Улс төрийн зарим шийдвэрийг тодотгон асуулаа

Д.Тулга / Улстөр

“Бүгд найрамдахчуудын хүрээлэн” буюу IRI байгууллагын олон улсын судлаач зөвлөхүүд нэгэн өдрийн хөтөлбөрийг “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчдод зориулан залуустай уулзаж санал бодлоо солилцлоо.

“Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн” нь аливаа орны ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болох сургалт зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг бөгөөд АНУ, Канад, Австрали, Английн засгийн газраас санхүүждэг Монгол оронд ардчилал төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулсан олон улсын байгууллагуудын нэг юм. Тэд хувь улс төрчдөд ганцаарчилсан зөвлөгөө өгөхөөс татгалздаг. Харин зөвлөгөө өгөх хүсэлтийг хүлээн авч тусгай төсөл бичин санхүүжүүлэгчиддээ танилцуулсны дараа тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулдаг байна. Анх 1983 онд у Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнг АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган үндэслэснээс хойш ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, ардчилсан замаар хөгжиж буй дэлхийн улс орнуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор гуч гаруй жил олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Харин Монголд 1989 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн залууст Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс зохион байгуулсан энэхүү бүтэн өдрийн уулзалт лекц, ярилцлагын гол агуулга нь улс төрчийн хувиар нийгэм олон нийттэйгээ хэрхэн зөв харилцах, олон нийтийн сүлжээг хэрхэн оновчтой ашиглах, улс төрчийн ёс зүй болон төрийн бодлогын чухал хэсэг болох гадаад харилцаа, эдийн засгийн бодлогод улс төрчийн хувиар оролцохдоо зайлшгүй анхаарах зүйлс зэрэг асуудал байсан юм.

Монголын ардчилал дэлхий дахинд сайн үлгэр жишээ болж байгаа ч шинэ үеийн манлайлагчид ардчиллыг энэ эрчээр нь цааш улам үр дүнтэй хөгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдэг асуудалд гол анхаарал чиглэж байлаа. Монголын улс төрчдийн өнөөдрийн дүр төрх хандлага, улс төрийн алдаатай шийдвэрүүдийн талаар тодотгон асуусан оролцогчдын асуултанд ч тэд гарах гарцын талаар жишээ, баримт, судалгаатай хариулт өгч байсан юм. Тухайлбал, яг одоо хөндөгдөж байгаа “давхар дээл”-ний асуудал болох парламентын гишүүн засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хаших боломжтой хууль батлагдсан нь Монголчуудын хувьд мянган жилийн өмнөх Английн бюрократ маягийн төрийг бий болгосноос өөрцгүй зүйл болсныг тэмдэглэж байна. Тиймээс ардчиллыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд эрх баригчид, парламент болон засгийн газар тус тусдаа байх хуулийг батлах нь зүйтэй хэмээн тэд анхаарууллаа.

Улс төрчид ёс зүй баримталж, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон нийтийн санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган ажиллахад сөрөг хүчний байнгын идэвхтэй үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Эрх баригчдын сонгуулийн амлалтыг дүгнэн сануулж байх, алдаатай шийдвэр гаргахаас сэргийлэхэд урт хугацааны харьцуулсан судалгаа бүхий энгийн ойлгомжтой мэдээллийг байнга олон нийтэд өгч байхын чухлыг ч тэд онцолж байна. Өөрөөр хэлбэл, хөгжсөн улс орнуудын нийгмийн дундаж давхаргын иргэд нийгмийнхээ улс төрийн байдлыг төдийлөн өдөр тутам анхаарч сонирхохгүй байх хандлагатай байгаа тул иргэдийн анхаарлыг эрх баригчдын үйл ажиллагаанд байнга хандуулан олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц шийдвэрүүд гаргахаас сэргийлэхэд сөрөг хүчний үүрэг их хэмээн сануулж байлаа. Энэ үеэр ардчилсан намаас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж буй гадаад бодлогын чиглэлээр хэлсэн үг, мэдэгдлүүдээс бүрдсэн рекламаар олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хэрхэн хандуулж буй жишээг ч танилцуулсан юм. Улс төрч нийгмийн зүтгэлтний хувьд өөрийн үзэл бодол асуудалд хандаж буй байр суурь, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагаа зэргээ олон нийтэд түгээх, сонгогчидтойгоо харилцахдаа олон нийтийн сүлжээг хэрхэн оновчтой ашиглах, байнгын амьд харилцааг хэрхэн бий болгох талаар сонирхолтой жишээ татан ярилцлаа.

Улс төрчид хувь хүний нэр хүндэд халддаггүй, хуулинд захирагдан ёс зүйтэй байж шударгаар санаа бодлоо уралдуулах бодлогын мэтгэлцээн хийх соёлыг бий болгох, шудрага, эрүүл улс төрийн орчин бүрдүүлэн хөгжүүлэхэд Think Tank байгууллага, бодлогын судалгааны төвүүд ихээхэн хувь нэмэр оруулах талаар ч мэргэжилтнүүд ярьж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.