Ё.Лхагвасүрэн: Фейсбүүкийг бусдын нэр төрийг гутаан доромжлох нэг том хэрэгсэл болгосон

Д.Тулга / Хууль

Манай улсад компьютер, интернэт, мэдээллийн орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх хоёр бүтэц бий. Нэг нь, ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар, нөгөө нь ЭЦГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг. Цөөн алба хаагчтай энэ хоёр бүтэц манай улсын сая гаруй интернэт хэрэглэгчийг кибер гэмт хэргээс хамгаална гэвэл хүн хүчээс авахуулаад технологи, санхүү нь хүрэлцэхгүй. Дэлхийн аль ч улсад ийм боломж байхгүй. Ийм учраас иргэд өөрсдөө л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал болоод байна. Бидний хайхрамжгүй, гэнэн, мэдлэггүй байдлыг далимдуулж мөнгө олох сонирхолтой хүн ертөнцөөр дүүрэн бий. Сүүлийн гуравхан жилийн дотор манай улсад хүч түрэн орж ирж буй цахим хэрэглээ, тэр дундаа фэйсбүүк хуудас ямар хор хохирол дагуулдаг, цахим гэмт хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин ямар байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Фейсбүүк хуудаст хүмүүсийн нэр төрд халдсан, садар самууныг сурталчилсан бичлэг, постууд цацагдах болсон. Энэ бүхэн цахим гэмт хэрэг мөн үү. Манай хуулинд ямар гэмт хэргийг цахим гэмт хэрэг гэж тодорхойлдог вэ?

-Фейсбүүк хуудас бол АНУ-д сервертэй веб сайт. Тэгэхээр энэ дээрх мэдээлэл АНУ-ын хуулиар зохицуулагддаг. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд, хэрэглэгчид өөрсдөө бүртгүүлдэг. Эрхзүйн хүрээнд гадаадын сайтад бүртгүүлсэн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хүндрэлтэй. Хамгаалж болно. Цаг хугацааны хувьд асар удаан. Бичиг цаас, гадаад хамтын ажиллагаа нэлээд шаарддаг. Тиймээс Фейсбүүк хуудас ашигладаг иргэд өөрсдөө мэдээллээ хамгаалахад анхаарах нь илүү ач холбогдолтой. Нэг ёсондоо гэмт хэрэг үйлдэх боломжийг олж хараад өөрийгөө хамгаалах нь илүү зохимжтой. Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 226-229 дүгээр зүйл ангийг компьютер, мэдээллийн аюулгүй байдлын гэмт хэрэг гэж тооцож байна. Өнгөрсөн оны хувьд ийм зүйл ангиар шийдвэрлэгдсэн хэргүүд гэвэл интернет орчинд хортой код тарааж, бусдын мэдээллийг хулгайлж байсан хоёр хэргийг илрүүлэн шалгаж байна.

-Охид эмэгтэйчүүдийн зургийг цуглуулж сүрдүүлдэг хэрэг оны өмнөхөн гарсан. Ийм төрлийн хэрэг гарах шалтгаан гэвэл?

-Иргэд өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалж чадахгүй байна. Интернет аюулгүй байдлын талаарх ойлголт асар сул байгаатай холбоотой. Ийм төрлийн гэмт хэрэг ганцхан манай улсад биш дэлхий дахинд үйлдэгдэж байгаа. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд, тухайлбал Филиппин, Малайзаас үйлдэгдэж байгаа зургаар сүрдүүлэхээс гадна залилан мэхлэх гэмт хэргүүд маш олон гарч байна. Мэдээлэлтэй болж байж л урьдчилан сэргийлж чадна. Үүнийг зөвхөн цагдаагийн байгууллага биш бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд түгээснээр үр дүнд хүрч байна. Олон улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын 70 хувь нь урьдчилан сэргийлэх ажил байдаг. Дотоодод гэвэл фейсбүүкийг бусдын нэр төрийг гутаан доромжлох нэг том хэрэгсэл болгосон байна. Түүнийг том боломж гэж хараад байдаг. Тэдэнд хариуцлага тооцож байгаа. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтэст шалгаад гэмт хэрэг мөн байна гэж үзсэн тохиолдолд цаад буруутай этгээдийг олж тогтоох ажиллагаанд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд тусламж дэмжлэг үзүүлдэг. Нэр төр гутаах, садар самуун сурталчлах гэдгийг зохицуулсан зүйл заалт Эрүүгийн хуульд байна. Гэхдээ энэ зүйл заалт учир дутагдалтай байгаа юм. Бид шинээр батлах гэж байгаа хуулийн төслүүдэд Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд оруулах зайлшгүй шаардлагатай гэсэн саналуудаа өгч байгаа.

