Төрөх өрөөнүүдэд БАТАЛГААЖУУЛСАН ЦАГ байршуулжээ

Д.Тулга / Нийгэм

1 toroh

Гурван сая дахь иргэн хэзээ дуугаа хадаан энэ хорвоод мэндлэх бол хэмээн монголчууд дор бүрнээ чих тавин хүлээж байгаа. Тийм ч учраас төр засгийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагууд гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг угтан авах, тодорхойлох, алдаршуулах ажилд ихээхэн анхаарал хандуулж ажлын хэсэг байгуулсан. Монголчууд бид хэзээнээс аливаа зүйлд бэлдэж эхлэхдээ “саалиа бэлдэхээр саваа бэлд” хэмээн ярьцгаадаг. Тэр ч утгаараа төрөх иргэндээ өгөх “бэлгийн” талаар ярилцах бус амаржих газруудын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар сурвалжлага бэлтгэхээр Нийслэлийн Өргөө амаржих газар буюу Клиникийн нэгдүгээр амаржих газрыг зорьсон юм.

“Захиргаа” гэсэн хаалгаар ороход том, том тортой зүйлс барьсан хүмүүс үүдний хүлээлгийн танхимд тогтож ядан суух аж. Тэд шинэ хүнээ эмнэлгээс гаргахаар тэсэн ядан хүлээж буй аавууд. Зарим нь анхныхаа үрийн зулайг үнэрлэж буй бололтой асрагч эх хүүхдийг нь авчраад өгөхөөр шилэн бөмбөг авч буй аятай ихэд болгоомжтой тэвэрч харагдах юм. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаг нэг нь хүүхдийнхээ царайг харуутаа л нулимсаа барьж дийлэлгүй уйлж байв. Магадгүй хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг манцуйдаа үнэгчлэн унтах хүү, охиныхоо царайг харсан тэр нэгэн өдөр байх. Ингээд бид сурвалжлага цааш үргэлжлүүлэхээр төрөх тасгийг зорьсон юм.

Нэг давхарын үүдэнд хүлээн авахын эмч сууж, шаардлагатай хүмүүсийг үзэж, зөвлөгөө өгнө. Хоёр давхарт, жирэмсний хордлоготой эхчүүд болон төрөх дөхсөн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлдэг. Энэ давхар сэтгүүлч миний биед дайны талбар мэт санагдсаныг нуух юун. Төрөх дөхсөн эхчүүдийн уйлах, хашгирах, ёолох дуу энд тэндгүй цуурайтан сонсогдоно. Зарим нь өвдөлтөө тэсвэрлэхгүй байгаа бололтой гараа атгаад хана цохиж, газар дөрвөн хөллөн мөлхөж харагдсан. Харин гурван давхарт төрсөн эхчүүд байдаг учир үе үехэн нялх хүүхдийн уйлах чимээ часхийнэ. Дөрвөн давхарт кесарево хагалгаанд орсон, тавдугаар давхарт хагалгааны дараах буюу хүндрэлтэй төрсөн эхчүүд хэвтдэг сэхээний тасагтай аж.

Монгол Улсын хэмжээнд өдөрт дунджаар 230 хүүхэд төрдөг бол үүнээс 40-50 орчим нь Нийслэлийн Өргөө амаржих газар буюу Клиникийн нэгдүгээр төрхөд мэндэлдэг байна. Ингэхдээ тус эмнэлгийн багийнхан дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг шөнийн ээлжид таван эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хоёр нярайн, нэг наркозын эмч болон таван эх баригч, асрагч ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй хүн өдөр бүр хорвоод шинээр мэндлэж буй бяцхан үрсийг хүлээн авч, эхчүүдийг хүндрэлгүй төрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг гэсэн үг. Энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус эмнэлэгт 51 хүүхэд шинээр мэндэлжээ. Бид хэсгийн ахлагч Клиникийн профессор эх барих, эмэгтэйчүүдийн их эмч М.Мядагмаатай гурван сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл ажлын талаар цөөхөн минут ярилцах боломж олдсон юм.

1 toroh

-ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭН ТӨРӨХ ГЭЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ТӨРӨХ ӨРӨӨ БҮРТ КАМЕР СУУРИЛУУЛСАН-

Тэрээр ярихдаа “Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарсантай холбоотойгоор манай төрөх дээр ч гэсэн журам гараад хариуцсан баг ажиллаж байна. Үндэсний статистикийн хороо руу хоногт хоёр удаа эх, хүүхдийн мэдээллийг үнэн зөвөөр өгөх үүрэг авсан. Эхчүүдийг төрсөн даруйд хүүхдийн төрсөн он, сар, өдөр, эх барьж авсан эмчийнх нь нэрийг бичсэн мэдээлэх хуудсыг ээжид нь өгч байна. Нэг хувийг нь Үндэсний статистикийн хороо руу явуулж байгаа. Стандартчилал, хэмжил зүйн газраас баталгаажсан цагийг төрөх өрөө бүрт байршуулсан. Энэ цагаар төрөлтийг тэмдэглэж, өдөр бүрийн 00.00 цаг болон 12.00 цагт өгдөг. Манай эмнэлэгт хоногт 50-60 хүн төрдөг. Ерөнхийдөө 30 минут тутамд нэг хүүхэд төрдөг гэсэн үг л дээ.

