Ч.Сайханбилэгийн Засгийн газар 100 хоногт юу хийв

Д.Тулга / Улстөр

Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрыг байгуулаад 100 хоногийн нүүр үзэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ Засгийн газар юу хийснийг иргэд дүгнэж буй биз ээ. Ерөнхий сайдаар томилогдож, УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн хэлж байсан. Өнөөдөр эдийн засагт хэр зэрэг эерэг өөрчлөлт гарсан бол. Түүнийг Ерөнхий сайд болох үед ам.долларын ханш 1850 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1995 төгрөгтэй тэнцлээ. Уул уурхайн том төслүүдээ урагш нь явуулж, эдийн засгаа сайжруулна гэсэн ч өнөөдөр Оюутолгойн гацаа тайлагдаагүй, Тавантолгойн хэлэлцээний үр дүн тодорхойгүй, Гацууртын ордыг ашиглах эсэх эргэлзээтэй болов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ажлаа авснаасаасаа хойш хийсэн зарим ажлыг эргэн сануулъя.

saihanbileg

2014 оны 11 дүгээр сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдсон Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын тамгыг гардуулан өгөв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс орныхоо эрх ашгийн төлөө хариуцлагатай, ёс зүйтэй, шуурхай, нээлттэйгээр хуулийг хэрэгжүүлэн ажиллах”-ыг захисан билээ. Дараа нь Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдаанаа хийсэн юм.

11 дүгээр сарын 24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. Ингэснээр хэзээ ч засагт хамтрахгүй гэх байр суурь илэрхийлж байсан сөрөг хүчин МАН Засгийн газарт хамтарч сайдын суудлаа хуваалцав.

11 дүгээр сарын 27

Ч.Сайханбилэг ажлаа авснаасаа хойш халаа, сэлгээ, томилгооны ажлыг ширүүхэн эхлүүлэв. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж Р.Чингисийг, Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг тус тус томилсон. Ялангуяа засагт хамтарсан МАН-ынхан яам, агентлагуудад халаа, сэлгээ хийж, оронд нь өөрсдийн хүнээ томилсон юм.

saihanbileg

12 дугаар сарын 06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон бусад холбогдох хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүнээр шинээр томилуулах хүмүүсийн нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. Хуулийн хугацаанд уг асуудлыг хэлэлцэж сайд нарыг томилсон. Ингэхдээ МАН долоон сайдын суудал авч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг гурван суудал хүртэв. Шинэ сайд нар ажлаа хүлээж авмагц 12 дугаар сарын 10-нд Ерөнхий сайд тамгыг нь гардуулан өгсөн юм.

saihanbileg

12 дугаар сарын 10

Засгийн газрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах шийдвэр гаргасан нь “нүдээ олсон” хэмээн олон хүний талархлыг хүлээж байсан. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх үүргийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан билээ. Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой хэмээн үзэж байсан. Долоо хоногийн дараа дахин хуралдаад Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулахаар болсон. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус эмнэлэг ашиглалтад ороогүй л байна.

12 дугаар сарын 15

Улсын төсөвт хэмнэлт хийх хүрээнд Засгийн газар бүх яам, агентлагийнхаа орон тоог 15 хувиар бууруулахаар болов. Ингэснээр Засгийн газрын 15 яам, 26 агентлаг, ЗГХЭГ-ын орон тоог 15 хувиар цөөрүүлэхээр тогтсон юм.

Мөн яам, агентлагийн газар, хэлтэс орлогч даргагүй, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг давхардалгүй, илүү шат дамжлагагүй байх, Засгийн газрын агентлаг 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга, эсхүл орлогч дарга нэгтэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх, агентлагийн дарга нь зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, дэд болон орлогч дарга, нэгжийн дарга нар албан ажлын автомашин хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр хэрэгжихгүй байна.

12 дугаар сарын 17

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийж, дэд сайдуудыг томилсон юм. Уг томилгоо нь ихээхэн маргаан дагуулж, намууд дэд сайдуудын нэрсээ өргөн барих гэж багахан хэмжээний сонгууль явуулав.

12 дугаар сарын 22

Засгийн газрын хуралдаанаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн юм. Ингэснээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 08.00 төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил 08.30 цагт эхлэхээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан юм. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн билээ.

12 дугаар сарын 30

Боомтын нэгдсэн захиргаа, түүний харъяа боомтын захиргаадыг татан буулгаж, гаалийн харьяа байгууллагуудад шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэв. Ингэснээр боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 ажилтны орон тоо, цалингийн сан, байр ашиглалтын урсгал зардал Гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжсэн.

2015 оны нэгдүгээр сарын 29

Ерөнхий сайдын захирамжаар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар зөвлөх үүрэг бүхий орон тооны бус Эдийн засгийн зөвлөл байгуулав. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагаа нь макро эдийн засгийг тогтворжуулах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, мега болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр санал, дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэнэ. Эдийн засгаа сэргээхийн тулд бид хөрөнгө оруулагчдаа буцааж авчрах зайлшгүй шаардлагатай. Хөрөнгө оруулагчдаа татахын тулд том төслүүдээ явуулахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна” хэмээн хэлж байв.

2 дугаар сарын 04

Засгийн газраас “2015-2016 онд хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулга явуулав. Дөрвөн өдрийн турш явуулсан санал асуулгад нийт 365 841 иргэн оролцож 56.1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн хариултыг сонгосон байв. Харин 43.9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн хоёр дахь хариултыг сонгожээ.

2 дугаар сарын 04

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Ингэснээр уг тогтоолын төслийг УИХ-д мэдүүлж намрын чуулганаар яаралтай хэлэлцүүлэн баталсан билээ. Энэ үед “улс төрөө хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг урдаа тавьж ажиллах цаг үе иржээ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлж байв.

saihanbileg

2 дугаар сарын 09

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийв. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих асуудалд онцгой анхаарч, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

saihanbileg

2 дугаар сарын 25

Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг оффиссын зориулалтаар ашиглах шийдвэрийг Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гаргасан. Харин уг барилгыг зориулалтаар ашиглах нь зөв хэмээн Ч.Сайханбилэг дэмжив. Ингээд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлэв. Энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон юм.

3 дугаар сарын 09

Нарны энергийг боломжтой үед нь түлхүү ашигласнаар цахилгаан эрчим хүчийг хэмнэх зорилгоор манай улс 1983, 1985, 2001 онд Засгийн газрын тогтоолоор 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гариг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байжээ.

Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтов.

Дээрх шийдвэрүүдээс харахад ихэнх нь халаа, сэлгээ, бүтцийн өөрчлөлт хийсэн эсвэл агентлаг газар татан буулгасан, цагийн хуваарь өөрчлөлт оруулсан шийдвэрүүд харагдах. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас санаачилсан хэд, хэдэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг эс тооцвол эдийн засагт нөлөөлж, гарт баригдах чухал шийдвэрүүд гарсангүй гэж иргэд харж байна.

Зуу хоног гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд Засгийн газар хэрхэн ажилласныг сөрөг хүчин байсан бол шүүмжилж л байх байсан. Гэвч өнөөдөр улс орны эдийн засгийн хямралын талаар дуугардаг сөрөг хүчин гэж алга. Улс төрийн намууд хамтарч засгийн эрх барьснаар эдийн засаг, иргэдийн амьдралд өөрчлөлт гарсан эсэхийг уншигчид тунгаах биз ээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.