Хоёр сая дахь иргэнд гурван нас хүртэл нь цагаан будаа, ургамлын тос өгч байжээ

Д.Тулга / Нийгэм

Монгол Улсын гурван сая дахь иргэн цагаан сарын өмнө буюу морин жилдээ багтаж төрөх талаар мэргэжилтнүүд хэлж буй.

Г.ШИЙЛЭГДАМБА: МЭС ЗАСЛЫН АРГААР ТӨРСӨН БАЙСАН Ч ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН БОЛНО

Гурван сая дахь иргэн мэндэлсэн өдөр төрсөн бүх хүүхдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэхээр болсон. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүнтэй холбогдуулан тухайн өдөр кесаревор хагалгаагаар төрсөн эмэгтэйд гурван сая төгрөг олгохгүй гэх мэдээлэл ч байгаа билээ. Үүнийг сонссон жирэмсэн эхчүүд “Өөрөөрөө төрж чадахгүй өвдөөд аргагүйн эрхэнд хагалгаанд орж хүүхэд гаргасан хүмүүсийг ялгаварлаж байна” гэх яриа гаргах болсон. Тиймээс энэ мэдээлэл үнэн бодит эсэх талаар Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

-Гурван сая дахь иргэнээ хүлээж авахдаа хэр бэлдэж байна вэ?

-Гурван сая дахь иргэнийг хүлээж авахаар ач холбогдол өгч ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Монгол Улсынхаа гурван сая дахь иргэнийг хүлээж авах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ахалж, холбогдох сайд нар ажиллана.

-Хагалгаагаар төрсөн хүүхдийг гурван сая дахь иргэнээр тооцохгүй, мөнгө олгохгүй гэх мэдээлэл гарах болсон. Үнэн үү?

-Тийм мэдээлэл гарсан. Гэхдээ энэ бол худлаа мэдээлэл. Хагалгааны аргаар төрсөн хүүхэд ч гурван сая дахь иргэн болох боломжтой. Мөн чацуутан хүүхэд ч болно.

-ХҮН АМЫН ЦАГ ТООЛЛЫГ ХОЁР САРЫН ӨМНӨ УНТРААЖЭЭ-

Үндэсний статистикийн хорооны мэргэжилтэн “Гурван сая дахь иргэн хэдэн сарын хэдэнд мэндлэнэ гэдгийг урьдчилан таамаглах аргагүй. Хүн амын өсөлт сар тутамд харилцан адилгүй байдаг” гэсэн юм.

Тус хороо вэб сайтдаа хүн амын цаг тоолол ажиллуулдаг байсан ч сүүлийн хоёр сар унтраажээ. Учир нь гэвэл жирэмсэн эмэгтэйчүүд тэрхүү тооллыг харж гурван сая дахь хүүхэд төрүүлэх хүслээр амаржих хугацаагаа тааруулах гэж оролдож, эрсдэл дагуулах магадлалтай гэж үзсэн байна.

Эрүүл мэндийн салбарт ажилладаг эх сурвалжийн хэлж буйгаар “Жирэмсэн эхчүүд Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон дээр зурагтаар гарч байгаа тоог нэмж гурван сая дахь иргэний мэндлэх өдрийг хуруу тоолон хүлээж байна. Зарим жирэмсэн эх хувийн эмнэлэгт кесарево хагалгаа хийлгэхээр эртнээс захиалга өгчээ.

Хүмүүс лобби хийж, жинхэнэ гурван сая дахь иргэн хохирч үлдэх вий гэж хардаж байна. Ядаж л түүний чатуутан болох гэж кесарево хагалгаагаар олон ээж төрнө. Гурван сая төгрөг, орон сууцны төлөө олон жирэмсэн хүн эрсдэл хийх гэж байна” хэмээж буй юм.

Ж.ЦЭНГЭЛМАА: МИНИЙ ОХИН АРАВДУГААР АНГИА АЛТАН МЕДАЛЬТАЙ ТӨГСӨЖ БАЙЛАА

Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сарын 10-нд мэндэлсэн байна. Тухайн үед хоёр сая дахь иргэн, түүний чацуутнаар хот, хөдөөд 25 хүүхдийг тодруулж байжээ. Хоёр сая дахь иргэний ээж Ж.Цэнгэлмаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Монгол Улсын хоёр сая дахь иргэнийг төрүүлсэнээ хэрхэн мэдсэн бэ?

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын эмнэлэгт 1988 оны долдугаар сарын 10-нд Монгол Улсын хоёр сая дахь иргэнийг төрүүлсэн. Төрсний дараа эмнэлгийнхэн хот руу мэдээ явууллаа гэж сувилагч хэлсэн юм. Тухайн үед залуу байсан болоод ч тэр үү, гайхаад л өнгөрсөн. Засаг дарга ирж баяр хүргээд, ирж шөлний хонь өгч байсан. Ангийн найзууд XXI зууны хоёр сая дахь иргэнийг төрүүллээ. Сайн хүн болгоорой гээд эргэлтээр ирж байлаа.

-Охин тань одоо юу хийдэг вэ?

-Манай охин сумынхаа 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 800 оноогоор элсэн орж, солонгос хэлний орчуулагчаар төгссөн юм. Одоо барилгын компанид мэргэжлээрээ ажиллаж байна.

-Тухайн үед хоёр сая дахь иргэнд улсаас ямар тэтгэмж олгож байсан бэ?

-Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга хоёр сая дахь иргэний өргөмжлөл, медаль, өлгий, тоглоом гардуулж байсан. Гурван нас хүртэл нь аймгийн эрүүл мэндийн нэгдлээс цагаан будаа, ургамлын тос зэргийг авч байсан юм.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:45


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.