Тарваган тахлаас сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов

Д.Тулга / Эрүүл мэнд

tarvagaМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварын үеийн бэлэн байдлыг хангуулах, хяналт шалгалтаа эрчимжүүлэхийг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Энэ дагуу аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын халдварын үед хэрэглэх халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисын нөөц зэрэгт хяналт хийж, бэлэн байдлыг нь хангуулах юм.

Өнгөрсөн онд шалган бүртгэх товчоогоор нийслэлд оруулахаар завдсан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын үзлэг, шалгалтаар илрүүлж хураасан тарваганы түүхий эд, махны 501 сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилж байсан юм. Иймээс төв, суурин газарт байгалийн голомтот болон мал, амьтны гоц халдварт өвчин орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэл бүхий нэвтрэх цэгүүдэд байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулахыг чиглэл болголоо.

Тарваганы мах, арьс, бусад түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, аймаг, нийслэлийн холбогдох байгууллагад мэдэгдэн шинжилгээнд хамруулах, тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийлгүүлэх, худалдааны төвд болон иргэд тарваганы мах, арьс худалдаж байгаад хяналт тавьж, хууль бус агнуурт урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс учрах аюул, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, зөвлөмжийг иргэд, ялангуяа алслагдсан нутгийн хүн амд хэвлэл мэдээллийн боломжтой бүх хэрэгслээр хүргэхэд онцгой анхаарах юм.

Энэ сард Ховд аймгийн Булган суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдээд байгаа. Манай улсын 17 аймгийн 132 суманд тарваган тахал гарах эрсдэл ихтэй. Ялангуяа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймагт идэвхжил өндөр байна. Зун, намрын улиралд тарвага агнах, ялангуяа нохой, хавх, урхи ашиглан агнах, мах, түүхий эдийг нь зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх нь давтагддаг. Нийслэл, аймгийн худалдааны төвүүд болон гар дээрээс түүхий мах, тулам, боодог, хүн мах, нойр булчирхай, давсаг зэргийг нь худалдах, өмхийрч муудсан махыг хот, суурин газарт ил задгай хаядаг нь халдвар тархах эрсдэл үүсгэдэг. Иймээс иргэд анхаарал, болгоомжтой байж өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.