А.Ганбаатар: Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирнэ

Д.Тулга / Улстөр

ganbaatarМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр боллоо. Айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тодруулна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Чех улсад хийх айлчлал нь тус улсын Ерөнхийлөгч В.Клаусын 2006 онд Монгол Улсад хийсэн айлчлалын хариу айлчлал юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцааны түвшинг бататгах, дээд, өндөр хэмжээний яриа, хэлэлцээний давтамжийг хадгалах зорилготой.

Чех бол Европын хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын нэг. Эрдэнэтийн зэс, молибдений хайгуулын ажлыг социализмын үед Чехийн геологичид гүйцэтгэсэн байдаг. Тухайн үедээ Чех уул, уурхайн чиглэлээр өндөр технологитой улс байсан. Баялаг бүтээгчдээ дэмжих зорилт тавьж байгаа өнөө үед Чехийн технологи маш чухал. Манай бизнесийнхэн бизнес форум хийнэ. Үүнд Ерөнхийлөгч бас оролцоно.

Чехэд социализмын үед арьс шир боловсруулах, оёдлын чиглэлээр Монголын олон мэргэжилтэн бэлтгэгдсэн. Чехтэй ажил, амьдралаа холбосон хүн Монголд олон байдаг. Одоо ч Чехэд Монголоос 5000 орчим хүн амьдардаг гэсэн тоо бий. Эдгээр иргэдтэйгээ Ерөнхийлөгч уулзаж ярилцана. Тэдний нийгмийн даатгалын асуудлыг дээшлүүлэх талаар яриа, хэлэлцээ хийнэ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхийлөгчийг дагалдаж очино.

Барилгын салбарт шинэ технологи оруулж ирэх талаар болон аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Чехийн талтай яриа хэлэлцээр төлөвлөгдсөн. “Ява “ мотоциклийг Монголд угсрах талаар ярина. Чанаргүй мотоцикль, унаанаас болж иргэд, малчид амиа алдаж, осолдож байгаа шүү дээ. Үйлдвэрлэл, бизнес, иргэдийн гээд багц асуудлууд айлчлалаар яригдах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилсан орон болгондоо анхаарч байгаа нэг асуудал бол Монгол судлал. Чехийн Карлын их сургууль бол Европын бараг анхны их сургуулиудын нэг. Энэ сургуульд монгол судлал хүчтэй хөгжиж байгаа. Үүнийг дэмжиж харилцан ажиллах тал дээр уулзалтууд хийнэ.

-Жил бүр болдог Давосын эдийн засгийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох гэж байна. Энэ уулзалтын гол онцлог юу байх вэ?

-Давосын эдийн засгийн чуулганыг 1971 оноос хойш зохион байгуулж ирсэн. Дэлхийн улстөрчид, бизнесийнхэн, ТББ-ууд, нөлөө бүхий хүмүүс цуглаж уулздаг газар нь Швейцарийн Давос хот байсан. Тэр хотынхоо нэрээр нэршсэн чуулга уулзалт жил бүр болдог.

Давосын уулзалтын гол зүйл нь гэвэл энэ уулзалтын дараа тухайн жилийн улс төр, эдийн засгийн чиглэл тодорхойлогддог. Дэлхийн олон салбарын нэртэй лидерүүд олон хэлбэрээр асуудлуудаа тохирч байдаг. Давосын уулзалтаар яригдсан зүйл бүр хожим хойно ч хэрэгждэг маш чухал уулзалт юм.

Монгол Улс энэ уулзалтад 2009 оноос Ерөнхийлөгчийн түвшинд оролцож ирлээ. Мөн тус байгууллагатай хамтран хуралдаан, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байна. Түүнээс гадна манай улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас санаачилсан Авлигын эсрэг түншлэлийн санаачилгад нэгдэн орсон. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар Монгол Улсын 2040 он хүртлэх хөгжлийн боломжит хувилбарыг тодорхойлсон. “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны төслийн тайлан илтгэлийг танилцуулах тусгай хуралдааныг 2014 онд зохион байгуулсныг санаж байгаа байх.

Монгол Улс энэ уулзалтад оролцох бүртээ нөлөөгөө тэлж, асуудлуудаа тавьж байна. “Монголын үдэш” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг боллоо. Монголын түүх, соёл, өв уламжлал, орчин үеийг сурталчилдаг уламжлал тогтоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр Монголын ардчиллын 25 жилийн ойн мессежийг хүргэнэ.

Монгол Улс 2016 онд улс төрөөр бол “олимп” гэй ойлгож болох АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсныг та бүхэн мэдэж байгаа. Давост очих Европ, Азийн тэргүүнүүдтэй АСЕМ дээр хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч яриа, хэлэлцээ хийнэ. Бэлтгэл ажлын хувьд ийм төлөвлөгөөтэй байна. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.