Устөрөгчөөр ажилладаг “Мираи” автомашинтай танилцав

Д.Тулга / Орон нутаг

энхболд

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.26/ Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочлон "Мираи" машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав.Тоёото компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “Мираи” машиныг танилцууллаа.Японы “Мираи” буюу “Ирээдүй” нэртэй устөрөгчөөр ажилладаг машиныг Тоёота корпораци 2015 оны 12 дугаар сараас эхлэн зах зээлд анх удаа нийтэд зориулсан хэлбэрээр борлуулж эхэлсэн байна. "Мираи" машин нь устөрөгчийн түлшний элемент гэж нэрлэгдэх цахилгаан генераторт устөрөгчийн түлш болон хүчилтөрөгчийг урвалд оруулан цахилгаан эрчим хүч үүсгэж, хөдөлгүүрийг ажилд оруулах зарчмаар ажилладаг бөгөөд нүүрсхүчлийн хий болон бусад хорт утааг огт ялгаруулдаггүй, яндангаас нь зөвхөн усны уур гардаг, жинхэнэ эко автомашин болж чаджээ. "Мираи" машиныг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн өртөг нь хэт өндөр бөгөөд нэг машин хийхэд 1 сая ам.доллар зарцуулж, хэрэглээнд нэвтрүүлнэ гэж байсан боловч Тоёото корпораци энэхүү таамаглалыг няцааж, уг машиныг 7.2 сая иенээр худалдахаар болсон байна.

Гэхдээ Японы Засгийн газраас байгаль орчинд ээлтэй устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд түгээхэд дэмжлэг болгон үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон аж. Тоёото корпораци дэлхийн дулаарлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх устөрөгчийн автомашиныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх эхлэлийг ийнхүү тавьж байна.

энхболд

"Мираи" автомашин нь устөрөгчийн түлшийг цахилгаан эрчим хүчинд хувиргаж хөдөлгүүрийг ажиллуулдаг тул цахилгаан автомашины нэгэн адил чимээ багатай, механик эд анги нь хялбар, тогтвортой зэрэг олон давуу талтай аж. Цахилгаан автомашинаас илүүтэй тал нь гэвэл нэг удаа цэнэглээд 600 орчим километр замыг туулах боломжтой, шатахуун цэнэглэхэд 3 минут зарцуулдаг болохыг УИХ-ын даргад танилцуулав. Устөрөгчийн автомашиныг дэлгэрүүлэхэд тулгамдаад буй гол асуудал нь устөрөгчийн түлш үйлдвэрлэх, түгээгүүрийн сүлжээг шинээр бий болгох асуудал юм байна. Өнөөдрийн байдлаар "Мираи" автомашин худалдан авсан хэрэглэгчид устөрөгчийн шатахууныг үнэ төлбөргүйгээр ашиглаж байгаа тухай шатахуун түгээх станцын ажилтан танилцууллаа. УИХ-ын дарга З.Энхболд Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимтай танилцахад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

энхболд


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:16


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.