-Тухайлбал, ямар зүйл ангийг шинээр оруулах шаардлагатай байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар цахим гэмт хэргийг мөрдөхөд хангалттай биш гэж хэлэх хүмүүс байна. Хуулийг дүйцүүлж хэрэглэж байгаа ч ял завших боломж олгоод байна уу?

-Бид олон улсын чиг хандлагыг харж байна. Дэлхийн улс орнуудад хүүхдийн порнограф гэдэг ойлголт асар өндөр. Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж бичлэг хийх гэсэн үг. Үүнийг манайд хуульчлаагүй. Бага насны хүүхдийг уруу татах гэсэн зүйл анги л бий. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг хуульд дэлгэрэнгүй үг, өгүүлбэрээр нэмж оруулах шаардлагатай. Интернэт ашигласан бол хүндрүүлэх нөхцөл байдал болох ёстой гэдэг үүднээс санкцийг нь нэмэгдүүлэх тал дээр санал өгч байгаа.

-Манай улсад хүүхдийг цахим орчноор садар самуунд уруу татсан тохиолдол гарсан уу?

-Дээр ярьсан охид, эмэгтэйчүүдийн зургийг цуглуулж сүрдүүлдэг байсан хэргийг Сүхбаатар аймгийн харьяат иргэн үйлдсэн. Хуурамч хаяг нээчихээд насанд хүрээгүй охидтой танилцан зургийг нь цуглуулдаг. Тэгээд зургийг нь цахим орчинд тараана гэж далайлган сүрдүүлэх замаар мөнгө авсан, бэлгийн харьцаанд орсон тохиолдол байдаг. Үүнийг зүйлчилье гэхээр хуулиараа далайлган сүрдүүлэх гэсэн заалтаар л шалгаж байна. Тиймээс илүү дэлгэрэнгүй болгож санкцийг нь хүндрүүлэхээс өөр аргагүй. Нөгөө талаар иргэдэд давтамжтайгаар мэдээлэл хүргэх ажил шаардлагатай. Эс тэгвэл ийм төрлийн гэмт хэрэг улам газар авах магадлалтай.

-Иргэд, аж ахуйн нэгжүүд цахим гэмт хэргийн золиос болох тохиолдол өмнөх жилүүдэд хэд хэд гарсан. Аль улсаас манайд халдаад байна вэ?

-Энэ бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн үйлддэг хэрэг. Ихэвчлэн Хонконг, БНХАУ, Англи, Малайз руу мөнгө нь шилждэг. Тухайлбал, компанийн мэдээллийг олж авдаг этгээд Сингапурт, мөнгө хүлээн авагч нь Малайзад, харилцаа холбоо тогтоодог нь Англид байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нь үндэстэн дамнасан гэмт хэрэг юм. Үүнийг нэг цаг, нэг минутад шалгах шаардлагатай. Яагаад ийм төрлийн гэмт хэрэг удаашралтай байдаг нь ийм шалтгаантай. Манай улсын хувьд компаниуд өндөр хохиролтой байна. Одоогийн байдлаар 590 орчим сая төгрөг гадагшаа гаргачихсан. Иргэдийн хувьд дээд тал нь 60 сая төгрөг гадаад улсад алдчихсан, нийт 200 орчим сая төгрөгийн хохиролтой байна.

