Л.Цэвээнжав: Төслийн дараа түмэн олныхоо дуу хоолой болж явна гэдэгтээ итгэлтэй байгаа

Д.Тулга / Нийгэм

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 30 оролцогчийн нэг Шонхцой овогтой Лханаагийн Цэвээнжавтай ярилцлаа. Тэрбээр Үндэсний Статистикийн хороонд Ахлах шинжээчээр ажилладаг.

-Та “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 30 оролцогчийн нэг болж үлдэж чадлаа. Төслийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Энэ зорилтот ТВ төсөл нийгмийн салбар бүрт манлайлагч залуусыг тодруулах зорилгоор тэдний идэвхийг өдөөж, дэмжиж байгаа. Монгол орны дөрвөн зүг найман зовхис болон гадаадад ажиллаж амьдарч буй шилдэг залуус хүчээ сорьсон. Би өөрийгөө энэ залуусын хаана нь явагаа мэдэхээр төсөлд орсон. Ингэснээр өөрийгөө цоо шинээр нээж эхэлсэн. Тиймээс үнэхээр их баяртай, сэтгэл хангалуун явна. Эрч хүчээр дүүрэн чадварлаг энэ залуусаас цаг мөч бүр шинийг таньж суралцахын зэрэгцээ нийгмийн зүтгэлтэн, шилдэг улс төрч хүмүүстэй байнга уулздаг. Ер нь төслийн даалгавар, акц, арга хэмжээ бүхнээс аливааг ойлгон эргэцүүлж сэтгэхүй, мэдлэгийн цар, хүрээ тэлж байна.

-Төслийн өдөр тутмын үйл явц, ачаалал хир байна?

-Заримдаа их ачаалалтай шөнийн 01.00 цагт гэртээ харих үе ч бий. Тэгээд өнөөдөр би юу хийж бүтээв, сурав гээд бодохоор үнэхээр сэтгэл дүүрэн байдаг. Гэртээ очоод судалгаа, шинжилгээний ажил хийгээд нэг мэдэхэд өглөө болчихсон байх жишээтэй. Өдөр бүр хувьсгал хийж би цоо шинэ болсон мэт санагддаг. Хүн завгүй байх тусмаа ихийг амжуулж хөгжиж дэвшдэг гэдгийг энэ төсөл ойлгуулж байна. Баг хамт олноороо бие биенийхээ сул талыг нөхөөд, дэм дэмэндээ атгасан гар шиг ажиллаж бүтээж хөгжиж байгаа нь үнэхээр урамтай.

- Залуус энэ төсөлд анх “Надад шийдэл байна” сэдвээр тулгамдсан асуудалдаа гарц хайсан эсээ бичиж оролцсон. Та ямар асуудлыг хөндөв?

- Төслийн мэдээлэл цацагдаж эхлэхэд яагаад ч юм их олон хүн надад оролцохыг зөвлөсөн. Харин би өөрийгөө зурагтаар гарч олон хүн таньдаг болно, сайн муу янз бүрээр хэлүүлнэ энэ бүхэнд сэтгэл санааны бэлтгэлтэй билүү гэж эргэлзэж байлаа. Гэвч хамгийн сүүлийн өдөр шийдвэр гаргаж “Махны үнийг урт хугацаанд тогтвортой барих” шийдэл боловсруулан эсээ бичсэн. Яг энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилж хойд хөршид мах экспортлох тухай яригдаж байлаа. Судлаач хүний хувьд гадагш нь гаргахаасаа өмнө Монголынхоо хэрэгцээг хангахад анхаарах нь чухал санагддаг. 2014 онд Монгол улс 45 сая толгой малтай тоолуулсан, гэтэл хавар махны үнэ 10.000 төгрөгт хүрдэг. Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр чамлахааргүй их хөрөнгө зарж ажил хийдэг ч үр дүн нь ард түмэнд хүрдэггүй. Энэ алдаа, гажуудал яагаад үүсч байна гэдгийг би судалсан. Судалгааны явцад ХААИС-ийн эрдэмтэн багш нар, Монголын Ложистикийн холбооны ерөнхийлөгч, мах нийлүүлдэг компаниуд, фермерүүдтэй уулзсан. Мөн Европын холбооны улсууд, Солонгосын нөхцөлийг харьцуулж судалж Африкийн орон махаа хэрэглэгчдэд хэрхэн хүргэдэгтэй танилцлаа. Дээрээс нь Монгол улсын өрхийн судалгаа, орлого, зарлага, өрх сард дунджаар мах махан бүтээгдэхүүндээ хэдэн төгрөг зарцуулдаг, Монгол хүний махны жилийн хэрэглээ, махны үнийн хэлбэлзлийн судалгаа, хэдий хэмжээний махыг үйлдвэрийн аргаар нядалсан, агуулах зоорины хүрэлцээтэй байдал, махны экспорт, импорт, махны эрэлт, нийлүүлэлт болон малын өсөлт, бууралт, малын зүй бус хорогдол гэх мэтээр олон талаас нь цогц судалгаа хийсэн юм.

