Ерөнхийлөгчид ОХУ-ын Төрийн думын дарга С.Е.Нарышкин бараалхав

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга, төлөөлөгчдийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, айлчлалд нь амжилт хүслээ. Бүр өнгөрсөн ХХ зууны эхээр, 1911 онд Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн Орост айлчлахдаа Төрийн Думд айлчилж, тэндээсээ санаа авч Монголдоо ирээд хоёр танхимтай парламент байгуулж, парламентын системийг Монголд нэвтрүүлж байсныг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа. Өнөөдөр энэ түүхийг санаж ОХУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч байгааг дурдаад “Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд таны айлчлал чухал юм. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хариу хэлсэн үгэндээ өөрийг нь хүндэтгэн хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дэвшүүлсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг дамжуулав. Мөн удахгүй болох гэж байгаа монголчуудын билгийн тооллын шинэ жил, Цагаан сарын баярын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Тэрээр “ОХУ-ын хувьд Монгол Улстай эртний сайн хөршийн харилцаатай орон юм. Монгол Улстай стратегийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь ОХУ-ын гадаад харилцааны тэргүүлэх бодлого байсаар ирсэн. Монгол Улс ч ОХУ-тай харилцах харилцаагаа тэргүүлэх чиглэлд хөгжүүлж байгааг үнэлж байдаг” гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн 2014 оны есдүгээр сард Монголд хийсэн ажлын айлчлал амжилттай болж, олон баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцаа цаашид өргөжин хөгжихөд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өнгөрсөн жилийн хугацаанд нийт таван удаа уулзсаныг тэмдэглээд энэ 2015 онд болох Эх орны аугаа их дайны ялалтын 70 жилийн ойд оролцох урилга хүлээн авсандаа талархал илэрхийлж, ОХУ-ын Уфа хотноо болох ШХАБ-ын уулзалтад оролцох үеэрээ ч уулзах боломжтой гэдгийг хэлж байлаа. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Сибирийн бус нутагт ажиллавал тэр үеэр мөн уулзаж болох юм гэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил Монголд айлчлах үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд болон яриа, хэлэлцээнүүдийг ажил хэрэг болгох талаар хоёр тал анхааран ажиллаж байгааг мөн тэмдэглэж байлаа. ОХУ-д визгүй зорчдог болсон тул орос, Монголын олон иргэн харилцан зорчиж, сэтгэгдэл өндөр байгааг Төрийн тэргүүн хэллээ.

Өнөөдөр Монгол Улсын оны тэргүүн бүтээн байгуулалтад шагнал гардуулах ёслол болно. Түүний дотор ОХУ-ын техник, технологийн оролцоотойгоор гүйцэтгэсэн Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх төсөл багтсаныг тэмдэглэж, хоёр орны харилцаа ийнхүү салбар бүрт өргөжин хөгжиж байна гэлээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүллээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.