Э.Цовоо: Үг дааж уул болдогийг ямагт санаж явдаг болсон

Д.Тулга / Нийгэм

Энхболдын Цовоо. 30 настай. Олон Улсын Эдийн засаг – Худалдааны мэргэжилтэй. Бизнесийн Удирдлагын Магистр. СЭЗДС, Бизнесийн Удирдлагын Тэнхимд багш. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөлд “ЕБС-ийн сурагчдыг мэргэжилтэй болон мэргэжлийн баримжаатай төгсөх шийдэл, арга зам” шийдлийг дэвшүүлсэн.

-Та их дээд сургуульд найм дахь жилдээ ажиллаж байна. Төсөлд боловсруулан орж ирсэн шийдэлдээ залуус мэргэжилтэй болохын тулд цаг маш их алдаж байгааг тусгасан. Шийдлээ бидэнд товчхон танилцуулаач?

-Би Солонгос Америк оронд хувийн зардлаараа суралцаж байхдаа тэдний хөгжлийн гарцад хэрхэн хүрч байгааг судалсан. Нөгөө талаас манай гэр бүл дөрвөн үеэрээ багшилж Монголын боловсролын салбарт амьдралаа зориулж яваа хүмүүс. Тэр ч утгаараа би салбартаа нэг зүйлийг хийе гэсэн мөрөөдлийнхөө дагуу хөгжлийн гарцыг хайж судалсан. Миний шийдлийн гол санаа бол товчхондоо боловсролын үе шатуудыг эдийн засаг болоод бодлогын хувьд хүүхдүүд ЕБС-д сурахын зэрэгцээ МСҮТ-д давхар суралцаж мэргэжлийн үнэмлэх, чиг баримжаатай болох. Үүний дараа зөв мэдлэг чиглэлээр дээд боловсролыг сонгох тухай юм. Төгсөж буй оюутнуудын дийлэнх нь мэргэжлээрээ ажиллахгүй дахин сургалт дамжаанд хамрагдаж цаг алдаж байна шүү дээ.

-Төслийн IV эхэлж шилдэг 30 залуу үлдлээ. Өмнө өмнөх шатуудаас юугаараа ялгарч байна вэ?

-Өмнөх шатуудад 4 баг болж ажиллаж байсан бол, өнөөдөр 30 залуус нэг баг болон хамтарч байгаа нь онцлог. Бид одоо урьдах шатуудаас илүү хурдтай өндөр бүтээмж, үр дүнтэй оновчтой шийдвэр шаардсан акц, гэрийн даалгаврыг гүйцэтгэж байна.

-Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энэ төслөөс Цовоо юуг олж харав, мэдэв бас яаж өөрчлөгдөв өө?

-Миний хувьд уулын мод урттай богинотой гэдэг шиг янз бүрийн үнэт зүйл, үзэл бодол, ёс суртахуунтай хүмүүстэй хамтран ажиллаж, нөхөрлөхөд сонирхолтой бөгөөд сургамжтай байлаа. Мөн өөрийн мэдлэг боловсрол, ур чадвар, зорилго тэмүүллээ улам гүнзгийрүүлэн баталгаажуулж, өөртөө итгэх итгэл маань 200 хувь болсон гэдэгт эргэлздэггүй.

-Нийгэм та бүхнийг янз бүрээр хүлээн авч байна. Энэ талаар?

-Хүмүүс таныг юу гэж ярих нь чухал биш, өөрөө өөрийнхөөрөө байж, үзэл бодол, зорилго тэмүүлэлдээ тууштай, үнэнч байх нь маш чухлыг гүнээ ухамсарлахыг оюун ухаан, яс махандаа шингээж чадсан гэж үзэж болно. Онцолбол, үг дааж байж уул даадаг болдгийг ямагт санаж явдаг болсон.

-Багш хүний хандлага бусад мэргэжлээс огт өөр байдаг болов уу. Ер нь таны цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

-Багш хүн өөрөө үлгэрлэдэг байх ёстой. Ялангуяа оюутнаа хүндлэх, оюутнаараа хүндлүүлж чаддаг байх ёстой. /Инээв/ Том мөрөөдөж, том бүтээдэг биз дээ. Тэгвэл энэ нь Монгол төгрөгийг “Азийн доллар болгох”. Жижиг мөрөөдөл гэвэл дэлхийд нэртэй улстөрч болж эх орныхоо түүхэнд, хөгжилд ул мөрөө үлдээх юм уу даа.

-Танай гэр бүл дөрвөн үеэрээ багш гэсэн. Та тэднийгээ товч танилцуулаач?

-Миний өвөг эцэг С.Буваа нь Улаанбаатар хотын 11, 18 дугаар дунд сургууль, багш нарын бэлтгэх сургуульд багш, захирал, Хотын Захиргааны Гэгээрлийн Хэлтэст байцаагчаар нийтдээ улсад 50 гаруй жил ажилласан. Миний эмээ С.Долгорсүрэн нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хан-Уул дүүрэгт 40 гаруй жил багшилсан. Миний ээж О.Энхдэлгэр ЗХУ-д онц буюу тухайн үеийн “Улаан диплом”-той төгсөж, МУИС-т 21 настайдаа багшаар томилогдож байсан гэдэг. Өнөөг хүртэл их дээд сургуульд тасралтгүй тэнхимийн эрхлэгч, багшаар ажиллаж байгаа доктор, профессор хүн. Тиймээс би гарцаагүй 4 дэх үеийн багш байгаа биз дээ. /инээв/ Мөн бахархаж хэлэхэд надаас бусад нь бүгд Боловсролын Тэргүүний ажилтан шүү.

-Хамтдаа сурч боловсорч хөгжиж өрсөлдөж буй залуусынхаа талаар ямар сэтгэгдэл дүгнэлттэй явна вэ?

-Эх орны өнцөг булан бүрээс ирсэн боловсролтой, зорилготой залуус. Хамтран бүтээж, өөрчлөн хөгжих залуу насны зориг эрч хүчээр дүүрэн найз нөхөд минь юм гэж бахархаж байна.

-Манлайлагч залуус гурав гурваараа нийлж нийгэмд хандсан ажил хийж байгаа. Цовоо багш нийгмийн аль салбарт ямар ажлыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

-Улс төрд бэлтгэгдэж байгаа, одоо улстөрч гэгдэх хүмүүсийн ёс зүйг хэм хэмжээтэй, хариуцлагатай, үлгэр жишээч зохих түвшинд хүргэх ажлыг миний бие Л.Болормаа, Б.Мягмардорж нарын шилдэг оролцогч нөхөдтэйгээ хамтран улс төрчдийг өндөр ёс суртахуун, ёс зүйтэй байлгах боломж нөхцөл, арга замыг хэрэгжүүлэхийг зорьж явна.

-Амжилт хүсье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.