-Төрийн бодлогын алдаа дутагдал юу байв?

-Эхлээд Засгийн газрын тайлан мэдээг үзээд сайн ажиллаж гэж бодсон ч үр дүнгийн асуудал мухардалд оруулсон. 87 тэрбум төгрөгийг нөөцийн мах бэлтгэхэд зарцуулж байхад иргэд өндөр үнэтэй мах идсээр байна. Монголбанк нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахаар Засгийн газартай хамтарч, махны үнийг барих хөтөлбөр боловсруулж, махны нөөц бэлтгэдэг дөрвөн компанид эрх олгож Чингис бондоос 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Тэд юу хийв. Яагаад үүргээ биелүүлсэнгүй вэ гээд судлаад үзэхэд нэг компани нь нэгнийхээ охин компани бөгөөд агуулахын багтаамжаас шалтгаалан их мах нөөцлөх эрх авч. Бас махаа экспортлодог юм байна. Ер нь энэ салбарт хяналт, шалгалт сул байдгийг олж харсан. Хамгийн гол нь бид жилийн жилд хэдэн монополь компанийг дэмжин 87 тэрбум төгрөгөөр хатсан, илч тэжээлгүй мах идсээр байх уу? Эсвэл байнгын нийлүүлэлтийн системтэй, шинэ, эрүүл мах идэх боломжийг өнөөдрөөс бүрдүүлэх хэрэгтэй юу. Энэ мөнгийг хэрэгтэй аж ахуй нэгж, иргэдэд өгөөсөй гэж бодсон. Энэ салбарыг өөрчлөх цаг болжээ. Төрөөс махны үнийг тогтвортой барих оновчтой бодлого үгүйлэгдэж байна.

-Гол шийдэл юу байв?

-Солонгост л хөдөө аж ахуйн бирж нь малчдаас мах авч дэлгүүрүүдэд дуудлага худалдаагаар борлуулдаг. Долоо хоног бүр махны үнийг Засгийн газраас нь зарлана. Тухайн долоо хоногт 6000 байлаа гэхэд малчдаасаа үүнээс бага үнээр авч Засгийн газрын тогтоосон үнээр худалддаг. Европын холбооны улсууд ложистикийн сүлжээг шуурхай, оновчтой байдлаар шийдэж, байнгын чанартай нийлүүлэлт бий болгосон байна. Жижиг, дунд фермерүүдийг ихээхэн дэмжинэ. Миний санал болгосон шийдэл бол нөөц бололцоондоо тулгуурлан хэрэглэгчидээ сайтар судалсны эцэст оновчтой зохион байгуулах боломж юм. Ийм сүлжээг бүрдүүлэхийн тулд энэ салбар дахь монополь бодлогыг зогсоож өрсөлдөөнт зах зээлийг бий болгох хэрэгтэй. Тэр тусмаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж боломж олговол энэ бүхэн шийдэгдэх боломжтой. Ер нь мөнгө төгрөгөөр дэмжихээс илүүтэй аж ахуйн нэгжүүдэд гарц гаргаж өрсөлдөх боломж бүрдүүлэх хэрэгтэй юм. Манай улс 2015 онд 52 сая малтай боллоо. Одоо чанаржуулж сүү, махны чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй юм.

-Махны үнийн хэлбэлзэл болоод нэн тэрүүн анхаарах асуудал нь юу байв?

-Сүүлийн таван жилийн сар сарын үнэ дээр анализ хийж, улирлын хэлбэлзлийн шинжилгээ хийсэн. Ингэхэд 8-11 cард буурч, 12-7 сар хүртэл өсдөг. 11 сард хамгийн доод түвшиндээ хүрч байна. Тиймээс бид 1-7 сард махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн олон улсын стандартад нийцсэн хөргүүртэй зоорийг бий болгох нь чухал. Манай улс 2013 онд 3.8 сая тонн мах экспортлон 10.8 сая доллар олжээ. Харин 1.7 сая тонн мах импортлон 5.0 сая доллар гадагш гаргажээ. Үүнийг задалбал их сонирхолтой тоо гарна. Бид хонины 1 кг махыг дунджаар 8350 төгрөгөөр экспортлосон бол, 25950 төгрөгөөр импортлосон байна. Ямааны 1 кг махыг дунджаар 1900 төгрөгөөр экспортлосон бол, 10500 төгрөгөөр импортложээ. Гол нь бид гадагш нь гаргах үнийг их анхаармаар байна. Хоёрдугаарт, 1.6 сая тонн гахайн мах импортлоод 4.6 сая доллар гадагш нь өгөөд гаргажээ. Гадагшаа урсах мөнгөний урсгалыг сааруулах бодлогыг одооноос эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол гадаад валютын цэвэр албан нөөц багассаар л байх болно. Тиймээс үүний үр дагаврыг иргэддээ ухуулан таниулж ойлгуулж, хүн бүрт эх оронч үзлийг суулгамаар байна.

