Зураг бүхэн түүхийн гэрч

Д.Тулга / Боловсрол

zurag

Зураг: (баруун гар талаас) Зохиолч Ч.Чимэд, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Э.Оюун, Ч.Лхамсүрэн. 1956 он

-МОНГОЛЫН СОР БОЛСОН СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧИД-

Урлаг, уран зохиол байгаагүй бол хүн төрөлхтний сэтгэлгээ адгуусныхаас үл ялгарах байсан биз ээ! Монголын утга зохиолыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үгийн мастеруудын түүхэн зургийг бид энэ удаагийнхаа “Зураг бүхэн түүхийн гэрч” буланд онцолж байна.

Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Чойжилын Чимид, Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч Эрдэнэбатын Оюун, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, монголч эрдэмтэн Бямбын Ринчен, Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба, Төрийн шагналт зохиолч Чойжилжавын Лхамсүрэн нар энэхүү зургийг тэртээ 1956 онд авахуулжээ.

1990 оноос Монгол улс хүн төрөлхтөний хөгжлийн жам ёсны гольдролд орсноор утга зохиол өөрийн зам мөрөөр хөгжиж эхэлсэн түүхтэй.

-ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХҮН-

Эгэл атлаа яруу тансаг монгол ахуйг урнаар дүрслэсэн “Би монгол хүн” шүлгийг цээжилж, шимтэн уншаагүй монгол хүн гэж үгүй биз ээ. Энэ бол нэрт яруу найрагч, үргэлжилсэн үг, жүжиг киноны зохиолч, орчуулагч, Монгол улсын төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн гол бүтээлүүдийн нэг.

Уран зохиолын шилдэг бүтээлүүд туурвиж, Оросын болон дэлхийн уран зохиолын шилдэг бүтээлүүдийг орчуулсны учир МЗЭ-ийн шагнал(1977), БНМАУ-ын төрийн шагнал хүртсний дээр ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит шагнал(1976) тус тус хүртсэн. Түүнд Ази

Монголын нэрт яруу найрагч, зохиолч Чойжилын Чимэдийг дурсахгүй байхын аргагүй юм. Тэрбээр А.С.Пушкины “Евгений Онегин”, Л.Н.Толстойн “Дайн ба энх” болон Либо, Шекспир нарын олон сонгодог зохиолыг яруу сайхан орчуулсан билээ.

"Аавын хүү алддаг" гэгчээр Ч.Чимэдийг "аавынд" сууж байхад Зохиолчдын хорооны дарга байсан Д.Сэнгээ түүнийг эргэж ирэхдээ "Евгений Онегин" зохиолыг нь авчирч өгчээ. Тэрбээр "За Чимэд минь түргэн гаръя гэж байгаа бол наадахаа орчуул. Илүү дутуу ажилд хөдөлгөхгүй байхыг би энэ хүмүүст захичихна" гээд яваад өгчээ.

Ч.Чимэд ч хийх ажилтай болж, тэр зузаан шүлэглэсэн романыг ердөө зургаахан сарын дотор орчуулсан ажа. Д.Сэнгээ тэр орчуулгыг аваад академич Ц.Дамдинсүрэнгээр хянан шүүлгэхээр аваачиж өгчээ. Ц.Дамдинсүрэн гуай уг орчуулгыг үзээд үзэг ч хүргэлгүй "Маш сайн орчуулга болжээ" хэмээн цохолт хийн гарын үсгээ зурсан байна.

Түүнийг олон улсын зохиолч, сэтгүүлчид "Дэлхийн Чимэд" гэж хэлдэг байсан нь учиртай. Амьдралын туулж өнгөрүүлсэн замнал, авьяас билэг, оюуны цар хэмжээгээр бол тэр үнэхээр "Дэлхийн хэмжээний хүн" байв.

-ОРШИХУЙ, УРЛАХУЙН ГАЙХАМШГИЙГ БҮТЭЭГЧ-

“Шарай голын гурван хаан”, “Амарсанаа” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Гоголийн зохиолууд, Шекспирийн “Лир ван” зэргийг орчуулж, “Талын баатрууд”, “Ах дүү нар”, “Гарва” зэрэг олон зохиол бичсэн Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор Эрдэнэбатын Оюун нь шинэ Монголын анхны орчуулагч эмэгтэй юм.

Эцэг Эрдэнэбат нь урлаг утга зохиолын их боловсрол мэдлэгтэй хүн байсан төдийгүй утга зохиолыг өвлөн цуглуулах, судлан шинжлэхэд дурлаж, тэр үед байсан нэртэй хуурч, үлгэрч, дуучдыг гэртээ урин ирүүлж, үлгэр дууг нь сонсон, судалж байсан нь Оюуны оргилсон зүрх сэтгэлийг хөгжөөж чаджээ.

Э.Оюун жүжгийн зохиолын утга санаа, үйл явдлын учиг зангилааг нэг бүрчлэн ойлгуулсны дараа дүрийн судалгаанд онцлон анхаарч, өөрсдөөр нь эрэл хайгуул хийлгэж, эцэст нь өөрөө засаж, чиглүүлдэг найруулагч байсан аж.

Улсын гавъяат жүжигчин Лха.Долгор “Оюун найруулагч жүжигчидтэй нэг бүрчлэн маш уйгагүй ажилладаг. Тайзны байрлал, жүжигчний алхах хөдлөх бүрийг ширхэгчлэн заадаг. Бүр цаасан дээр зураад үзүүлнэ. Дүрийнхээ амьдрал, зан төрхийг олохын тулд юмыг жижиг сажиг гэлгүй маш ул суурьтай судлахыг шаарддаг байлаа” гэж дурссан байдаг.

