Автомат тоглоомын газруудын булхай илрэв

Д.Тулга / Орон нутаг

casino

Казино, мөрийтэй тоглом тоглох нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд тооцогдог манай орны хувьд нууцаар, далд байдлаар мөрийтэй тоглодог этгээдүүд мэр сэр бий. Дээхнэ Эрчим хүчний сайд Д.Зоригт өөрийн эхнэрийн мэдлийн гэх "Voyage" зочид буудалд "Макс" группийн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга Цогтбаатар нарын 10 гаруй хүнтэй мөрийтэй тоглож байгаад хуучнаар Эрүүгийн цагдаа, одоогийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынханд баригдсан талаар хэвлэлүүдээр мэдээллэж байв. Гэвч тун чиг удалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэдэг.

Энэ мэтчилэн мөнгөтэй, бэл бэнчинтэй эрхмүүд энд тэнд мөрийтэй тоглож, түүнийг нь зохион байгуулдаг газрууд ч бий болсон. Тэр тусмаа автомат тоглоомын газрууд гэх хаяг бүхий “гэмгүй царайлсан” газрууд мөрийтэй тоглоомчдыг өөгшүүлэн, зохион байгуулалттайгаар тоглуулдаг талаар албан бус эх сурвалжууд мэдээллэсээр байдаг. Гэхдээ яг баримттайгаар мөрийтэй тоглоомчдыг барьсан, илрүүлсэн нь ховор.

-МӨРИЙТЭЙ ТОГЛУУЛЖ БАЙСАН АВТОМАТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ-

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж, ажиллаж буй юм. Энэ хүрээнд автомат тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийж, хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тодруулбал, “Автомат тоглоом” гэсэн нэрийн цаана мөрийтэй тоглоом нууцаар тоглуулдаг байсан зөрчлүүдийг үйлдэл дээр нь барьсан байна.

casino

Тухайлбал, Баянгол дүүргийн 16-р хороо буюу “Модны 2”-т орших “One Plus” төвд байрлах “Bee game center” автомат тоглоомын газарт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух иргэн Т, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн У нар мөрийтэй тоглоом зохион байгуулан тоглуулж байсныг илрүүлж, Тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

casino

Сүхбаатар дүүргийн IV хороо, хуучин HiFi дэлгүүрийн байранд автомат тоглоомын газарт Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух иргэн М мөн л мөрийтэй тоглоом тоглуулж байсан аж. Түүнчлэн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, “Viva sity” хорооллын “M-16” гэх автомат тоглоомын газарт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух иргэн Ц мөрийтэй тоглоом тоглуулж байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас цаашид ч гэнэтийн шалгалтуудыг байнга зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах болно гэж мэдээллээ.

casino

ХОЛООС ХАРАХАД “ЛАС ВЕГАС”-ЫН КАЗИНО МЭТ...

Бид Баянгол дүүргийн 16-р хороо буюу “Модны 2”-т орших “One Plus” төвд байрлах “Bee game center” автомат тоглоомын газарт хүмүүс нууцаар мөрийтэй тоглоод байна гэх иргэний мэдээллийн дагуу тус төвийг сурвалжлахаар зорьсон юм. Нийслэл хотдоо хамгийн томд тооцогдох энэхүү дөрвөн давхар шилэн барилгын хоёрдугаар давхарт “Маша баавгай хоёр” хэмээх цэцэрлэгийн насны хүүхдийн тоглоомын газар байдаг бол гуравдугаар давхарт нь хүүхдийн автомат тоглоомууд байдаг юм билээ. Тэнд хүүхдүүд зоос худалдан авч тоглодог аж.

Мөрийтэй тоглоом зохион байгуулаад байна гэж иргэний мэдээлсэн дөрөвдүгээр давхарт гарахад түм түжигнэж, бус бужигнаж байв. Холоос харахад кинонд гардаг “Лас Вегас”-ын казино юм шиг дүр зураг харагдана. Ширээ тойрч суусан насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс. Доошоо ширтэн, ойр хавьд нь юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй тоглоомдоо анхаарлаа хандуулсан байх юм. Харин ойртон очоод харвал жаахан хүүхдүүд л сонирхох болов уу гэмээр цэцэг навч, загас жараахай, эрвээхий болсон тоглоомоор буудаж тоглох юм. Товчхондоо өнөөх дота гэх тоглоомтой төстэй мэт.

casino

Ширээ тойрч суусан хүмүүс бүгд л нэг гартаа карт, нөгөө гараараа тоглоомын удирдлагаа барин сууж байх юм. Картаа нэг удаадаа хамгийн багадаа 30-50 мянгаар цэнэглэдэг гэсэн. Тэнд оройн цагаар ихэвчлэн насанд хүрэгчид үйлчлүүлдэг бололтой. Хаалган дээрээ 20:00 цагаас хойш насанд хүрээгүй хүн оруулахгүй гэж бичсэн байв. Гэхдээ 22:00 цагийн орчим биднийг ороход насанд хүрээгүй хүүхдүүд мэр сэр харагдсан.

Тэнд ямар ч байсан ил байдлаар мөрийтэй тоглодоггүй нь илт байв. Харин хаа нэгтээ тусгай өрөө тасалгаа ч юм уу, мөнгөтэй эрхэмүүдийг зуучилж тоглуулдаг өрөө байдаг бололтой гэх бодол төрсөн юм. Хаалга үүдээр нь эргэлдэх хар хувцастай хамгаалагч залуус их л сүрдмээр харагдах юм билээ. Ийнхүү тухайн үед тэднийг хараад зүгээр л нэг энгийн автомат тоглоомын газар хэнийг, юуг тэгтлээ хамгаалж, олуулаа шамбааралдан зогсдог байх вэ хэмээн сонирхон бодсоноос өөрөөр яаж ч чадалгүй буцсан билээ.

Сэтгүүлч гэдгээ хэлж, тоглоомуудынх нь талаар мэдээлэл авах боломжтой эсэхийг асуухад илт сандарч, бараг хөөж гаргах нь холгүй аашилсан бөгөөд хамгаалагч залуус нь нүд салгалгүй ширтэж байгааг нь харахад үнэхээр айдас төрснийг нуух юун.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, нийслэлд автомат тоглоом ажиллуулах зөвшөөрөл бүхий том, жижиг 7-8 газар байдаг бөгөөд Нийслэлийн хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авдаг аж.

Б.ЦЭЛМЭГ

casino


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:06


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.