“Цензургүй яриа” юуг хөндөв

Д.Тулга / Улстөр

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж ярилцсан юм. Улс төрийн томоохон үйл явдалтай холбоотой ярилцлага гэхээсээ илүү олон нийтийн дунд явж байсан “хэтрүүлэгтэй” асуудлуудыг сөхөж тавьж байлаа. Ард түмний дунд амнаас ам дамжин яригдсаар байгаа хэд хэдэн асуулт, хариултыг товчлон хүргэж байна.

Л.Мөнхбаясгалан: -Олон нийтийг хоёр хувааж талцуулаад байгаа асуудал бол Жастин Капла тэргүүтэй хүмүүст уучлал үзүүлсэн явдал. Ард түмэн үүнд их бухимдалтай хандаж байна. Та энэ бухимдлыг мэдэрч байна уу?

Ц.Элбэгдорж: -Хүмүүс тэгж бодохоос аргагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гараад 14 хоногийн дараа хүчин төгөлдөр болдог. Хоног нь дуусмагц уучлал үзүүлсэн. Үүнд ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатнаас давж заалдах шатны шүүх дээр очоод ямар ч шийдвэр гарч болно. Энэ бүгдийг ч бодсон. Хэрвээ шүүхийн шийдвэр өөрчлөгдвөл Монголын шүүхийн нэр л унана. Нөгөө талаас нь аваад үзэхээр Засгийн газар Татвартай холбоотой хуулиндаа өршөөлийн тухай оруулах санаа ч явж байсан. Засгийн газрын энэ хуулийг орж иртэл би хүлээе гэж болох л байсан. Гэхдээ ийм асуудлыг, галыг өөр дээрээ аваад шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Прокурорын шийдвэр ч гэсэн өөрчлөгдөж болохгүй. Хэдхэн цагийн өмнө торгох ялаар шийтгэнэ гэж оруулчихаад хэдэн цагийн дараа шийдвэр нь өөрчлөгдөж 180 тэрбум төгрөг байснаа 80 тэрбум болоод бүр сүүлдээ 35 тэрбум болж байдаг. Татварын асуудал өөрөө томъёо. Орлого зарлага, ашгийг нарийн тооцоолоод л гарчихна. Гэтэл ингэж өөрчлөгдөж байгаагаас харахад манай хууль эрх зүйн систем болохгүй байна гэсэн үг. 35 тэрбум төгрөг төлөх ёстой гэдэг шүүхийн шийдвэр хэвээрээ байгаа.

Л.Мөнхбаясгалан: -Ноён уулыг тойрсон асуудалд иргэд их өндөр ач холбогдол өгөөд байгаа.

Ц.Элбэгдорж: -Энэ асуудалд миний илэрхийлсэн байр суурь хэвээрээ. Нэгдүгээрт, орон нутгийнх нь иргэдээс асуух ёстой. Тэдэнтэй зөвлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, үнэхээр өвөг дээдсийн булш, олдворыг хөндөхөөр байгаа бол тэнд ямар нэгэн ухалт хийж болохгүй. Гуравдугаарт, байгаль орчинд халтай бол малтлага хийж болохгүй. Тухайн асуудлыг хөндөж тавиад байнгын хороо, иргэд, бүлгэмүүд нь тэнд газар дээр нь очоод л асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Миний байр суурь өөрчлөгдөхгүй.

Л.Мөнхбаясгалан: Ирэх онд АСЕМ-ын уулзалт манай улсад болно

Ц.Элбэгдорж: Монгол улс цөмийн зэвсэггү орон гэдэг статустай болсон. Ийм тогтоол гаргуулж чадсанаараа ерөнхийлөгчийн ажлыг чи хийчихлээ гэж олон удаа сонсож байлаа. Бид хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй суугаад гурвюан улсын, Монгол улсын асуудлыг ярьдаг ийм үе ирэхийг үнэхээр хэн ч зүүдлээгүй. Мөн ирэх онд АСЕМ-ын уулзалт манай улсад болно. Үүнд 2 тивийн 50 гаруй улс орны төрийн тэргүүн айлчилна. Германд Меркелтэй уулзахад “Монголд очих нэг боломж гарч ирлээ. Энэ бол Монголд очих нэг шалтаг. Энэ үеэр дэд бүтэцтэй холбоотой, төмөр замтай холбоотой асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгчтэй гурвуулаа хамтдаа суугаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгэхээр АСЕМ-аар гурван талын маш олон асуудлыг шийдэх боломж бүрдэх юм.

