Зураг бүхэн түүхийн гэрч

Д.Тулга / Гадаад мэдээ

-“БРИТАНИЙН ШЕНДЛЕР” БА 669 ХҮҮХДИЙН АВРАЛЫН ЭЛЧ-

1939 онд Лондонд амьдардаг залуухан брокер нацист Германы эрхэнд байсан Чехословакаас 669 хүүхэд аварчээ. Николас Уинтон хэмээх тэрхүү “амьд бурхан”-ы зургийг “Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа онцолж байна.

АНУ, Их Британи, Чехэд Уинтоныг бурхан мэт хүндэлнэ. 1938 оны 12 дугаар сард 29 настай зуучлагч залуу Николас Уинтон өөрийн дотно найз, Вестминстерийн сургуулийн багш Мартин Блеиктэй цуг амралтаараа цанаар гулгахаар Шейцарь руу мордох гэж байсан аж. Гэтэл Блеик гэнэт бодлоо өөрчлөн Прага руу явбал яасан юм бэ гэсэн санал гаргажээ.

Николас ч зөрсөнгүй, нацистууд Судет мужийг эзэлсэнээс хойш тэнд байдал ямар болсныг үзэх нь үнэхээр сонирхолтой санагдсанаас тэр. Тухайн үед Прагад ирж буй хүмүүсийн зарим нь нутаг дамжин дүрвэж байжээ. Тэд эхлээд Германаас гарч Судет мужийн нутагт хөл тавиад, улмаар тэндээсээ Чехословакийн нийслэлийг зорьдог байжээ.

Очсон газар нь таних хүнгүй улсыг дүрвэгсдийн лагерьт, хариугүй муу оромжид байлгана. Хүмүүс ямар орчин нөхцөлд толгой хоргодож байгааг өөрийн нүдээр харсан англи залуус тэдэнд туслахаар шийджээ.

Уинтоны байрлаж буй зочид буудал руу хүүхдүүдийнхээ зураг, бичиг баримтыг барьсан хүмүүс өглөөнөөс орой болтол цувардаг байж. Эхэндээ тэд германаар ус цас шиг ярьдаг Николасаас жийрхдэг байсан аж. Тэднийг тайтгаруулахын тулд Николас “Би англи хүн, чех хэлээр ярьж чадахгүй” гэсэн өгүүлбэрийг төрөлх хэлээр нь цээжилж авчээ. Уинтон хоёр долоо хоногийн дараа Лондонд ирээд хүүхдүүдийг аврах ажлаа эхлүүлсэн байна.

1939 онд тэрээр нацист Германд эзлэгдсэн Чехословак улсаас 669 хүүхдийг гаргаж, амь насыг нь аварчээ. Түүнийг еврей цустайгаас нь болоод төдийлөн алдаршуулдаггүй байсан аж.

Тэд Британиас тэднийг төлөөлж орогнол хүсэхэд зөвшөөрчээ. Гэвч насанд хүрэгсдэд хүүхдүүдээс дөрөв дахин илүү мөнгө төлөх шаардлага тулгарсан байна. Иймд эхний ээлжид хүүхдүүдийг гаргаж, британи айлуудад тараан байршуулахыг чухалчилжээ.

Хоёр долоо хоногийн дараа Уинтон өнөөх бичиг баримтуудыг аван Лондонд ирж, Чехословакаас гаргах бүхий л ажлыг зохицуулахын зэрэгцээ буяны байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авахыг хичээж байв. Үр дүнд нь Британийн нийслэлд ирэх хүүхэд тус бүрийн 50 фунт буюу одоогийн ханшаар 2.5 мянган фунт цуглуулж чаджээ. Мөн хүүхдүүдийг өргөж авах гэр бүлийг яаралтай олохын тулд тэрээр “The Picture Post” сэтгүүлд зургийг нь нийтэлсэн байна.

