Н.Алтанцэцэг: Тэмцээнд ороод амжилт гаргавал тэр жинхэнэ баяр

Д.Тулга / Спорт

2014 онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн ОУХМ Н.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр Монголын паралимпийн түүхэн дэх анхны алтан медалийн эзэн болсон юм.

-Юуны өмнө танд Мартын 8-ны баярын мэнд хүргье. Тэмдэглэлт баяр, наадмын үеэр олон улсын тэмцээн таарах тохиолдол олон байдаг байх. Жил бүр эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баярлалаа. Ихэнхдээ баяр, ёслолын үеэр тэмцээн таарчихдаг. Нэг их ач холбогдол өгч тэмдэглээд байдаггүй юм. Бэлтгэл сургуулилтаа хийгээд, хааяа ойрын хүрээндээ л даруухан тэмдэглэдэг. Цагаан сарын битүүний өдөр Унгар улс руу Дэлхийн цомын тэмцээнд явсан. Тэмцээндээ амжилт гаргаж, түрүүлбэл тэр жинхэнэ баяр ёслол. Ерөнхий сайдын урилгаар эмэгтэйчүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэндээ баяртай байна.

-Дэлхийн цомын тэмцээнд ямар амжилт гаргав?

-Дэлхийн цомын аваргад яваад ирлээ. Шагналт тавдугаар байрт орсон.

-Өнгөрсөн онд Азийн паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн. Жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхлэв?

-“Инчон-2014” наадамд оролцохын тулд нэлээд бэлтгэл хийсэн. 2009 оноос хойш барилдаж байгаа. Тэр жилдээ хөлөө бэртээгээд, Дэлхийн аваргад явж чадаагүй. Тэрнээс хойш бэлтгэлээ хийгээд, Азийн наадамд явсан. Улаанбаатарт байрлах газаргүйгээс шалтгаалан тууштай бэлтгэл хийж чаддаггүй байсан. Эрдэнэтээс ирж тэмцээндээ оролцдог байсан. Азийн наадамд оролцохоосоо өмнө хотод суурьшаад бэлтгэлээ шаргуу эхлүүлсэн.

-2009 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн гэхээр нэлээд хожуу спортод орсон юм шиг санагдлаа. Багадаа ер нь спортоор хэр хичээллэдэг байв уу?

-Багадаа спорт сонирхдог байсан. Хөдөөний хүүхэд болохоор энгийн бэлтгэл сургуулилтаар булчингаа хөгжүүлдэг байсан юм шиг санагддаг.

-Аль нутгийн хүн бэ. Танай удамд барилддаг хүн бий юу?

-Аав, ээжийн талаасаа бөхийн удамтай. Миний аав Увс аймгийн Тариалан сумын хурц арслан н.Нямаа гэж хүн бий. Бас ээжийн маань аав Увс аймгийн Тариалан сумын аймгийн арслан цолтой Гонь гэж хүн байсан. Эхээсээ долуулаа. Ах нар маань сайн барилддаг.

-Ямар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ?

-Ч.Базарсүрэн багшийн удирдлага дор хичээллэж байна. Туслах багшаар Б.Нарантуяа багш маань ажиллаж байна.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна?

-Солонгос улсад тавдугаар сарын 8-нд Дэлхийн тоглолт болно. Энэ тэмцээнд орохоор бэлтгэж байна даа.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Хараагүйчүүдийн төвд сураад массажист мэргэжилтэй болсон. Сурсан мэргэжлээрээ ажиллаж байгаад бэлтгэлээ шаргуу хийх гээд орхисон.

-Ойрын зорилго тань 2016 оны олимпод оролцож амжилт гаргах биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд олимпод оролцох зорилготой байгаа.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.