Ерөнхий прокуророор хэн томилогдох МАГАДЛАЛТАЙ вэ

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль Цаазын Тэргүүн зөвлөхийн албан тушаалд томилогдох эрхмийн нэр тодроогүй байна. Прокурорын байгууллагын тухай хуульд “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор 35 нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан байдаг.

Прокурорын байгууллагынхны хувьд салбараа мэддэг, ажлын туршлагатай хүн, өөрөөр хэлбэл дотроосоо сонгогдоосой гэсэн хүлээлттэй байгаа аж. Дотроосоо прокурор Г.Эрдэнэбатыг томилчихоосой гэж бодож буйгаа ч салбарынхан мэдэгдэж буй юм. Г.Эрдэнэбатын хувьд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаал хашиж буй. Дээрх албан тушаалд томилогдох магадлал хамгийн өндөр байгаа аж.

Г.Эрдэнэбат нь 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч-команд офицероор төгссөн. Түүнээс хойш тасралтгүй 20 жил мэргэжлээрээ ажиллажээ. Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэн батлуулахад, түүний дараа хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан хүн гэж хуулийнхан үздэг байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор болох магадлалтай эрхмүүдийн нэгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны нэр яригдаж байна. Тэрээр 1979 онд Хууль цаазны дунд сургууль, 1985 онд Москвагийн ОУХДС төгссөн, олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. 1985-1990 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд ажиллаж байгаад улс төрд орж, 1990-1992 онд УБХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 онд Хөдөлмөрийн дэд сайд, 1992-1995 онд Ерөнхийлөгчийн шадар туслах, 1995-1996 онд Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2008 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв.

2009 оны 6 сарын 19-нөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөхийн албанд томилогдон ажиллаж байсан. Эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, ЕТГ-ын даргаар ажиллаж буй юм.

Мөн Ерөнхий прокурорын албан тушаалд Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихын нэр яригдаж байна. Тэрээр Ч.Сайханбилэгийн найз, Д.Дорлигжавын нутгийн хүн. Хуулийн байгууллагад хяналтын прокуророос эхлэн Нийслэлийн прокурор хүртэл ажилласан мэргэжлийн хуульч. Б.Бат-Орших нь Сүхбаатар дүүрэгт хяналтын прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга, Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр энэхүү нэр хүндтэй албан тушаалд томилогдох магадлалтай хүний нэг. Тэрээр Шихихутаг дээд сургууль, МУИС-ийг хууль зүйн магистр, Английн Эдинбургийн их сургуулийг магистр, МУИС-ийг хууль зүйн доктороор төгсчээ. МУИС-д хууль зүйн багш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажлын албаны дэд дарга, АТГ-т Тамгын газрын дарга хийж байсан туршлагатай аж.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:04

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:04


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.