ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Овоотын төмөр замыг Концессын гэрээгээр барих зөвшөөрөл хүлээж байна

Д.Тулга / Эдийн засаг

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining" компани Хятадын Төмөр замын барилга байгууламжийн корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Proactiveinvestors.com цахим хуудаст мэдээлснээр, тус корпорацийн охин компани "CR20G" нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын зураг төслийг хариуцах юм байна. Дээрх чиглэлд төмөр зам барих нь Овоотын коксжих нүүрсийг экспортлоход чухал ач холбогдолтой.

"CR20G" компани нь гэрээ ёсоор төсөлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг БНХАУ болон бусад санхүүжүүлэгчээс олоход туслах юм байна. Өдгөө монгол, мозамбек зэрэг орноос бүрдсэн 20 мянган ажилтантай, олон улсын төвшинд арвин туршлага хуримтлуулжээ.

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт-Овоот-Арц суурь чиглэлийн төмөр замын царигийн хэмжээг тогтоосон гэдгийг дээрх цахим хуудаст мэдээлжээ. "Aspire Mining” компанийн ерөнхий захирал Дэвид Пол хэлэхдээ “Төмөр замыг концессийн гэрээгээр барих зөвшөөрөл хүлээж байна" гэжээ.

"Aspire Mining" нь Монгол улсын хойд бүс нутагт өөрийн хөрөнгө оруулалт бүхий Овоотын Коксжих Нүүрсний Төсөл (Овоот Төсөл)-ийг хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар тус ордод JORC стандартын дагуу 255 сая тонн коксжих нүүрсний боломжит нөөц илрээд байгаа. Овоот Төсөл нь коксжих нүүрсний нөөцөөр Монгол улсад 2 дугаарт бичигдэж буй бөгөөд цаашдын хайгуулаар нөөц нь нэмэгдэх бүрэн боломжтой.

Өнгөрсөн онд “Aspire mining” компани Овоотын ордод хайгуул явуулсан бөгөөд 74 удаагийн өрөмдлөгөөр 17.7 мянган метр өрөмдөх ёстой байсан ч 44 удаагийн өрөмдлөгөөр 9200 метр өрөмджээ. Үүний 32 цооног буюу 8.5 мянган метрт судалгаа амжилттай явагдсан дүнтэй байна. Одоогийн байдлаар Овоотын ордын 20 орчим хувьд хайгуулын өрөмдлөг хийжээ.

Хятадын төмөр замын барилга байгууламжийн корпорацийн хувьд өөрийн улсаас гадна бусад оронд авто зам, метро, гүүр, нүхэн гарц, орон сууц барьсан туршлагатай юм байна.

-ИРЭХ ГУРАВДУГААР САРД ХАЙГУУЛЫН ХОЁР ДАХЬ ШАТ ЭХЭЛНЭ-

Өнгөрсөн онд “Aspire mining” компани Монголын хойд нутгийн нүүрсний Овоотын ордод хайгуул явуулсан. 2015 онд тус газрын орчимд дахин хайгуул, судалгаа хийх төлөвлөгөөгөө гаргажээ. Тодруулбал, нийт 16.5 мянган метрийн гүн гэж төлөвлөөд буй хайгуулын хоёр дахь шат ирэх гуравдугаар сараас эхлэх аж. Үүнд нүүрс, фосфор зэргийг эрж хайх ажил багтаж буй. Судалгааны дийлэнх нь усан орчинд явагдахаараа онцлогтой. Мөн Хуримт, Зүүн дэл гэх газарт өрөмдлөг судалгаа явагдах юм байна.

Өмнө нь хоёр удаа урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан, ашиглалтын лиценз авсан, АМГ-аас ТЭЗҮ-ийн Монгол хувилбарыг баталсан учраас Овоот төслийн эцсийн ТЭЗҮ-ийг боловсруулах, бусад ажлуудыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал уг төсөл нь Ази болон баруун Европын коксжих нүүрсний зах зээлд жилдээ 12 сая тонн хүртлэх дээд зэргийн чанартай коксжих нүүрсийг нийлүүлэх боломжтой аж.

Овоот төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх нь Монголын хойд бүс дэх Овоотын ордоос Эрдэнэтийн Транс-Монголын төмөр замтай холбогдох төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалттай шууд холбоотой.

Монгол улсын хувьд ихээхэн ач холбогдол бүхий энэхүү төмөр замын дэд бүтцийн барьж байгуулах ажлыг “Aspire mining”-гийн салбар “Нортерн Рэйлвэйс” ХХК гүйцэтгэх юм байна. 2018 онд уурхайн болон төмөр замын ашиглалтыг эхлүүлэхийн тулд тус компани нь Овоот болон Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийн санхүүжилт, бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж эхэлжээ.

Эрдэнэт ба Овоот толгойн ордыг төмөр замаар холбох нь хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэхэд маш чухал нөлөө үзүүлэх тул энэ талын ажлыг онцгой анхааран ажиллаж байгаа аж. Эрдэнэт-Овоот-Арц Суурь чиглэлийн төмөр зам барих ажлыг Үндэсний Төмөр Замын Бодлогоор баталсан. Уг замыг Монгол Улсын Засгийн газраас Концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад багтаасан зэрэг нь компанийн үнэ цэнийг эрс нэмэгдүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:48

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:43:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.