“Дашваанжил газ”-ын агуулахад дэлбэрэлт болж, хоёр хүн гэмтлээ

Д.Тулга / Нийгэм

Өчигдөр 17:25 цаг орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Дашваанжил газ”-ын агуулахад дэлбэрэлт болсон байна. Улмаар уг барилга нурсан бөгөөд үүний улмаас хоёр хүн хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Бид хэргийн газар дээр ажиллаж байсан Нийслэлийн мэргэжлийн газрын Газрын тосны хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдоос дараахь зүйлсийг тодрууллаа.

-Танайд энэ дэлбэрэлтийн мэдээлэл хэзээ ирэв?

-Өчигдөр 17:25 цагт энэ дэлбэрэлт гарсан байгаа юм. Цагдаа, онцгой байдал гэх мэт байгууллагуудад мэдэгдэж, шалгалт хийлгэсээр байж манайд 23 цагийн үед мэдээлэл нь орж ирсэн. Чиглэлийн хоёр байцаагчтайгаа дэлбэрэлт болсон газар дээр ирсэн. Биднийг ирэхэд цагдаа болон Онцгойгийнхон үзлэгээ хийгээд явчихсан, дэлбэрэлтийн улмаас хоёр хүн хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байсан.

-Энэ агуулах ямар зориулалттай байсан юм бэ?

-6x6 хэмжээтэй энэ агуулах плитка, дагалдах хэрэгсэл хадгалах зориулалттай агуулах байсан юм билээ. Харин дэлбэрэлтийн улмаас гадагшаа шидэгдсэн хоёр баллон байсныг цагдаагийнхан үзлэг хийгээд, эд мөрийн баримтаар аваад явсан байсан.

-“Дашваанжил газ”-ын баллонууд байсан юм уу?

-Уг хоёр баллоны нэг нь LPG буюу манайхны хэрэглэдэг газан баллон, нөгөөх нь хөргөлтийн хийн баллон байсан. Одоо энэ агуулахад тухайн хоёр баллонаар юу хийж байсан бэ гэдгийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар хэлэхэд энэ дэлбэрэлт яалт ч үгүй хий алдагдсанаас болсон. Дэлбэрэлтээс болж агуулах дотор байсан плитканууд эвдэрч гэмтсэн байсан.

-Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс агуулах дотор юу хийж байсан юм бол?

-Дашваанжил газад ажилладаг бөгөөд З гэх эрэгтэй нь бензин түгээгч, харин Н гэх эмэгтэй бол уг объектын эрхлэгчээр ажилладаг хүмүүс байна. Эрхлэгчид нь дэлбэрэлт болсон агуулахын түлхүүр байдаг, хариуцаж ажилладаг хүн гэж удирдлагууд нь хэлж байна. Тухайн хоёр хүний нэг урд нь хулгайн хэрэгт холбогдож, ажлаас халагдах арга хэмжээ авагдах хүртлээ яригдаж байсан гэдгийг ч зарим эх сурвалжууд хэлж байна.

-УГ АГУУЛАХАД БАЛЛОН ХАДГАЛАХЫГ ХОРИГЛОДОГ БАЙЖЭЭ-

Бид нөгөө талын байр суурь ямар байгааг сонсохоор “Дашваанжил” компанийн хөдөлмөр хамгааллын инженер А.Мөнхбаяртай уулзсан юм. Тэрээр “Тэсрэлт явагдсан объект маань тоног төхөөрөмж, плитка, шалаанк, холбогдох хэрэгслүүд худалдаалдаг агуулах байсан. Энд ямар нэг байдлаар хийтэй баллон хадгалах ямар ч дүрэм байхгүй. Хориглодог. Яагаад энэ дүрэм ярьж байна вэ гэвэл манай ажил 17:00 цагийн үед тардаг. Гэтэл ажлын бус цагаар, тэр хоёр хүн тэнд яагаад орсон бэ гэдгийг бид цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон. Дэлбэрсэн газууд манайд ашиглагддаггүй, зориулалтын бус хийн баллон байсан. Бид өглөө бүр ажилчиддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, ажилд нь гаргадаг. Одоо бүрэлдэхүүн ажиллаад дүгнэлт хэрхэн гарахыг хүлээж байна” гэсэн юм.

Б.БУРМАА



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.