-НАЙМАН ГАЛТ ТЭРГЭЭР 669 ХҮҮХДИЙГ ЛОНДОНД АВЧРАВ-

Николас Уинтоны охин Барбара тухайн үеийн байдлыг дурсахдаа “Ихэнх британичууд шашин шүтлэгээсээ болоод еврей хүүхэд өргөж авах дургүй байсан. Гэтэл аав тэдэнд “Та нарт амьд еврей хүүхэд таалагдахгүй байна уу. Тэгвэл үхсэн еврей хүүхэд таалагдах юм гэж үү” хэмээн ятгаж байсан” хэмээн ярьжээ. Ингээд еврей хүүхдүүд ачсан эхний галт тэрэг 1939 оны гуравдугаар сарын 14-нд Прага хотыг орхисон байна. Тухайн оны наймдугаар сар хүртэл ийм “ачаатай” найман галт тэрэг Лондонд 669 хүүхдийг авч ирсэн аж. Тэдний заримыг хамаатан садан, өргөж авахаар хүсэлт гаргасан эцэг эхчүүд болон Уинтон эхийн хамт тосон авсан байна.

1939 оны есдүгээр сарын 1-нд сүүлчийн буюу 250 хүүхэд бүхий ес дэх галт тэрэг замдаа гарах байсан ч дайн эхлэн, өөрөөр хэлбэл нацист Герман яг энэ өдөр Польш руу довтолж, хил хааснаар сураг алдарчээ. Тэдгээр хүүхдүүдийн хувь заяа хорих лагерьт шийдэгдсэн хэмээн үздэг байна.

Дайны дараа Николас Уинтон НҮБ-ын дэргэдэх дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Олон улсын байгууллагад ажиллах болжээ. Хожим “Abbeyfield” зэрэг хөгшин, настай хүмүүст туслах мэргэжлийн байгууллагуудад буяны ажил хийдэг болсон байна. Мөн саяхан тухайн байгууллагын ивээн тэтгэгчдийн нэг нь 1939 онд Уинтоны аварсан хүний хүүхэд байсан нь ил болсон гэдэг.

Одоо дэлхий дээр Николас Уинтоны аварсан 669 хүүхдийн үр удам болох 6000 орчим хүн амьдарч байгаа гэсэн тоо баримт байдаг аж. Тэрээр 50 жилийн дараа аварсан “бяцхан” хүүхдүүдтэйгээ уулзжээ. Тэд түүнийг дайнд алдсан эцгийнхээ оронд эцэг болсон хүн хэмээн хүндлэн хайрладаг байна. Хүмүүс түүнийг “Та жинхэнэ баатар. Таны хийсэн зүйл үнэхээр гайхамшигтай” хэмээхэд Николас “Үгүй дээ, би жирийн л хүн. Миний оронд байсан хэн боловч ингэх л байсан” гэж хариулдаг аж.

-БИДНИЙ ХҮЗҮҮНД ДУГААР БҮХИЙ ШОШГО ЗҮҮДЭГ БАЙСАН-

1939 онд Сьюзан Медас 10 настай байж. Тэрбээр “Бид долдугаар сарын эхээр Англид Ливерпуль-Стрит станцад ирсэн юм. Бидний хүзүүнд дугаар бүхий шошго зүүчихсэн, яг л илгээмж шиг байсан. Миний өргөмөл эцэг, эх Кембрижэд амьдарч байсан учраас миний шошго дээр “Кембриж” гэж бичсэн. Намайг Англид ирэхэд дайн хараахан эхлээгүй байсан. Хоёр сар болж байтал Прагаас төрсөн эцэг эхээс минь захидал ирэв. Дайн эхэлмэгц захидал ирэхээ больсон” гэж дурсан бичжээ.

Зургаан настайдаа Чехословакаас гарч явсан Альфред Дабс “Прага хотын төмөр замын буудал одоо ч нүдэнд минь харагдсаар байдаг. Хүүхдүүд, эцэг эхчүүд, бас хас тэмдэгтэй герман цэргүүд. Маргааш нь бид Голландад ирэхэд нацистууд одоо биднийг олохгүй гэж арай ухаан орсон зарим нь баярлаж байж билээ. Би тухайн үед юу ч ойлгож, ухаарахгүй амьтан байлаа. Чухам юу болсныг, Николас ямар гавьяа байгуулсныг хэдэн жил өнгөрсний хойно ухаарсан. Би энэ хүнд их өртэй. Тэр миний амьдралыг аварсан. Эцэг эх минь дайныг тэсэж гарсан. Маш азтай тохиолдол. Эцэг эхээ хэзээ ч олж харахгүй гашуун хувь тавилан олон хүүхдэд ногдсон юм шүү” хэмээн ярьжээ.

