С.Баярцогт: Хүн гүтгэх чинь хэрээс хэтэрлээ

Д.Тулга / Улстөр

bayartsogt

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлаар хэлэлцэх байсан боловч УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс ажлын 5 хоногийн завсарлага авлаа. УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй таван гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан билээ. УИХ уг асуудлыг хуулийн дагуу энэ долоо хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрлэх ёстой юм.

Нэр бүхий гишүүд сайд С.Баярцогтыг Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх, гаднын хуулийн компаниас зөвлөх үйлчилгээ авахад 17 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан зэрэг асуудлаар буруутгаад байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Э.Баянсэлэнгэ “Уг асуудлыг дахин сайтар судлаад эргээд хэлэлцэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр завсарлага авахыг хүссэн юм. Энэхүү явдалд АН зүгээс төдийгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтын зүгээс гүтгэлэг хэмээн үзээд байгаа юм. Тэрбээр “Шударга ёс” эвсэл завсарлага авч байгаад харамсаж байна. Засгийн газрын нэр хүндэд хангалттай халдлаа. Гутаан доромжлох чинь хэрээс хэтрээд байгаа учраас би Ёс зүйн хороо, Үндсэн хуулийн цэц болон шүүхэд хандана. Би ч гэсэн адилхан сонгогчидтой, аав, ээжтэй хүн. Хүнийг доромжлох чинь арай дэндэж байна. Гарын үсэг зурсан гишүүдийн дунд анх удаа сонгогдсон, төрийн ажил яаж явагддаг гэдгийг мэдэхгүй гишүүн байгаа учраас би буруутгахгүй байна. Л.Цог, Ц.Даваасүрэн гишүүн бол удаа дараа сонгогдсон гишүүд байгаа. Юмны наадах цаадахыг мэддэг мөртлөө зориуд ингэж хүний нэр төрд халдаж байгааг би хараад сууж чадахгүй. Шалгаж, судлах ёстой зүйлүүд байвал шалгаж судална биз” хэмээн байнгын хорооны гишүүдэд байр сууриа илэрхийлсэн юм. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 5 хоногийн дараа буюу энэ сарын 17-нд хэлэлцэхээр хойшлууллаа.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.