Амьтан тамлаж, нүгэл үйлдсэнээ гайхуулагсдад хариуцлага тооцъё

Д.Тулга / Хууль

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо (НАМЗХ)-ныхны чонын засаа идэж байгаа зураг цахим сайтуудаар сүүлийн хэд хоног тарлаа. Twitter-т "Бүлүүм" нэрээр жиргэдэг нэгэн жиргээч НАМЗХ-ны гишүүний түүхий засаа хүртэхээр их л тухлан суусан зургийг тавьж "Улс төрд томрохын тулд чонын түүхий төмсөг идэх ёстой, МАН-ын залуучуудын хүнс гэнээ. НАМЗХ" гэсэн тайлбар хийжээ. НАМЗХ бол улстөрд орох сонирхолтой залуусын дамжин өнгөрөх бааз шахуу болсон байгууллага.

УИХ-д сууж байгаа МАН-ын гишүүдийн олонхи нь энэ байгууллагаар дамжсан. Гэтэл МАН-ынхан тэр дундаа НАМЗХ-ныхон чонын засаагаар хооллож байгаагаа гайхуулж, амьтан тамладаг, түүхий махаар хооллогч байх үлгэр дуурайлыг үзүүлж байна. Улс төрд орохоор бэлтгэгдэж байгаа гэх тэдний үйлдлийг хараад бусад нь яах вэ. Соёлт хүн төрөлхтөн ийм үйлдэл гаргасан этгээдүүдийг "араатан" гэж нэрлэдэг юм. Яагаад гэвэл орчин цагийн соёлт хүмүүс байгалийн бүтээл болсон амьтдыг алах, тамлахыг эсэргүүцдэг. Тийм үйлдэл гаргасан хүмүүсийг үздэггүй. Амьтан засч тамлах нь соёлт ертөнцөд байж боломгүй харгислал гэж үздэг. Тэгээд ч амьтан алах нь монголчуудын уламжлал биш. Бид эртнээс амьтны амь хөнөөх нь арван хар нүглийн нэг гэж цээрлэж ирсэн. Гэтэл улс төрд орж байгаа, алдаршихын мөрөөсөл болсон нөхдүүд амьтан тамлаж, амьтны амь тасалснаа гайхуулдаг боллоо. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэг хэсэг чоно алснаа гайхуулж, цахим сайтуудаар зургаа баахан тараасан. Ийм ойворгон, бодлогогүй үйлдэл хэрээс хэтэрч мал амьтны засааг түүхийгээр нь идэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр тараадаг боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар адууны засааг түүхийгээр нь идэж байгаа бичлэгээ нийгмийн сүлжээнд тавьж олон хүний дургүйцлийг хүргэсэн. Үнэхээр ч түүний бичлэгийг харахад огиудас хүрэхээр байсан.

Гэтэл одоо НАМЗХ-ныхон чонын засаагаар зоог барьдаг болсон гэж гайхуулж байна. Тэдний энэ үйлдэл амьтан тамласан, олноор нь хөнөөсөн гэмт хэргийн нотлох баримт болох юм. Цаашлаад түүхий махаар хооллогчид шиг харагдаж байна. Олон улсад түүхий махаар хооллогчид донтож хүний мах руу шүлэнгэтдэг гэж үздэг. Үүнийг ханнибализм гэдэг юм. Ханнибал болон этгээдүүд аймшигтай гэмт хэрэг үйлдсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарч байдаг. Тийм учраас түүхий махаар хооллогчдыг соёлт хүн төрөлхтөн үзэн ядаж, гадуурхдаг. Гэтэл залуусын үлгэр дуурайл болсон эрхмүүд ийм үйлдэл гаргаад байгааг юу гэх вэ. Тэднийг амьтан хөнөөхийг уриалснаас гадна ханнибализмыг сурталчилсан гэж болно. Тийм учраас ойворгон, болчимгүй үйлдлийн илрэл бүрт арга хэмжээ авч, хариуцлага тооцож баймаар байна. Олон нийтийн сүлжээгээр тарж байгаа нүд халтрим эвгүй зурагт хуулийнхан анхаарлаа хандуулж, хууль бус үйлдэл хийгч, тэднийг хөхиүлэгсдэд хариуцлага тооцооч.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:53


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.