Ш.Түвдэндорж: Тавантолгойн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Д.Тулга / Улстөр

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл хийсэн байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссоноос гадна бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэсэн байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний дагуу Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр хэлэлцэж байгаа аж. Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг бол шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийн орлого төлөх юм. Бүлгийн гишүүд уг хуулийн төслийн талаар ярилцаад орон нутаг төвлөрүүлж байгаа хөрөнгийг чухам ямар зүйлд зарцуулах талаар тодорхой заалт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Тодруулбал уг хөрөнгийг зарцуулахад тухайн орон нутгийн иргэдийн саналыг авч байх ёстой бөгөөд аливаа улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр, ёслолын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахыг хориглох"аж. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Бүлгийн хурал дээр улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонссон гэлээ. Улаанбурханы өвчлөл хэр байгаа бол?

Улаанбурхан өвчин устсан гэж байсан ч дахин сэдэрлээ. Вакцинжуулалт муугаас болж энэ өвчин дэгдсэн. Одоогийн дэгдэлтийг нь намжаахад хэрэгтэй эм, тарианаас эхлээд бүхий л зүйлээр хангаж ажиллахыг Онцгой байдлын газар болон Эрүүл мэнд, спортын яаманд үүрэг болголоо.

Уул уурхайгаас олсон мөнгийг орон нутгийн хөгжлийн санд оруулахдаа юунд захиран зарцуулахыг тодорхой зааж өгсөн болов уу?

Уул, уурхайгаас орж ирсэн ямар ажилд зарцуулах саналыг сумын иргэд гаргана. Сумын иргэдийн саналыг хэлэлцэж, хэрэгжүүлээд явна. Харин улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, үндэсний баяр наадмаас бусад арга хэмжээ, иргэдийн саналыг тусгаагүй зүйлд тус мөнгийг хэрэглэхийг хориглосон байгаа. Мөн ямар нэгэн өр зээлийн төлбөрт төлөхгүй. Уул, уурхайн том төслүүдээс орж ирэх мөнгө улсын төсөвт орж ирдгээрээ ирнэ. Харин зарим хөрөнгө төсөв рүү бус орон нутаг руу орно.

Бүлгийн өнөөдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар дахин ярилцсан уу?

Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэж өөрчлөхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?

АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.