Олны үг ортой эсэхийг шалгалаа

Д.Тулга / Нийгэм

Зураг дээр: Зүүн гар талынх нь Гэсэр ламын бунхан, хажуугийнх нь Цорж Санжжавынх

-ЦОРЖ САНЖЖАВЫН БУНХАН ХӨНДӨГДӨЖ, ШАРИЛ НЬ АЛГА БОЛСОН БАЙЖЭЭ-

Өндөр уулын оройд багш, шавь хоёрын шарилыг зэрэгцүүлэн оршоогоод, нутгийн иргэд залбирч мөргөдөг байсан хэмээн Архангайн Тариатын иргэн занданшуулсан шарилын талаар өгүүлсэн юм. Түүний яриа үнэн бодит эсэхийг шалгаж, “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авч, шинжилж буй.

Г.Пүрэвбат 200 гаруй настай занданшуулсан шарилын талаар “Очир завилгаагаар суулгасан, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг ном номлохын ерөөлтэйгээр өргүүлсэн, зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Орон нутгийн сүм хийдийнхэн нутаг нугадаа байгаа тэрхүү шүтээнээ байр савандаа байна уу үгүй юу гээд эргэж тойрч үзэхэд илүүдэхгүй байх. Нууцлаг шүтээнийг нь ховхлоод ирсэн байх вий” хэмээн хэлж байсан билээ.

Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон байна. Бунхан хадгалагдаж буй ууланд очиж Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарил ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгаан Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосныг мэдэгдсэн билээ. Тэдний бунхан Архангай аймгийн Цахир сумын нутаг, Содномдаржаа уулын оройд байрладаг байжээ.

-ХОХИМОЙ ТОЛГОЙД ҮНЭГНИЙ АРЬС НӨМӨРГӨӨД ОРХИСОН БАЙСАН ГЭВ-

Энэ сарын 4-ний өдөр Цахир сум руу шуурхайлан хөдөлсөн Архангай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн Очирхайрхан ууланд орших бунханыг шалгаж үзжээ. Шалгалтын явцад багш, шавь хоёрын онгоны нэг буюу цорж Санжжавынх байхгүй байгааг олж тогтоосон аж. Гаднаас нь харахад хөндөгдсөн гэхээргүй засч янзалсан байжээ. Газар дээр нь очиж шалгалтын ажиллагаанд оролцсон албаны эх сурвалж хэлэхдээ, Гэсэр ламын бунхан огт хөндөгдөөгүй байсан. Харин шавийнх нь бунханд хүний гар хүрсэн нь тогтоогдсон. Эхэндээ бунханы чулууг эвлүүлж тавьсан байсан нь хөндөгдөөгүй мэт харагдуулж байсан. Улмаар шалгаж үзэхэд, цорж ламын шарилыг хулгайлаад, оронд нь хүний өгөршсөн толгойд үнэгний арьс нөмөргөөд орхисон байсан гэв.

Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргүй харагддаг аж. 2000-аад оны эхээр цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байжээ. Бүр шарилын мөр, толгой хэсэг ил гарчихсан байсан юм байна. Толгойн үс, сахал нь дөнгөж ургах төдий, суугаа байдлаар жанч халсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байжээ. Иймд мод, чулууг нь сэргээж янзалсан талаар Гэсэр ламын удмын хүн С.Батчулуун ярьсан билээ.

Цорж Санжжав нь битүү хар хууз сахалтай, өндөр монхордуу хамартай. 180 см орчим өндөр биетэй хүн байсан аж. Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том лам мяндаг тушаалтан юм байна.

lam

-БАГШААСАА 25 ДҮҮ БАЙЖЭЭ-

Өвгөн Гэсэр лам буюу Цэвээн-Араашийн Чүлтэмжамц 200-гаад жилийн өмнө Хөх нуурын дунд эрэгт амьдардаг бясалгагч, том хутагт хувилгаан байсан аж. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж, Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэжээ. Бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан юм байна. Энэхүү уул нь сумын төвөөс 50 орчим км зайтай, Далайн түвшнээс 2000 гаруй метр өргөгдсөн өндөрлөг уул аж.

Цорж Санжжав Гэсэр багшаасаа 25 насаар дүү байжээ. Тэд Архангай аймгийн Байцын дуганд ном хурж байсан бөгөөд тэр үеийн аргаар занданшуулсан байна.

Тухайн үед өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар тэднийг модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган босгожээ. Цорж Санжжавын бунханаас өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан шашны эд хэрэглэл, судар гарсан байна.

Гадны хэвлэлд өөрийгөө занданшуулсан лам амьд байгаа гэсэн мэдээлэл гарсан. Нутаг орноо хамгаалж, өөрсдийгөө занданшуулсан нууцлаг шүтээнд гар хүрснээр өнгөрсөн жил хүчтэй хуй салхи дэгдэж, багагүй хохирол учруулсан байж болзошгүй юм гэж эх сурвалж хэлж буй юм. Ямар ч байсан Байцын дуганд цорж Санжжавын занданшуулсан шарилыг буцаахаар болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.