Дархан аварга Г.Өсөхбаяр А.Сүхбатаас олон давжээ

Д.Тулга / Нүүр

AvarguudМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн наадмын өмнө А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол хүртээсэн. Дархан аварга А.Сүхбат нь аварга болон далай, даян цолуудыг Г.Өсөхбаяраасаа түрүүлж хүртсэн байдаг тул түүнийг зүүний магнайд гарах ёстой хэмээн үзэж байсан. Харин МҮБХ "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн дагуу улсын наадамд хэн олон давсныг урд нь эрэмбэлжээ. Тиймээс дархан аварга Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө гарч байгаа аж.

Монгол Үндэсний бөхийн холбоо энэ талаар тайлбар хийжээ. Түүнд “Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авсан. Энэ хоёр бөхийг эрэмбэлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь ... эрэмбэлнэ” гэсэн заалтыг баримталсан. Энэ заалт нь бөхийг эрэмбэлэхдээ түрүүлж цолны болзол хангаснаар нь биш, харин хэн нь илүү амжилт гаргасныг нь өмнө нь эрэмбэлэхээр журамласан заалт юм.

Дээрх хоёр бөхийн тухайд ижилхэн даян аварга цолтой байхдаа нэг өдөр, нэг цаг хугацаанд дархан аварга цолыг зэрэг авч байгаа учраас өмнөх амжилтыг нь харгалзан эрэмбэлэх нь туйлын ойлгомжтой юм. Өмнө нь хоёр бөх хоёулаа ижилхэн даян аварга цолтой, тэгэхдээ Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан, А.Сүхбат улсын наадамд 8 даваагүй, 3 удаа долоо давсан амжилттай байсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь хэн ч эргэлзэх зүйл биш билээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг. Энэ заалт дархан аварга цол хүртсэний дараа барилдаж үзүүлсэн амжилтаар бөхчүүдийг дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн утгатай зохицуулалт юм. Ийнхүү бид дээрх хоёр бөхийн эрэмбийг тогтоохдоо одоо хүчин төгөлдер мөрдөж буй хууль, дүрмийн заалтыг баримталснаа дахин албан ёсоор нотолж байна.

Дашрамд тэмдэглэхэд, улсын наадамд түрүүлсэн амжилтыг тооцохдоо нэг удаа 10 давж аварга болсныг нэг удаа ес давж арслан болоод дахин ес давж аварга болсонтой адилтган үздэг бөгөөд дээрх байдлаар тооцсон амжилтаараа улсын аварга Д.Сумъяабазар О.Балжиннямын өмнө, О.Балжинням С.Мөнхбатын өмнө, С.Мөнхбат Г.Эрхэмбаярын өмнө эрэмбэтэй байгаа болно. Энэхүү тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн болно” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:23


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.