Л.Мөнхбаясгалан: -Ц.Мөнхбаярыг уучилж болдоггүй юм уу гэх иргэд байгаа. Та уучилж болохгүй юм уу?

Ц.Элбэгдорж: -Гадаадын нэг компани руу буудаж, ууланд зугтаж явсан гэх асуудал гарсан байгаа юм. Шүүхээр орж явсаар байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Буу шийдэм, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг бариад, бэлдээд явж байгаа нь 20 гаруй жилийн ялтай. Энэ нь явсаар байгаад эргээд 7 жил болсон. Миний бодож явдаг нэг бодол бол хичнээн ч гэгээн сайхан зорилготой бай монголчууд нэг нэг рүүгээ буу шийдэм, тэсэрч дэлбэрэх бодис барьж, түүгээр айлгаж байгаа явдал руу бид халтирч орох юм бол бид ямар улс орон болох билээ. Мөн Ц.Мөнхбаярын өөрийн гараар уучлал хүссэн өргөдөл бичиж өгөөгүй.

Л.Мөнхбаясгалан: -Н.Энхбаяр таньд тийм өргөдөл бичиж өгөөгүй гэж хэлсэн шүү дээ?

Ц.Элбэгдорж: -Надад Н.Энхбаярын өөрийн гараар бичсэн гурван өргөдөл бий.

Л.Мөнхбаясгалан: -Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид Эрдэнэс Тавантолгой компаниас мөнгө авч өгөөд, гэр бүлээрээ гадагшаа гарчихсан гээд байгаа. Үүнээс үүдэн Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг Н.Алтанхуяг зохиомол хэрэг гээд байгаа шүү дээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

Ц.Элбэгдорж: -Энэ асуудалд Авлигатай тэмцэх газар нь л хариулт өгөх ёстой.

Л.Мөнхбаясгалан: -Таны дэмжиж, хамгаалж байсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сайдын суудлаа өгөхөөсөө өмнө Д.Дорлигжав сайдын 4 сая ам.долларын хахуулийн гэх хэргийг дэлгэсэн. Үүнийг Д.Дорлигжав сайд УИХ-ын чуулган дээр өөрийг нь гүтгэсэн гэж хэлсэн юм. Та алинд нь итгэж байна вэ?

Ц.Элбэгдорж: -Би Д.Дорлигжавт хэлж байсан. Чи сайд болох гээд орж байна. Энэ асуудал чинь их хурал дээр яригдана. Үнэн юм уу, худал юм уу гэж асууж байсан. Үнэн бол сайд болох эрхгүй. Худал бол түүнийгээ тайлбарла гэж. Энэ талаар Голомт банкнаас ч гэсэн тайлбар хийж л байсан. Эцсийн дүнд шүүх л шийднэ. Бид ийм л нийгэм рүү орж байгаа шүү дээ.

Л.Мөнхбаясгалан: -ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Швецарийн банкны дансандаа 1 сая ам.доллар хийгээд мартчихсан. Энэ хүнд хариуцлага тооцлоо гэхээр их хурлын дэд даргаас огцроод эргээд Засгийн газрын гишүүн болчихсон. Энэ ёс зүй мөн үү?

Ц.Элбэгдорж: -Манайд нэг байдаг тогтолцоо юу гэхээр нэг албан тушаалд томилогдоод албан тушаалаа өгөх юм бол явж явж шоронд ордог. Гэтэл үүний чинь оронд ёс зүйн хариуцлага гэж зүйл байгаа. Наад зах нь уучлаарай гэж хэлдэг. Мөн улс төрийн хариуцлага гэж бий. Албан тушаалаасаа огцордог, эргээд улс төрийн албан тушаалд тодорхой хугацаанд нэр дэвших эрхгүйгээр эрхээ хасуулдаг, дараа нь хуулийн хариуцлага хүлээдэг байдлыг хуульчилж өгөөгүй. Би энэ асуудлыг өөртэй нь уулзаад ч хэлж байсан.

Л.Мөнхбаясгалан: -Таныг Мүүнийн шашинтай гэдэг яриа яваад байдаг?

Ц.Элбэгдорж: -Би бурхны шашинтай. Мүүнийн шашны тэргүүлэгч нь өөрөө бүс нутгийн болоод Дэлхийн энх тайвны байгууллага гэдэг нэрээр томоохон хэмжээний хурлууд хийдэг байсан. Эдгээр мэдээллийг нь сонсох зорилгоор очдог байсан. Нуух шаардлага байхгүй. Түүнээс биш түүний шашны суртал ухуулга зэргийг нь би хүлээж авдаггүй. Буруу зүйл гэж хүлээж авдаг.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.