О.Байгалийн “BB” дэлгүүрийн алтан шар сувдан хослол 52 саяын үнэтэй

Д.Тулга / Нийгэм

-ТЭНДЭХИЙН АЛМАЗАН ШИГТГЭЭТЭЙ ЭНГЭРИЙН ЗҮҮЛТҮҮДИЙН ҮНЭ 5200 АМ.ДОЛЛАРААС ЭХЭЛЖЭЭ-

Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль чамгүй бизнес эрхлэгч гэдгийг уншигч та бүхэн андахгүй сайн мэднэ. Тэрээр цагтаа загварын тайзыг чимж явсан сайхан бүсгүйчүүдийн нэг. О.Байгаль нь АНУ-д гоо сайхны чиглэлээр мэргэжил эзэмшиж, 10 гаруй жилийн өмнө “Baigal Beauty & Spa Center” салоноо байгуулсан нь Монголын толгой баячуудын гэргий нарт үйлчилдэг тусгай газруудын нэг болсон билээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий саяхнаас үнэт эдлэлийн зах зээлд хөл тавьж Зайсан толгойн эсрэг талд байрлах “Zaisan Square” худалдааны төв дотор “BB” дэлгүүрээ нээжээ. Энэ бүхнийг нь мэдсэн хүмүүс “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа ард иргэдийг ээмэг, бөгжөө эдийн засгийн хямралд орсон улс орондоо хандивлаач гээд байсан нь ийм учиртай байж” хэмээн хошигносон, хардлагын үгсийг сошиал ертөнцөөр дамжуулан Ерөнхий сайдад дайсан удаатай.

Зарим хүн “Улс орны эдийн засаг хямарчихаад байхад Ерөнхий сайдын эхнэр хувьдаа үнэт эдлэлийн дэлгүүр нээж байгаад эмзэглэж буй юм. Хэдийгээр ийм дэлгүүр нээхийг хуулиар хориглож болохгүй ч, ёс суртахууны хувьд зохимжгүй санагдаж байна. Ард иргэдээ бүсээ чангалъя, улс орон маань дампуурлаа гээд байсан. Ам ажлын зөрүү гээч л энэ юм болов уу даа” гэж халаглах иргэд ч цөөнгүй байна.

О.Байгалийн үнэт эдлэлийн дэлгүүрт зарагдаж буй ээмэг, бугуйвч, хүзүүний зүүлт, энгэрийн тэмдэг дахин давтагдашгүй хийц загвартайгаараа бусад үнэт эдлэлийн дэлгүүрүүдээс ялгаатай аж. Эрхэмсэг бүсгүйчүүдийн чухал гоёлуудын нэг алмазан шигтгээтэй энгэрийн зүүлтний үнэ 5200 ам.доллараас эхэлжээ. Харин хамгийн хямдхан үнэт эдлэл нь цагаан алтан дээр суурилуулж хийсэн 110 ам.долларын үнэтэй “Микото” брэндийн сувдан ээмэг байв.

Уг дэлгүүрт орж ирсэн хүн бүрийн анхаарлыг татаж байсан нэг зүйл бол алтан шар өнгөтэй 52 сая төгрөгийн үнэтэй сувдны хослол. Энэ нь дэлхийд ховорт тооцогддог үнэт эдлэлийн нэг билээ. Баян тансагийн илэрхийлэл болсон алтан шар сувдыг Филиппин улсын зүүн өмнөд хэсэгт байдаг Palawan нэртэй арлын цэнгэг усанд тарьдаг байна. Байгалиасаа алтан өнгөтэй, тансаг сувдыг Jewelmer үйлдвэр дэлхий дээр цор ганцаараа үйлдвэрлэдэг ажээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.