Энхийн шагналтан тодорлоо

Д.Тулга / Нийгэм

“Blue sky” цамхагийн “Diamond” танхимд “Дэлхийн энхийн их наадам” ТТБ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхтайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энхтайвны байгууллагууд өөрсдийн нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал “Энхийн шагнал”-аа гардуулах ёслол боллоо. Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл, энхийн төлөөх бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд энэхүү шагнал очдог уламжлалтай.

Ёслолын ажиллагааг нээж “Дэлхийн энхийн их наадам” ТТБ-ын тэргүүн Г.Ганбат хэлсэн үгэндээ “Монголчууд бид бие биеэрээ бахархах, нэг нэгнээ хүндлэх, бусадтайгаа хамтран бүтээх ижил сэтгэл, адил сэтгэлгээн дор ажиллаж, улмаар хүчирхэг Монгол Улсаа бий болгоход энэхүү шагналын үнэ цэнэ оршино.

Өөрийн ажиллаж байгаа салбартаа эзэн нь болсон, сонгосон мэргэжил, гаргасан шийдвэртээ үнэнч байж, бүхий л цаг хугацааны сорилтод сөхөрч биш нугалж, давж гарч чадсан бүтээгч хүмүүсээрээ бид бахархаж, тэднээсээ сурч, тэднийгээ алдаршуулж байхын төлөө энэхүү шагнал маань бий болсон юм. Эцэстээ энэ бүхэн энх тайван, энх амгалангийн төлөө үйлс билээ” хэмээн онцлов.

2014 оны Энхийн шагналтнаар “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун тодорсон юм. Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүд, тэр дундаа өнчин, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн төлөө бүтээлч, хүнлэг энэрэнгүй үйлс хийж байгааг нь үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгожээ.

Батламж гардан авах үеэрээ С.Эрдэнэчулуун ”2002 оноос хойш Дархан-Уул аймаг дахь бүтэн болон хагас өнчин, гэр оронгүй тэнэмэл гэгддэг хүүхдүүдээ цуглуулан “Нарны хүүхдүүд” халамжийн төвөө байгуулан ажиллаж байна. Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан ажиллуулж, мөн амьдрах ухаанд сургадаг. Хүүхдүүдийн маань эцэг, эх дээд тэнгэрээс үр хүүхдүүдээ харж сэтгэл амар байдаг байх даа гэсэн итгэл үнэмшлийг тээж явдаг” хэмээн сэтгэл догдлон өгүүлж байлаа.

Багш С.Эрдэнэчулуунд батламж гардуулах үеэрээ 2013 оны Энхийн шагналтан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Монголчууд бид 3 саяулаа боллоо. Монгол үрсийн аз жаргал, энх амгалангийн төлөө олон жил эхийн сэтгэл, багшийн сэтгэлээр ажиллаж байгаа Эрдэнэчулуун багш та яах аргагүй энэ эрхэм шагналын эзэн нь байх хүн мөн. Танд баярлалаа” хэмээв.

2014 оны Энхийн шагналтныг тодруулах комиссын бүрэлдэхүүнд ажилласан Монгол Улсын Ардын багш, доктор, профессор С.Галсан "Энэ жил олон нийт, нийгмийн төлөө сайн үйлсийг бүтээсэн олон хүн нэрээ дэвшүүлсэн. Бид С.Эрдэнэчулуун багшийн байгуулсан “Нарны хүүхдүүд” төвийг Дархан-Уул аймагт очиж нүдээрээ үзлээ. Тэнд Монголын нэг хэсэг үрс үнэхээр аз жаргалтай амьдарч байна" хэмээн хэлэв. Энэ удаагийн ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирж, энхийн төлөө сайн үйлс бүтээж буй залууст урам өглөө.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.