Ц.Элбэгдорж: Бизнесийн орчинг муутгамааргүй байна

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015 оны нэгдүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд үргэлжлэх дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо айлчлаад байна. Монгол Улс ч бас ээлжит удаагаа “Давос-2015”-д оролцож байгаа билээ.

ДАВОСЫН УУЛЗАЛТ ГЭЖ ЮУ ВЭ

Давосын чуулга уулзалт нь дэлхийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэхээр дэлхийн бизнесмэнүүд, улс төрийн удирдагч, олон нийтийн зүтгэлтнүүдийн уулзалтыг жил бүр зохион байгуулдаг засгийн газрын бус байгууллага юм. Уулзалт Швейцарийн Альпийн нурууны рашаан сувиллын Давос хотод нэгдүгээр сард уламжлал ёсоор болдог билээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч нь профессор Клаус Шваб юм. Тус байгууллагад дэлхийн 1000 гаруй том компани ордог. Бизнесийн удирдагчдын эхний уулзалтуудаар менежментийн асуудал хэлэлцдэг байсан бол дараа дараачийн жилүүдэд хэлэлцэж буй асуудлын хүрээ өргөжиж, 1974 оноос улс төрийн удирдагчдыг Давост урих болжээ. 1987 оныг хүртэл жил бүрийн симпозиумыг Европын чуулга уулзалт гэж нэрлэж байсан ч сүүлд нь үүнийг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж нэрлэх болсон юм. Давосын чуулга уулзалтын хүрээнд албан ёсны бус байдалд семинар, бүгд хуралдаан, дугуй ширээний уулзалт, яриа явагддаг юм. Давосын уулзалт нь хөрөнгө оруулагчдыг татах чухал ач холбогдолтой.

ЭНЭХҮҮ УУЛЗАЛТ НЬ МАНАЙ УЛСАД ОЛОН БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГНӨ

Манай улсын гадаад валютын урсгал саарч, эдийн засгийн байдал зогсонги байдалтай байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь нэн чухал юм. Манай улсын хувьд уул уурхайн салбараа сэргээж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь гадны хөрөнгө оруулагчдад томоохон боломжийг нээж өгсөн гэхэд болно. Давос хотноо дэлхийн 40 орны төр засгийн удирдагч, 750 том корпорацийн гүйцэтгэх захирал, мөн 140 гаруй орны 1500 гаруй бизнесийн шилдэг удирдагч оролцож байна. Энэ утгаараа Монголын хувьд энэ удаагийн Давосын уулзалт шинэ бодлогоо танилцуулж, хөрөнгө оруулагчдыг даллах маш том боломж гэж харж болохоор.

elbegdorj

Ц.ЭЛБЭГДОРЖ: БИЗНЕСИЙН ОРЧНЫГ МУУТГАМААРГҮЙ БАЙНА

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын чуулга уулзалтын үеэр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлт бууралтад маш их хамааралтайг харуулж байна. Монгол бол Хятадтай хамгийн өргөн хиллэдэг, эдийн засгийн харилцаа хамгийн өндөр улсуудын нэг. Тиймээс Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй байж таарна. Эхний ээлжинд анхаарах ёстой гол асуудал бол өнгөрсөн жил айлчлалын үеэр бидний ярьж тохирсон зүйлүүд байгаа. Ялангуяа дэд бүтцийн шинжтэй хөрөнгө оруулалтуудыг ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Уул уурхайн асуудал дээр хөрөнгө оруулалт муудах юм уу, үнэ унаж байгаа бол бусад дэд бүтцийн шинж чанартай ажлуудаа хийж байх хэрэгтэй. Шинэ цахилгаан станцуудаа барьж, шинэ төмөр замуудаа тавьж байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас бусад хөрөнгө оруулалт шаардах, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбар юу байна. Монголын хувьд хөдөө аж ахуй л байна. Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гайгүй сайн мэдээ бол, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд, түүнчлэн 2014 онд боловсруулах, жижиг дунд үйлдвэрүүд олноороо ашиглалтад орж байгаа. Дотооддоо юм хийж эхэлж байна, гаднаас худалдаж авах нь тэртээ тэргүй өндөр үнэтэй байгаа. Дотооддоо үйлдвэрлээд гаргаад худалдвал үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст мэдээж ашигтай. Дээрээс нь бизнесийн орчныг ямар нэг шийдвэрээр муутгамааргүй байна. Бид нээлттэй орон” гэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.