Танай сайтаар дамжуулан хэлэхэд эмч, эмнэлгийн байгууллага гурван сая дахь иргэнийг тодруулахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Улс даяар гурван сая дахь иргэнийг тодруулах арга хэмжээ нэгдсэн зохион байгуулалтай явагдаж байгаа. Эмч бид зөвхөн Үндэсний статистикийн хороо руу үнэн зөв мэдээллийг л явуулах үүрэгтэй. Мөн сайдын тушаал шийдвэр гарсантай холбоотойгоор нэлээд олон арга хэмжээ авагдсан. Үүний хүрээнд төрөх өрөө болгонд камер байршуулсан” гэв.

-ГЭРТЭЭ ТӨРСӨН ХҮҮХДИЙН ЦАГИЙГ БҮРТГЭХГҮЙ-

L.ZendmaaЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа

-Гурван сая дахь иргэнээ хүлээж авах чиглэлээр ЭМСЯ-наас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 06 дугаар тушаал батлагдан гарсан. Энэ тушаал дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд амаржих газрууд дээр очин, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцсан. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гурван сая дахь иргэнийг хүлээж авах талаар мэдээлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулж байна. Өнгөрсөн баасан гараг /2015.01.16/-т ЭМСЯ-наас ЭХЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа амаржих газруудын 100 орчим эх баригчид гурван сая дахь иргэнээ хүлээж авах, бүртгэх мэдээлэх, мөн эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ юуг анхаарах талаар тусгайлсан сургалт зохион байгуулсан.

-Монгол улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртож буйтай холбогдуулан төрөлтийг “Дэлгэрэнгүй бүртгэлээр” бүртгэж эхэлсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2015 оны нэгдүгээр сарын 18-ний өдрийн 00.00 цагаас эхлэн төрөлтийн мэдээллийг “Дэлгэрэнгүй” байдлаар авч эхэлсэн. Иймээс бүх амаржих газар, мөн төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт дэлгэрэнгүй бүртгэлийн программ суулгасан. Энэ программын дагуу төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, Үндэсний статистикийн хороо руу 12 цагаар мэдээллийг өгч эхлээд байна. Уг программыг аймгуудад суурилуулсан. Сумын эмнэлгүүдээс аймаг дээрээ мэдээллээ хүлээн авч, Үндэсний статистикийн хороо руу мэдээлэх арга хэмжээ авч байна. Бүртгэл мэдээллийн дээрхи ажлыг зохион байгуулах талаар бүх амаржих газарт зөвлөмжөө өгчихсөн байгаа. Мөн Стандартчилал, хэмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан. Эх амаржсаны дараа хүүхдийнх нь төрсөн цагийг чанга тод дуугаар эхэд нь мэдэгдэнэ.

1 toroh

-Энэ сарын сүүл болон хоёрдугаар сарын эхээр гурван сая дахь иргэн төрнө гэсэн таамаглал тун өндөр байгаа. Төрөх эмнэлгүүдийн ачаалал хэр их байна?

-Төрөх эмнэлгүүдийн ачаалал их байгаа. Бид бүх зохицуулалтаа хийгээд л ажиллаж байна. Гэхдээ гурван сая дахь иргэн төрөх дөхсөн гээд төрөх эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн үү гэвэл үгүй. Бүх юм жам ёсоороо явагдаж байгаа. Хэн хэзээ гурван сая дахь иргэн болохыг бид мэдэхгүй. Зөвхөн Үндэсний статистикийн хороо тооцооллын аргаар гурван сая дахь иргэнийг тодруулж олон нийтэд зарлана.

-Амаржих газруудын төрөх өрөөнүүдийг бүрэн камержуулсан уу?

-Төрөх өрөөнүүдийн зарим нь камергүй байгаа. Гурван сая дахь иргэн төрөх гэж байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн төрөх өрөөнүүдийг камержуулна гэвэл хөрөнгө мөнгөний асуудал үүснэ. Асуудал юун дээр хамгийн их үүсэх вэ гэвэл цаг байхгүй юу. Тиймээс төрөх өрөөнүүдэд Стандартчилал, хэмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан. Мөн хамгийн гол нь эхэд хүүхэд төрсөн цагийг зөв, чанга, тод дуугаар хэлж өгөхөд маргаан үүсэхгүй байх гэсэн бодолтой байна.

-Гурван сая дахь иргэнийг тодруулахад “цаг” хамгийн чухал гэдгийг ойлголоо. Эмнэлгийн тусламж явч чадалгүй гэртээ төрсөн хүүхдийн цагийг яаж бүртгэж авах вэ?

-Бид энэ асуудлаар Үндэсний статистикийн хорооноос асуусан. Тухайн хүн гэртээ амаржсан бол хүүхэд төрсөн цагийг бүртгэхгүй. Учир нь нотлох баримт байхгүй учраас. Харин эмч үзээд хэдэн цагт төрсөн болохыг магадлалаар хэлнэ. Тийм болохоор иргэдийг аль болох эмнэлэгт төрөөрэй гэсэн мэдээллийг олон нийтэд манай яамны зүгээс түгээж байгаа.

М.АМАРЖАРГАЛ

1 toroh

1 toroh

1 toroh


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.