал би яаж үйлдвэрлэлээ явуулах вэ. Хэцүү шүү дээ. Ухаад гардаг баялаг бол шавхагддаг баялаг. Дотоодын үйлдвэрлэл гэдэг бол шавхагдашгүй баялаг. Тиймээс өөр олон аж ахуй нэгжүүдийг ингэж шулдаг явдлыг болих хэрэгтэй. “Бизнесээ хөгжүүлж, хурдасгахын тулд шат шатандаа авилгал өгдөг” гэх яриаг сонсоод би итгэдэггүй байлаа. Авилга бол хурдасгуур болчихсон гэдэгтэй би л хувьдаа эвлэрч чадахгүй. Гэхдээ ямар ч байсан улсдаа би татвараа төлнө. Үүний хүчинд би өөр нэг аж ахуй нэгжийг, иргэнийг дэмжиж байгаа гэж бодож байна. Хэн нэгнийг буруутгах гэсэнгүй.

-Та өөрөө ажил олгогч, үндэсний үйлдвэрлэгч хүн. Өнөөдрийн татварын орчин аж ахуй эрхлэгчдэд дарамт үүсгэдэг гэж харах гээд байна уу?

Нэгэнт л манайх дотооддоо үйлдвэрлээд болж байгаа учраас л үүнийг татварын орчноор хамгаалах нь чухал. Үйлдвэрлэлийн таатай орчин бүрдэж, дотооддоо өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Харин худалдаачид дотоодын бүтээгдэхүүнээ авч үйлдэврлэлийг хөгжүүлэх оролцоог нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ мэт зүйлийг татварын орчноор дэмжиж өгснөөр хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих бололцоо бүрэн нээгдэх юм. Заавал урт хугацаагаар татвараас чөлөөлөх шаардлага байхгүй шүү дээ. Тодорхой хугацаа зааж, орчин нөхцлийг бий болгож өгч яагаад болохгүй гэж. Мөн манай улсад орцонд үйл ажиллагаа явуулж буй олон оёдлын үйлдвэр байна. Үүнийг ямар байдлаар дэмжих вэ гэхээр түүхий эдийг нь тодорхой хугацаанд татваргүй болгодог ч юм уу олон зүйл хийх боломжтой.Татвараар дарамталдаг биш дотоодын үйлдвэрлэгчдээ татвараар хамгаалдаг болох тогтолцоо л дутагдаж байна. Монголоос бусад бүх газарт үндэснийхээ үйлдвэрийг гааль болон татварын бодлогоор хамгаалсан байдаг юм. Түүнээс гадна хяналт чухал. Гэтэл манай улсад хяналт гэдэг зүйл огт байхгүй гэж болно.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Уг асуудалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн байцаагч н.Ариунбилэгтэй холбогдохыг хүссэн боловч түүний утас холбогдох боломжгүй байлаа.

Ц.ТАМИР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.