М.Наранбаатарт хандаж Телевизүүдийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Д.Тулга / Нийгэм

tv
- Монголын телевизүүдийн холбооноос гаргасан мэдэгдэл -
Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд хувийн хэвшлийн, чөлөөт, арилжааны телевиз үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 23 жилийг үдлээ. Хувийн хэвшлийн, өргөн нэвтрүүлгийн суваг телевизүүд нь төрөөс алив нэгэн хэлбэрийн дэмжлэг татаас авдаггүй, дөч гаруй төрлийн татвар хураамжийг төлж, 50-200 хүн ажиллуулах зэргээр улс эх орон, нийгэм, ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, долоо хоногийн бүтэн хөтөлбөр бэлтгэн орон даяар цацаж ажилласаар байна.

Нийгмийг соён гэгээрүүлэх, тэнцвэртэй мэдээллийн тогтвортой тогтолцоог үүсгэн ажиллахдаа телевизүүд харилцан бие биенээ хүндэтгэж, бусад телевизийнхээ үйл ажиллагааг дэмжих, нийтлэлийн бодлого, үйл ажиллагааны чиглэлд хөндлөнгөөс үл оролцож, хараат бус байдлыг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн нь угтаа хэвлэл мэдээллийн салбарын үнэт зүйл, соёл хэмээн үзэж байна.

Гэтэл сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагаас манай гишүүн болон гишүүн бус телевизийн хамт олон, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа тул Монголын телевизүүдийн холбоо зах зээлд шударга өрсөлдөөний зарчмыг баримтлахыг уриалж, төрөөс олон нийтэд үйлчлэхээр санхүүжүүлж байгаа мэдээллийн сувгийг зэвсэг болгон нэр бүхий албан тушаалтны хувийн зорилгод нийцүүлэн нэг салбарын ажилтнуудын хооронд үйл ойлголцол, таагүй харилцаа үүсгэхээр чиглэсэн захиалгат мэдээ, мэдээлэл дамжуулж байгаа үйлдлээ МҮОНРТ-ийн сэтгүүлч, ажилтнууд зогсоохыг хариуцлагатайгаар анхааруулж байна.

Энэхүү мэдэгдэл гишүүн байгууллагуудын нийтлэг эрхийг төлөөлөх хуульд заасан эрхийн хүрээнд гарч байгаа болохыг цохон тэмдэглэе.

МҮОНРТ дан ганц хөдөө орон нутагт ажилладаг, зөвхөн тус телевиз л ард түмний зовлон жаргалыг сонсдог, нийт нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа зөвхөн өөрсдөө бэлтгэдэг. Харин бусад телевизүүд эцэс төгсгөлгүй солонгос кино, зар сурталчилгаа, тв тохиролцоо, тв чат зэргээр эфирийн цагаа дүүргэж, хэн нэг улстөрч, нам, эвслийн нөлөөнд автсан зэргээр бусад телевизүүдийн үйл ажиллагаа болон уран бүтээлчдийн ажил хөдөлмөрийг үгүйсгэн, харлуулсан мэдээ, мэдээллийг МҮОНРТ-ээс бэлтгэн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө олон нийтэд удаа дараа хүргэж байгаад Холбооны зүгээс харамсаж байгаагаа илэрхийлье.

Хэн нэгэн албан тушаалтан, эрх ямбатны сандал суудалтайгаа зууралдах хүсэл, төсвийн хөрөнгө, санхүүжилтийг үр дүнгүй цацдаг байдлаа үргэлжлүүлэх ашиг сонирхлоо хамгаалахын төлөөх тэмцэлд хагас зууны настай МҮОНРТ-г ашиглаж байгаа нь угтаа одоогийн удирдлага, менежментийн багийн үнэн дүр төрх болж байгаа нь маргашгүй үнэн юм.

Хариуцлагагүй мэдээлэл цацаж, хувийн эрх ашгийг нийтлэг эрх ашиг мэтээр мэдээлсэн ММ агентлаг, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нар хувийн хэвшлийн телевизүүдийн уран бүтээлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна.



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:15


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.