Бөөгийн хэлснээр талийгаачийнхаа цогцсыг овооны хажууд ил тавьжээ

Д.Тулга / Хууль

Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод талийгаачийг нутаглуулахдаа шашны зан үйлтэй холбоотойгоор ил хаях, тавих явдал мэр сэр гарсаар байна. Ялангуяа Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд ийм байдал ажиглагддаг, ийм төрлийн хэргийн мэдээлэл дуудлага ч цагдаагийн байгууллагад хэд хэд бүртгэгдэж байсан аж.

Өнгөрсөн амралтын өдөр буюу 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Бумбатын ам гэх газрын уул өгсөөд овоон дээр нас барсан хүн тавьсан байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад нэгэн иргэн мэдэгдсэн байна.

Энэ мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээчийн хамт очиж шашны зан үйлийн дагуу тавигдсан цогцос овооны хажууд ил тавигдсан байж болзошгүйг шалгажээ. Цогцосыг хэн болохыг нь тогтоогоод, ар гэрийнхнийг нь хайж олсон байна.

Талийгаач эрэгтэй өндөр настай бөгөөд хүнд өвчтэй байсан аж. Ар гэрийнхэн нь цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандахгүйгээр гэртээ нас барахад нь ийнхүү овоон дээр аваачин нутаглуулсан байж. Уг айлд бөө хүн байдаг учраас тэд тухайн бөөгийн хэлснээр талийгаачийн цогцсыг ил тавьсан гэдгээ хэлжээ.

Ил задгай тавигдсан шарил, цогцосны мэдээллийг цагдаа болон эрүүл мэндийн байгуулагад мэдэгдэх нь талийгаач ямар ч өвчтэй байж мэдэх тул элдэв халдварт өвчнөөс сэргийлэх зайлшгүй ач холбогдолтой. Улмаар энэ асуудалд мэргэжлийн байгууллагууд анхаарч байх ёстойг цагдаагийн байгуулагаас сэрэмжлүүлж байна. Түүнчлэн сүүлийн үед өсөн нэмэгдэж байгаа бөө, тэднийг дагаад 1950-иад оны үеэс устсан шарил ил тавих ёс сэргэж байгаа нь сөрөг үр дагавар дагуулж болохыг анхааруулав.

-ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 3-5 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ТОРГОНО-

Одоо цагт бурхан бологсдын ар гэрийнхэн оршуулгын хэлбэрийг өөрсдийн сонголт, нийслэлийн дүрэм журамд нийцүүлэн хийж байгаа гэхээсээ илүүтэй шашны буюу зурхайчдын нөлөөнд автах нь их байна. Талийгаачийг оршуулах ажлыг үр хүүхдүүд нь өөрсдийн сэтгэлд нийцсэн байдлаар хийж гүйцэтгэж чадахгүйн улмаас нэг насны харуусал, гэмшил тээн үлдэх явдал ч гарахыг үгүйсгэхгүй. Иймээс ар гэрийнхний сонголтоор буюу иргэнлэг шинж давамгайлах боломжийг бий болгох тал дээр холбогдох байгууллагууд болон бүх нийтээрээ онцгой анхаарал хандуулах нь зүйтэй болов уу.

Түүнчлэн буяны үйл ажиллагаа зохион байгуулах талаар иргэний боловсролыг нэмэгдүүлэх, таниулах соён гэгээрүүлэх ажлыг буяны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд гэхээсээ илүүтэй хотын захиргаа, шашны байгууллагууд онцгой анхаарч, ач холбогдол өгөх нь иргэдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, хүлээн авч дагах мөрдөх талдаа үр дүнтэйг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-д “Журмыг зөрчсөн тохиолдолд иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахад гарсан зардлыг нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.