-УИНТОНЫ АВАРСАН ХҮҮХДҮҮД ТАНХИМ ДҮҮРЭН БАЙВ-

Николас Уинтон еврей айлуудаас нацистуудын хурааж авсан эд хөрөнгийг ангилж ялгаад, зургийг нь авч үлджээ. Эдгээр эд зүйлсийн заримыг нь дуудлагаар худалдаж, олсон мөнгөө дайны золиос болсон хүмүүст зориулсан байна.

Аврагдсан хүүхдүүдийн гэр бүлийн нэг өөрийнхөө архиваас олсон материалыг телевизийн “Би-Би-Си” сувгийнханд аваачиж өгсөн нь дайны хөлөөс аварсан хүүхдүүдийн нэр байжээ. Уинтон 1988 оны хоёрдугаар сард “That’s Life” (Энэ бол амьдрал) нэвтрүүлэгт оролцсон байна. Танхим дүүрэн хүн байсан нь 1939 онд Уинтоны Прагаас зөөсөн хүүхдүүд байсан аж. Харин тэдний олонхийн нь эцэг эх амь үрэгдсэнээс амийг нь хэн хэрхэн аварсаныг мэдэхгүй явсаар иржээ. Нэвтрүүлэг хөтөлж байсан Эстер Рантзен хүмүүсийн нэрийг уншиж танилуулсны дараа “Чехословакаас явж дайны аюулаас холдоход тусалсан хүн чинь энэ шүү” гэж Николас Уинтонтой зэрэгцээд сууж байсан Вера Диамант гэдэг эмэгтэйд хэлсэн байна. Тэгээд тэнд байсан хүмүүсийг босохыг хүсчээ.

Барбара эцгийнхээ тухай номд “Эцэг маань биеэ их барьдаг, сэтгэл хөдлөлөө нууж чаддаг хүн. Гэвч Вера Диамант түүнийг тэвэрч талархлаа илэрхийлж танхимд байгсад бүгд босмогц нулимсаа тогтоож чадаагүй” хэмээн дурссан байна.

-ТЭРЭЭР 91 НАСТАЙДАА “СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТҮҮХ” КИНОНД ТОГЛОЖЭЭ-

Николас Уинто 106 настай, гэр бүлийнхнийхээ хамт Беркширт аж төрдөг мэдээлэл бий. Өндөр настай ч ануухнаараа. “Миний бие өтөлж хөгширсөн л болохоос, өвчин хуучгүй. Гэхдээ урьдынх шигээ тэнхлүүн биш” гэж “Британий Шиндлер” ярьжээ. Ийм өндөр насалж буйгаа тэрээр удмынхныхаа амьдралын эрүүл хэвшилтэй холбон тайлбарладаг аж.

Николас Уинтон 91 настайдаа “Сургуулийн автобусны түүх” гэдэг кинонд тоглосон байна. 2009 онд “Сайхан сэтгэлийн их хүч-Николас Уинтон” гэдэг баримтат кино дэлгэцнээ гарч, 2011 оны зургадугаар сарын 16-нд 669 хүүхдийн амь насыг аварсан үйл явдлын тухай өгүүлсэн “Никкийн гэр бүл” кино нээлтээ хийжээ.

Николас Уинтонд зориулж Чех, Их Британи, АНУ-д хэд хэдэн хөшөө, дурсгалын самбар босгосон байна. Чехийн одон орончдын нээсэн нэгэн жижиг гаригийг түүний нэрээр нэрлэжээ. Их Британийн Хатан хаан II Елизабета 2002 онд “Британийн Шиндлер”-ийг рыцарь хэргэмтэй болгосон аж. Барабара Уинтон “Дэлхийн II дайныг хүмүүс маш хурдан мартаж, энэ алдаанаас сургамж авахгүй байгаад эцэг минь их харамсдаг" гэж бичжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.