Ер нь 1935-1950 оны үеийн Монголын драмын мэргэжлийн урлагт Э.Оюун жүжгийн зохиолч, орчуулагч, найруулагчийн хувьд онцгой байр суурь эзэлдэг.

Эрдэнэбатын Оюун 1942 онд Улсын гавъяат жүжигчин, 1945 онд Ардын жүжигчин, 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиолоороо Төрийн шагнал хүртсэн. 1978 онд Э.Оюун “Учрал” өгүүллэгийн түүврээр МЗЭ-ийн шагнал авсан билээ.

-ОРОС ХЭЛ ГАРГУУН ЭЗЭМШСЭН НЬ “АМИНД” НЬ ОРЖЭЭ-

Еншөөбү овогт Бямбын Ринчен Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг. Тэрээр 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв.

Б.Ринчен нь орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан ч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй. Үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамт дор байсан. Түүний ардын уламжлалт соёл, утга зохиолыг бахархан хүндлэх үзлийг нь феодализмын соёлыг бахархагч, үндсэрхэг идеалист үзэлтэн хэмээн гүтгэн зохион байгуулалттайгаар дарамталж байжээ.

Бямбын Ринчен нь Цогт тайж киногоороо 1945 онд төрийн шагнал хүртсэн. “Yүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” балар эртний сэдэвт роман, "Бэр цэцэг", "Нууцыг задруулсан захиа", "Шүхэрч Буниа" зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. “Yүрийн туяа” роман нь орос, чех хэлнээ орчуулагдсан. Б.Ринчен олон жилийн турш эх хэлнээ гадаадын утга зохиол орчуулах ажилд хүч чадлаа дайчилж Горький, Маяковский, Шолохов, Мопассан, Хикмет нарын бүтээлүүдээс Монголын уншигч олноо танилцуулжээ.

-ЗАРЦЫН ГЭРТ ТӨРСӨН “АВЬЯАС”-

Одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт зарц ядуу малчны гэрт төрсөн Лхамсүрэнг 1920 онд эх нь нас барснаар Чойжилжав үрчлэн авчээ. Улаанбаатар хотноо худалдааны техникумд суралцаад, дараа нь ардын цэргийн алба хаасан байна. Цэрэгт байхдаа дэлхийн 2-р дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулжээ.

Мосвка хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсчээ.

Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглал зохиосон учир Монгол улсын төрийн шагнал (1963) хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь уран бүтээлийн музей байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь ботилон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна.

Тэрээр “Эрийн сайн эрэлхэг Болдбаатар хамгийг залгигч хар мангасыг дарсаны үлгэр" найраглал, "Үлгэрч өвгөний ярьсан нь" найраглал, "Хүрэн морь" найраглал, "Эх" шүлэг, "Ган зам" дууны үг, "Хар алтны хаан" найраглал, "Бамбарууш" Хүүхдийн зохиол, "Цэцэг барьсан хүүхэн" үргэлжилсэн үгийн зохиол зэрэг олон арван зохиол бүтээл туурвижээ.

-ЦАГ УЛИРАХ ТУСАМ УЛАМ ТОД ГЯЛАЛЗАХ “ЭРДЭНЭС”-ИЙН ЭЗЭН-

Чадраабалын Лодойдамба Төрийн хошой шагналт (1917-1970) зохиолч байв. Бага наснаасаа сургууль соёлын мөр хөөж, 1954 онд МУИС төгсөж, улмаар ЗХУлсад аспирантурт суралцан урлаг судлалын ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалжээ. Уран бүтээлээ 1940 оноос эхэлж, “Алтайд”, “Тунгалаг тамир” роман, “Манай сургуулийнхан” тууж, “Малгайтай чоно”, “Солонго”, “Дусал нулимс юу гэж хэлсэн бол” зэрэг олон арван шилдэг өгүүллэг, “Гарын таван хуруу”, “Өөрийн замаар”, “Итгэж болно” драмын жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол бичжээ.

Зохиолчийн “Тунгалаг тамир” “Алтайд” роман орос, чех, румын, болгар, вьетнам, япон зэрэг хэлнээ хэвлэгдсэн. Монгол түмний оюун сэтгэлгээ, өв уламжлал, ёс заншил, зол баяр, уй гуниг, ертөнцийг үзэх гүн ухааныг их зохиолч Ч.Лодойдамба нүдэнд харагдаж, сэтгэлд дурайхуйц туурвиснаараа “Тунгалаг тамир” роман “Зууны манлай” болон товойжээ.

Тэрээр БНМАУ-ын Төрийн шагналыг 1954 онд “Алтайд” роман болон “Манай сургуулийнхан” туужаар, 1971 онд “Тунгалаг тамир” романаар хоёр удаа хүртсэн юм. Лодойдамбын Тунгалаг Тамир романы (1970-1973) кино хувилбар гарахад киноны найруулагч Равжаагийн Доржпалам их нэр хүндтэй болсон аж.

Ч.Лодойдамбын эхнэр Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн гэдгийг уншигчид андахгүй. "Хугараагүй ноён нуруу”, "Малгайтай чоно" (1946, 1953), "Өнгөрсөн үеийн баатрын өнөө үеийн явдал" 1956, "Миний танилууд" (1962), "Гарын таван хуруу" жүжиг (1968) зэрэг үг, агуулгын гайхалтай бүтээлүүд түүний оюун ухаанд боловсорчээ. Ч.Лодойдамбын бичсэн үг бүр уран зохиолын талаасаа эрдэнэс байсан. Тэрхүү эрдэнэс цаг өнгөрөх тусам улам тод гялалзан тодорч буй юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:19

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:19


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.