С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай өргөн барих шаардлагатай

Д.Тулга / Нийгэм

2004 онд УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг баталснаар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэх болсон. Гэвч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болжээ.

Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай охин гэр бүлийн хүчирхийлэл дунд байсаар амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Уг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байдаг ч бодитой хөрсөн дээр хэрэгжихгүй байх шиг байна. Шинэчлэлийн Засгийн газрын үед Х.Тэмүүжин сайд байхдаа энэ хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж байсан ч буцаасан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Энэ хуулийг анх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сайд байхдаа Засгийн газраас өргөн барьж байсан. Өмнө нь 2004 онд өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хууль дээр УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд ажлын хэсэг гарч, эмэгтэй гишүүд ажлын хэсэгт багтаж ажилласан. Энэ чиглэлээр олон хэлэлцүүлэг хийсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг олон улсын байгууллага, иргэний нийгмийн, хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ хуулийг буцааж татсан байгаа. Шинээр Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хуультай уялдуулж оруулж ирнэ гээд буцааж татсан.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль заавал тусдаа байх ёстой юу гэх асуудал яригдаж байсан. Таны байр суурь ямар байна вэ. Иргэдийн шаардлага бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тусдаа байх ёстой гэж үзэж байна?

-Заавал тусдаа хууль байх ёстой. Өнөөдөр энэ хууль тусдаа байж ач холбогдол нь илүү гарна. Сандарсан, айсан жирийн иргэн хүмүүс энэ хуулийг үзээд ойлгомжтой байхаар тусдаа хууль байх ёстой. Өөр хууль дотор орчихоор энэ хуулийг мэдэж чадахгүй.

-Хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх хаврын чуулганд өргөн барих уу. Бусад гишүүд хэр дэмжиж байна вэ?

-Яаралтай өргөн барих шаардлагыг Засгийн газарт тавьж байна. Олон нийтийн цуглаан нэлээд хүч өглөө. Хэрвээ яаралтай өргөн барихгүй бол гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барих бодолтой байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэй хүний асуудал биш. Энэ бол нийгмийн асуудал учраас эрэгтэй гишүүдээр ахлуулдаг. Манай эрэгтэй гишүүд энэ хуулийг дэмжиж байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгад ямар асуудлыг голчлон тусгав. Өмнөх хуулиасаа юугаараа илүү хууль болсон гэж үзэж байна вэ?

-Шинэ хуулиар хариуцлага хүлээж байгаа субъектыг нарийвчилж гаргасан байгаа. Засгийн газар, цагдаагийн байгууллага, хорооны нийгмийн ажилтан юу хийх вэ гэдгийг тусгаж өгсөн. Өмнөх хуулиар зохицуулагдаж чадахгүй байсан гэрч хохирогчийг хамгаалах асуудлыг нэлээд тусгаж өгсөн. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлчихээд эргээд айдаг. Энэ асуудлыг шинэ хуулинд тусгаж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүх төсөв, хөрөнгийг заавал тусгасан байх ёстой. Төсөв мөнгөгүйгээр хуурай хууль хэрэгжихэд хүндрэлтэй байдаг.

-Гэр бүлийн дотоод асуудал гэж ярьдаг шүү дээ. Үүнийг хуулиар зохицуулах боломжгүй гэж харж байгаа хэсэг ч байна?

-Аливаа зүйлд туйлширч болохгүй. Өв уламжлал ёс заншилтай холбоотой, хал нь гаднаа хайр нь дотроо аав ээжүүд байдаг. Энэ хэсгийн тухай бид яриагүй. Хүний амь нас, сэтгэл санаа, бие махбодид хохирол учруулаад, дарамт учруулаад байгаа хүнд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн асар их мэдээлэлтэй зальт этгээдүүд байдаг. Хаана хүн хамгаалалтгүй байна, хаана хүнийг өмгөөлөх газаргүй байна гэдгийг ашиглаж байж дарамт үүсгэж байдаг. Хууль хатуу болчихсон байхад эдгээр хүмүүс ийм хэрэг үйлдэхээ болино.

-Гэрч хохирогчийг хэрхэн хамгаалахаар хуульд тусгасан байгаа вэ?

-Өмнө нь гэр бүлийн доторх маргааныг гэмт хэрэг гэж үздэггүй байсан. Гэр оронд болж байгаа зодуурыг гэмт хэрэг гэж тооцохгүй явсаар манайд хүчирхийлэл өсөх гол нөхцөл болсон байна. Хамгийн гол нь шинэ хуульд хязгаарлах арга хэмжээг оруулсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд аль болохоор энэ хоёр хүнийг салгах, хүчирхийлэлд өртсөн хүнийг хүчирхийллийн эсрэг төвд аваачих, тусгай хорогдох байранд байрлуулах зүйлүүдийг нэлээд хийх ёстой.

-Дөрвөн настай охины хэрэг дээр жишээ авахад хажуу хөрш нь мэдсэн ч цагдаагийн байгууллагад мэдээлээгүй байсан. Энэ мэтчилэн хөршүүд чимээгүй өнгөрснөөс элдэв хэрэг даамжираад байна уу даа гэж харах хүмүүс ч байна?

-Уг нь бүх хүн мэдээлэл өгөх боломжтой болчихсон. Хүүхдийн тусламжийн утас ажиллаж байна. Энэ утас руу яаралтай мэдээлэл өгөх хэрэгтэй. Зарим хүмүүс тэр айлын хаалгыг тогшоод хэлэхээсээ айна. Тэгэхээр тусламжийн утас, цагдаа руу утасдаад хэлэх хэрэгтэй. Иргэнийхээ үүргийг маш сайн биелүүлэх хэрэгтэй. Мөн дээрээс нь Гэр бүлийн хүчирхийлэлийн талаар хэлэлцүүлэг хийхэд хэвлэл, мэдээллийнхэн бага ирдэг. Хэрэг гараад олонд мэдэгдээд ирэхээр хэвлэл мэдээллийнхэн их ач холбогдол өгөөд байдаг. Тийм болохоор манай хэвлэлийнхэн хэрэг гарахаас нь урьдчилж мэдээлдэг энэ талын мэдээ, мэдээллийг илүү түлхүү өгдөг байх, энэ тал дээр ажилламаар юм шиг байгаа юм.

-Урьдчилан сэргийлэх талаас нь ямар арга хэмжээ авах вэ?

-Аливаа зүйлээс урьдчилсан сэргийлэхэд хууль их чухал байдаг. Хүнийхээ хөгжилд анхаарч, хүндээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр хуулиар шийтгэнэ гэж болохгүй. Монголд нийгмийн асуудлыг шийдэхгүй бөөгнөрүүлж ирсэн байна. Зах зээлд орлоо гээд ажил алба, мөнгө төгрөг, зам барилга дэлгүүр хоршоо үйлдвэр завод гэж явснаас биш хүнээ хөгжүүлэх тал дээр бүрэн орхигдуулж ирсэн. Үүн дээр хөрөнгө оруулалт хийхгүй бол дамжирч байна.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.