- Та өмнө нь бодит байдалд хөндлөнгөөс нөлөөлөхгүй судалгаа хийж байсан бол одоо дунд нь ороод орвонгоор нь өөрчлөхийг зорьж явна. Энэ бүхэн таны амьдралын хэв маягт өөрчлөлт гаргасан уу?

- Шилдэг 90 оролцогч багт хуваагдан төрийн түгжрэлгүй үйлчилгээний талаар нөлөөллийн төсөл хэрэгжүүлсэн. Манай улсад цахим мэдээллийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Ямар ч зүйл судалгаан дээр үндэслэж явагдах учиртай. Тиймээс иргэдээс чанарын судалгаа авахад цахим машин үнэхээр таалагдаж, төрийн үйлчилгээг хүндрэлгүй болж байгааг хэлсэн. Бид төслийн явцад олон зүйлийг багаараа хийсний нэг нь УИХ-ын гишүүд, шийдвэр гаргах хүмүүст нөлөөлөх ажил байлаа. Үүнээс бас их зүйл сурлаа. Ер нь хүний амьдрал бол маш богино, 60-70 жилийн дараа бид бүгд энэ дэлхий дээр байхгүй. Харин бидний үр хойч маань үлдэнэ. Өнөөдөр бид улс төржиж, маргалдаж, мэтгэлцэхийн оронд нэг ч гэсэн асуудлын хамтдаа шийдвэрлэхээр чармайх нь чухал.

-Та Энэтхэгт сурч байсан. Судлаач хүний хувьд харьцуулалт ихээхэн хийдэг байх?

-2011-2012 онд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгийн Статистикийн Их сургуульд сурсан. Мөн сургалтынхаа явцад Энэтхэгийн статистикийн удирдлагын академид нэг сар суралцаж, Энэтхэгийн статистикийн байгууллага мэдээллээ хэрхэн цуглуулдаг, ямар арга ашиглах нь 1.3 тэрбум шахуу хүнтэй улсад ашигтай байдаг, энэ их хүн амаас судалгаа авахад Статистикийн байгууллага нь яаж ажилладаг гэх мэт олон зүйлийг сурч мэдсэн. Судалгааг хэрхэн авч байгаа талаар газар дээр нь, өрх дээр очиж танилцахын зэрэгцээ хотуудаар явж статистикт ажилладаг албан хаагчидтай нь уулзаж байлаа. Хоёр орныхоо статистикийн салбарыг харьцуулан судлах нь үнэхээр сонирхолтой санагдсан. Хамгийн гол нь Энэтхэгчүүд хүний гадаад төрхийг биш дотоод сэтгэлийг чухалчилдаг нь анзаарагдсан.

-Төслийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлж байна. Улс төрч болох уу?

-Арван жилд байхдаа улс төрч болно гэж мөрөөддөг байсан ч өөр мэргэжил сонгосон. Мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан нийгмээс хол хөндий байжээ. Харин одоо нийгмийн идэвх маань сэргэж байна. Миний баримталдаг зарчим бусдад боломж нээж өгөх. Болохгүй байгаа бүхнийг засч залруулахын тулд би улс төрд орохыг үгүйсгэхгүй.

-Таны бодлоор манлайлагч хүн ямар байх ёстой вэ?

-Манлайлагч хүн алсын хараатай үүндээ хүрэх бодлоготой, удирдан зохион байгуулах авьяастай байх шаардлагтай. Өөрийн санааг бусдад ойлгуулж, нөлөөлөх чадвартай байх хэрэгтэй. Үр хойч маань биднийг ямар байсан бэ гэдгийг шүүнэ. Түүний төлөө өнөөдөр хөдөлмөрлөх хэрэгтэй. Төслийн дараа түмэн олныхоо дуу хоолой болж явна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Та улс төрд гарвал хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Хуулийг боловсронгуй болгоно. Олон хуулийн заалт хэрэгжихгүй байна. Хуулийн хэрэгжилтийг судлаад үзэхээр зарим нь их өнгөцхөн, ерөнхий баталсан байх юм. Ялангуяа иргэдийн дуу хоолой энд хэрэгтэй байна. Амьдрал дээр үйлчлэхгүй, хөрснөөсөө хөндий хууль баталсан нь эргээд далд эдийн засгийн нэг үндэс болдог. Үүнийг засч, залруулна. Мөн өнөө хэр тодорхойгүй байгаа цахим мэдээллийн орчныг зохицуулдаг хууль бий болгохоос ажлаа эхлэх болов уу.

-Амжилт хүсье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.