Өнөөдөр Хакуход хатуу сануулга өгөх бололтой

Д.Тулга / Спорт

sumo

Японы Мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтын эзэн болсон Хакухо Даваажаргалын талаар тус улсын хэвлэлүүдэд таагүй мэдээлэл гарах болжээ. Тухайлбал, “Хатуу ширүүн барилдаж байна”, “Өрсөлдөгчөө ялчихсан хойноо нэмж түлхдэг”, “Шагналын мөнгө авахдаа хөмхий зуугаад л”, “Тайхо аварга ийм байгаагүй”, “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна” гэж шүүмжилсэн байна. Ийн Японы Эзэн Хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо ганцхан өдрийн дараа шүүмжлэлийн бай болон хувирсан.

Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мэдэлтнүүдийн уур бухимдлыг төрүүлжээ. Хакухо “Сэтгэл гонсойлгосон ганцхан зүйл байна. Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаад ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэн дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав? Дүрс бичлэгээр нягталсан мөртлөө ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгч нар бүгд л урьд нь барилдаж явсан улсууд байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн билээ.

Өнөөдөр (I/29) Мэргэжлийн сумогийн холбоо хуралдах аж. Хакуогийн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлтэй холбогдуулан тус холбооны ерөнхийлөгч Китаноүми Хакухогийн багш Миягино оякатаг дуудан, холбооныхоо хурал дээр Хакуход хатуу анхааруулга өгөх болсноо мэдэгдсэн байна.

Хакүхогийн хэвлэлийн бага хурлын дараа Сүмогийн холбоо руу 100 гаруй хүн утасдаж, Хакүхог шүүмжилжээ. Гэвч Хакүхогийн блогт “Хакүхо бол ямар ч япон хүнээс илүү Японы зан заншлыг ойлгодог хүн”, “Хакүхо чи бол жинхэнэ самурай”, “Битгий ай, бид чамтай хамт” гэх зэргээр сэтгэгдлээ бичсэн байна. Энэ сарын 27-ны өдөр Миягино ояката “Хакүхог би дуудаж, анхааруулга өгсөн. Тэр уучлаарай хэмээн хүлцэл өчсөн” гэж сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.