-Цахим гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ?

-Нэгдүгээрт интернэт аюулгүй байдлаа хангах ёстой. Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ажилтнууддаа энэ төрлийн мэдээллийг сайн ойлгуулах хэрэгтэй. Компаниудын хувьд цахим шуудангаар ирж байгаа хуурамч хаягийг таних чадвартай байх ёстой. Иргэдийн хувьд үнэгүй сугалаа гэгчид итгэхгүй байх нь чухал. Гэмт этгээд итгэл төрүүлэхээр алтан карт хүртэл илгээдэг.

-Манай улсын фэйсбүүк хэрэглэгчдийн тоо хэд вэ?

-Албан бус мэдээллээр 900 мянга орчим гэж бий. Гэхдээ энэ бол баталгаатай тоо биш. АНУ-д насанд хүрээгүй хүн доод тал нь гурван хаягтай байна гэсэн. Манайд ийм байдал байгаа учраас тоо нэмэгдэх боломжтой.

-Тэгэхээр хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр бололтой?

-Эцэг эхчүүд хүүхдээсээ давсан технологийн мэдлэгтэй байх нь чухал. Хүүхдээ цахим ертөнцөд юу хийж байгааг мэдэхгүй бол хэцүү. Нэгдүгээрт, эцэг эхийн хараа хяналт, хоёрдугаарт сургууль дээрх нийгмийн ажилтны хяналт хэрэгтэй. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгт гэрч байдаггүй. Гэмт этгээд, хохирогч хоёр л байдаг. Эцсийн дүндээ хүүхэд амиа хорлох хэмжээнд очдог. Ийм байдлыг эцэг эхчүүд, сургуулийн багш нар сэтгэлзүйн байдлаас нь мэдрэх ёстой. Хүүхдүүд мэдээж айгаад хэлж чаддаггүй.

-Цахим гэмт хэргийг илрүүлэхэд хугацаа их шаардагддаг байх. Тийм үү?

-Чиглэл хариуцсан хэлтэс нь саяхан байгуулагдлаа. Цаашид эрх зүйн орчныг сайжруулна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулаад чиглэлийг нь хуваах, техник хангамжийг сайжруулах ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай. Тоон ул мөр бэхжүүлэх, илрүүлэх, шинжилгээ хийх техник хэрэгслийн алба зайлшгүй байгуулах ёстой. Одоогийн байдлаар манайх үйл ажиллагаагаа эхэлсэн. Нэр төрд халдаж байгаа асуудлаар манайх руу олон хандаж байна. Үүнд нэг асуудал бол, миний зургийг нууцаар аваад тавьчихаж, миний утсыг олж аваад зарын сайтад янхан гээд биччихэж гэсэн гомдол гаргах тохиолдол олон байгаа. Ухаад үзэхээр хувь хүний мэдээллээ хамгаалж байгаа чадвартай холбоотой байдаг. Фэйсбүүкт зургаа хэн бүхэн харахаар оруулчихдаг. Түүнийг нь дурын нэг нөхөр татаж аваад дараа нь эсрэгээр ашиглах боломж олгодог. Түрүүн хэлсэн. Энэ хэргийг илрүүлж хариуцлага тооцно. Гэхдээ маш их хугацаа зарцуулдаг. АНУ-ын хууль манайхаас өөр шүү дээ. Тэгэхээр тэр компаниас мэдээллийг гаргуулж авахын тулд тус улсын хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэх хүндрэл байдаг. Монгол сайтад тавигдсан зүйлийг бид богино хугацаад шалгаж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийд учруулж буй болон учруулж болзошгүй аюул заналаараа терроризм нэгд байсан бол одоо кибер гэмт хэрэг орох боллоо.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.